C витамин нь олон нийтийн дунд хамгийн танил шим тэжээлүүдийн нэг бөгөөд ханиаднаас сэргийлэх, дархлаа сайжруулах, бүр ноцтой өвчний эсрэг тэмцэхэд тустай гэж ярьдаг. Энэ витамин хүний биед зайлшгүй хэрэгтэй ч түүний ашиг тусыг ихэнхдээ буруу ойлгох эсвэл хэтрүүлэн үнэлэх нь бий. Нэмэлт бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэхээсээ өмнө дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
C витамин гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ
C витамин буюу аскорбины хүчил нь биед олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ витамин хүчтэй антиоксидант бөгөөд эсийг гэмтлээс хамгаалдаг. Мөн дархлааны үйл ажиллагааг дэмжиж, төмрийн шимэгдэлтийг сайжруулж, шарх эдгэрэхэд оролцдог.
C витамин нь коллаген үүсэхэд чухал үүрэгтэй. Коллаген нь эдийг хооронд нь барьж тогтоодог бөгөөд буйл, арьсны бүтцийн чухал хэсэг юм. C витамины хүнд дутагдал нь “цинга” (scurvy) гэх өвчин үүсгэдэг. Энэ үед коллаген хангалттай үүсэхгүй болж, эдүүд сулран, буйл шүдийг тогтоож чадахгүй унах, судас гэмтэж дотоод цус алдалт үүсэх зэрэг шинж илэрдэг.
Хүн өөрөө C витамин нийлэгжүүлж чаддаггүй тул хоол хүнсээр авах шаардлагатай. Ихэнх C витаминыг хүнсний ногоо (ойролцоогоор 40 хувь), жимс (19 хувь), жимс ногооны шүүс (29 хувь)-ээс авдаг. Химийн хувьд нэмэлт бүтээгдэхүүн дэх витамин C нь хоол хүнсэн дэх витамин C-тэй яг адил тул бие махбод ялгаж чаддаггүй.
Гэвч нэмэлт бүтээгдэхүүнд байдаггүй нэг зүйл бол эслэг, флавоноид, бусад аминдэм, эрдэс бодис болон фитохимийн нэгдлүүд юм. Эдгээр нь C витаминтай хамт ажиллаж, шимэгдэлтийг сайжруулж, давхар антиоксидант үйлчилгээ үзүүлдэг. Түүхэнд далайчид хоол хүнс хомс байдгаас болж цинга өвчнөөр өвчлөх нь элбэг байсан гэдэг. Харин тэнцвэртэй хооллодог хүмүүсийн хувьд витамин C нэмэлт хэрэглэх шаардлагагүй.
C витамин ямар өвчинд нөлөөлдөг вэ
C витаминыг дархлаа сайжруулж, ханиад томуунаас сэргийлэхэд тустай гэж өргөн ойлгодог. Гэвч судалгааны дүгнэлтүүдээс харахад өдөр бүр 200 мг буюу түүнээс дээш тунгаар уух нь ханиад хүрэх магадлалыг бууруулдаггүй болох нь тогтоогдсон. Харин тогтмол уух нь ханиадны үргэлжлэх хугацааг бага зэрэг багасгаж, 1000 мг-аас дээш тун нь шинж тэмдгийн хүндрэлийг бага зэрэг бууруулж магадлалтай аж. Гэхдээ зөвхөн ханиад эхэлсний дараа уух нь өвчний хугацаа, хүндрэлийг өөрчилдөггүй.
Судалгаагаар C витамины нэмэлт хэрэглэх нь зүрхний шигдээс, тархины харвалт, ангина зэрэг өвчний эрсдэлийг бууруулдаггүй нь тогтоогдсон. Зарим судалгаанд өдөрт 200 мг-аас дээш тун нь систол даралтыг (дээд даралт) ойролцоогоор 4 мм.муб, диастол даралтыг (доод даралт) 2 мм.муб-аар бууруулж болохыг харуулсан. Гэхдээ энэ нь маш бага өөрчлөлт бөгөөд эмчилгээний хувьд ач холбогдол багатай аж. Жишээ нь, эмийн эмчилгээ ихэвчлэн даралтыг дор хаяж 12 мм.муб-аар бууруулдаг.
Олон судалгааны үр дүнгээр C витамины нэмэлт хэрэглэх нь ходоод гэдэс, уушги, хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хавдраас сэргийлж чаддаггүй нь тогтоогдсон.
C витаминыг хэтрүүлэн хэрэглэж болох уу
Насанд хүрэгчдийн өдөрт авах зохистой хэмжээ нь 45 мг бөгөөд үүнийг нэг жижиг стакан жүржийн шүүснээс авах боломжтой. Харин дээд хязгаар нь өдөрт 2000 мг.
C витамин нь усанд уусдаг тул шээсээр гадагшилж, биед хуримтлагддаггүй. Иймээс хэт өндөр тунгаар хэрэглэх нь нэмэлт ашиг өгөхгүй, харин сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. 2000 мг-аас дээш тун нь суулгалт, дотор муухайрах, гэдэс базлах зэрэг шинж үүсгэж болно. Мөн эрэгтэйчүүдэд бөөрний чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Бөөрний архаг өвчтэй хүмүүсийн хувьд C витамин илүү асуудалтай байж болох бөгөөд бөөрний үйл ажиллагаа муу үед биед хуримтлагдаж, чулуу үүсгэх эрсдэлтэй.
C витамины нэмэлт хэрэглэх хэрэгтэй юу
Ихэнх хүмүүст C витамины нэмэлт шаардлагагүй. Та жүрж зэрэг цитрус жимс, жимсгэнэ, улаан лооль, чинжүү, брокколи, кейл зэрэг хүнснээс хангалттай авч чадна. Судалгааны нотолгоонууд C витамины нэмэлт нь ханиад, зүрхний өвчин, хавдраас сэргийлнэ гэсэн ойлголтыг дэмждэггүйг харуулдаг.