Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд дараах нөхцөлөөр хамгийн бага хүүтэй зээл олгож эхэллээ

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд дараах нөхцөлөөр хамгийн бага хүүтэй зээл олгож эхэллээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 26
Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж, салбарын өсөлт эрчимжиж байна. 2026 оны гуравдугаар сарын эхний хагасын байдлаар манай улсад 101,549 жуулчин ирсэн нь хоёр жилийн өмнөх мөн үеийнхээс 140 хувиар өссөн үзүүлэлт аж. Төрөөс энэ салбарыг хөгжүүлж, дотоодын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг илүү нэмэгдүүлэхээр зорьж буй. Ингэхдээ бааз, аялал жуулчлалын цогцолборуудыг зөвхөн зуны улиралд бус дөрвөн улиралд жигд ажиллах боломжийг нээнэ. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарт бизнес эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид 6.0 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатай зээлийг олгож эхэллээ.
Бага хүүтэй урт хугацаатай зээл
undefined
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулахад зориулан хөнгөлөлттэй зээлийг өмнө нь олгож байсан. Засгийн газраас 2024 онд 55 тэрбум төгрөгийн 24 сарын хугацаатай зээлийг арилжааны 12 банкаар олгож байв. Гэвч уг зээлийн шаардлага өндөр, эргэн төлөлтийн хугацаа бага байсан учраас аж ахуй нэгжүүд тэр бүрчлэн зээлд хамрагдаж чадаагүй. Нийт бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь зээл авсан байна. Харин энэ удаагийн зээлийн санхүүжилт нь 250 тэрбум төгрөг бөгөөд хугаа урт, хүү бага, шаардлага нь харьцангуй зөөлөн гэдгээрээ онцлог аж. 
Зээлийн шалгуур зөөлөрч, хамрагдах боломж нэмэгдлээ
Хөнгөлөлттэй зээлийг зочид буудал, аялал жуулчлалын цогцолбор, жуулчны бааз, автозам дагуух түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, авто тээврийн болон агаарын тээврийн хэрэгсэл гэсэн зургаан төрөлд олгоно. Тодруулбал, түр буудаллах цэг буюу Урьхан шиг газруудыг нэмэгдүүлнэ. Мөн жуулчдыг авч ирж буй агаарын тээврийн салбарт тодорхой дэмжлэг үзүүлэхээр авиа компаниудад зээл олгохоор болсон байна. тавигдаж буй шаардлага нь 2024 оныхтой харьцуулахад хэд хэдэн ялгаатай байна.
Нэгдүгээрт: Газрын шалгуур өөрчлөгдсөн байна. Өмнө нь зориулалтын газар нь өмчлөх, эзэмших газартай байх гэсэн шаардлага тавьдаг байсан бол одоо өмчлөх, эзэмших, ашиглах газартай байх гэж тусгаж өгчээ. Тусгай хамгаалалттай газар, байгалийн цогцолбор газруудад ашиглах гэрчилгээтэй байж болно гэж оруулсан нь аж ахуй нэгжүүдийн зээлд хамрагдах боломжийг илүү нэмжээ.
Хоёрдугаарт: Ажиллах хүчний шалгуур зөөлөрсөн. 2024 онд олгосон зээлийн шалгуур нь нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, хамгийн багадаа таван ажилтантай байх гэж заасан байдаг. Харин энэ удаа аялал жуулчлалын чиглэлээр нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 2 ба түүнээс дээш тооны үндсэн ажилтантай байх гэж заасан байна.
Ерөнхий шаардлагад:
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч байх
  • Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өр төлбөрийн үлдэгдэлгүй
  • Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдах бусад шаардлага
  • Зээлийн хөрөнгө  оруулалтаар бий болсон  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг даатгуулах
  • Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байх зэрэг багтаж байна.
Төрлөөс шалтгаалан хоёроос 7 тэрбум хүртэлх зээл олгоно
Эдгээр шаардлагыг хангаж буй бизнес эрхлэгчид арилжааны 10 банкнаас төрлөөс шалтгаалан 2-7.2 тэрбум хүртэлх зээлийг авах боломжтой. Үүнд:
  • Худалдаа хөгжлийн банк
  • Хас банк
  • Төрийн банк
  • Голомт банк
  • Капитрон банк
  • Богд банк
  • Тээвэр хөгжлийн банк
  • Ариг банк
  • М банк багтаж байна.
Энэ удаагийн зээл нь өмнөхтэй харьцуулахад бодит хэрэгцээнд илүү ойртсон нөхцөлтэй байна. Уг зээлийг хүртээмжтэй хүргэж чадвал аялал жуулчлалын салбарын үйлчилгээ ая тухтай, хүртээмжтэй болно. Цаашлаад улирлын хамаарал буурч, гадны жуулчдын манай улс руу ирэх хөдөлгөөн илүү өсөх боломж бүрдэх аж.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн