Онлайнаар нэхмэлийн хичээл зааж, өөрийн фэйсбүүк нэхмэлийн группийг ажиллуулдаг гар урлаач Ц.Цэцэгдэлгэртэй ярилцлаа. Тэрээр хобби нэгт хүмүүсээ нэгтгэсэн уг группээрээ дамжуулан зөвхөн нэхмэлийн арга техник заагаад зогсохгүй нийгэмд чиглэсэн сайн үйлсийн санаачилгыг эхлүүлсэн юм. Тэр нь аутист хүүхдүүдийг таних онцгой тэмдгийг үнэгүй нэхэж өгөх санаачилга гаргасан нь өдгөө аян болон өргөжиж, олон хүн өөр өөрийн байгаа газраасаа сэтгэл шингээн нэхэж, сайн дурын үндсэн дээр нэгдэж байна.
-Онцгой тэмдэг нэхэж, олон нийтэд түгээх санааг анх хэрхэн гаргасан бэ?
-Би өөрөө аутизмтай хүүхдийн эмээ л дээ. Манай дүү нэг өдөр надад чат явуулаад, "аутизмтай хүүхдүүд ийм онцгой тэмдэг зүүдэг юм байна" гэж хэлсэн. Ер нь аутизмтай хүүхдүүдийн ар гэрийнхний орон зайд шууд халдан “та ийм юм нэхээд хүүхдэдээ зүүлгээрэй” гэж хэлэх нь тохиромжгүй, тийм зүйл байж болохгүй шүү дээ. Тийм болохоор би дүүгийнхээ явуулсан зургийг нэхмэлийн групптээ оруулаад, аутизмтай хүүхдүүд ийм тэмдэг зүүдэг юм байна, ийм тэмдэг зүүвэл ямар вэ гэсэн утгатай пост оруулсан юм.
Миний бодол бол аутизмтай хүүхдүүдийн гэр бүлийнхэн энэ постыг хараасай, тэгээд хэрвээ хэрэгтэй бол “та нэхээд өгч болох уу, бид хүүхдэдээ зүүлгэе” гээд хүмүүс өөрсдөө холбогдоосой гэсэн санаа байсан юм. Пост орсноос хойш маш олон хүн надтай холбогдсон. Анхандаа зөвхөн гэр бүл, ойрын хүрээндээ л асуудлаа шийдэх гэсэн бодолтой оруулсан пост маань маш олон хүнд хүрч, аутизмтай хүүхдүүдийн гэр бүлийнхэн холбогдож, энэ ажил их өргөжсөн. Одоо бол олон хүний талархлыг хүлээгээд явж байгаа.
-Таны санаачилсан тэмдэгийн өнгө, бэлгэдэл ямар утга агуулгатай бол?
-Дүүгийн явуулсан зураг дээр энэ тэмдэг дөрвөлжин хэлбэртэй байсан юм. Өөр хэлбэртэй байдаг, эсэхийг тухайн үедээ сайн судалж, дахиж хараагүй. Хүмүүс сонирхож эхлээд, тэдэн ширхэг хэрэгтэй байна гээд тэмдгийг асууж эхлэхээр нь өөрөө ч бас энэ өнгөнүүд нь юуг илэрхийлдэг юм бол гэж бодоод сонирхож үзсэн. Тэгээд харахад, уг тэмдэг нь анхнаасаа паззл хэлбэртэй байдаг юм байна лээ. Би бол зүгээр л зураг харсан чигээр нь дөрвөлжин хэлбэртэйгээр нэхэж байсан.
Мөн өнгө болгон өөр өөрийн гэсэн утга илэрхийлдэг юм байна. Жишээ нь, цэнхэр өнгө нь тайван байдал, ойлголцол, мэдлэгийг илэрхийлдэг бол улаан өнгө нь эрч хүч, хүч чадал, анхаарал татах утгатай. Шар өнгө нь найдвар, эерэг байдлыг илэрхийлдэг, харин ногоон өнгө нь өсөлт, хөгжил, цаашид хөгжих боломжийг бэлгэддэг утгатай юм. Нэхэж байгаа хүмүүсийн хувьд паззл хэлбэрийг гаргана гэдэг нэлээд хэцүү ажил байдаг. Харин эсгий, савхи зэрэг материалаар гар урлал хийдэг хүмүүс энэ паззл хэлбэрийг утгаар нь гаргах боломжтой байдаг.
-Аутизмтай хүүхдүүдийг олон нийт тэр бүр таньж мэддэггүй. Ийм тэмдэг нийгмийн ойлголт, хандлагад ямар өөрчлөлт авчирна гэж та харж байна вэ?
-Олон нийт аутизмтай хүүхдийг тэр бүр таньж мэдэхгүй шүү дээ. Энгийн нүдээр харахад яг энгийн хүүхдээс ялгаж бараг л чадахгүй. Олон нийтийн газар явах үед аутизмтай хүүхдүүд бачимдах, уурлах, онцгой хөдөлгөөн хийх, өөрөөр авирлах үе байдаг. Түүнийг энгийн хүн харахаараа эрхээрээ хатсан, хүмүүжилгүй хүүхэд байна гэж ойлгох нь бий. Зарим нь ойлгоод өнгөрдөг, зарим нь төвөгшөөдөг, зарим нь бүр эцэг эхэд нь “хүүхдээ дуугүй болгооч” гэдэг.
Тийм болохоор энэ тэмдэг хүүхдэд байх нь зүгээр юм гэж бодсон. Гэхдээ бүх аутизмтай хүүхдэд заавал зүүлгэх ёстой гэсэн үг биш. Аутизм өөрөө хөнгөн, хүнд янз бүрийн хэлбэртэй. Харин олон нийтийн газраар зайлшгүй явах шаардлагатай үе хүүхдэд гардаг. Хэрвээ эцэг эх нь зөвшөөрөөд, энэ тэмдгийг хүүхдийнхээ цүнхэнд ч юм уу зүүвэл бусад хүмүүс энэ тэмдгийг хараад ойлгодог байгаасай гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн.
Жишээ нь, бид “SOS” гэсэн бичгийг хараад л тусламж хэрэгтэй юм байна гэж ойлгодог шүү дээ. Мөн дөрвөн хуруугаа дээш доош хөдөлгөхөд туслаач гэсэн дохио гэдгийг хүмүүс ойлгодог. Орон нутгийн замд явахад том тэрэгнүүд дохио өгдөг, гүйцэж түрүүлж болно, болохгүй шүү гэдгийг бид тэр дохиогоор нь ойлгодог. Энэ бүгдийг бид харж ойлгодогтой адилхан, энэ тэмдгийг хүмүүс хараад “аан, энэ аутизмтай хүүхэд явж байна, тийм болохоор энэ хүүхдийн гаргаж байгаа ааш авирыг ойлгож, тэвчиж өнгөрөх хэрэгтэй юм байна” гэж ойлгодог байгаасай л гэж хүсэж байна.
-Зарим хүмүүс хүүхдэд “онцгой” гэсэн тэмдэг зүүх нь шошгололт үүсгэж магадгүй гэж болгоомжилдог. Энэ талаар таны байр суурь юу вэ?
-Манай нэхмэлийн группт нэг ээж сэтгэгдэл бичсэн байсан. Хүүхдэдээ энэ онцгой тэмдгийг зүүлгэсэн чинь зарим хүн “сэтэртэй мал биш дээ” гэж хэлсэн байсан. Ийм ухамсаргүй байж болохгүй. Энэ бол ямар нэгэн шошгололт үүсгэх гэсэн зүйл биш. Тусгай хэрэгцээт хүүхдүүд хэзээ ч асран хамгаалагчгүйгээр ганцаараа явдаггүй, үргэлж хэн нэгэнтэй хамт байдаг учраас эрсдэл үүсэхгүй. Хамгийн гол нь бусад хүмүүс энэ тэмдгийг хараад ойлгодог байгаасай, тухайн хүүхдийг буруу ойлгож, эцэг эхэд нь дарамт учруулахгүй байгаасай л гэж хүсэж байгаа юм. Тиймээс энэ тэмдгийг таниулж, олон нийтэд ойлгуулж, түгээхийг л зорьж байна.
-Энэ санаачилга хэрэгжвэл цэцэрлэг, сургууль, олон нийтийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах боломжтой гэж та харж байгаа вэ?
-Анх пост тавигдсаны дараа 52-р сургуулийн нийгмийн ажилтан надтай холбогдсон. Хүүхдүүддээ энэ тэмдгийг яаж нэхэхийг заалгуулж, тэгээд ойр орчмын сургууль, цэцэрлэгүүдэд тарааж өгье гэж ярилцсан. Одоо 52-р сургуулийн 10-р ангийн охид тэмдгийг нэхээд эхэлсэн байгаа. Манай нэхмэлийн группт нэхэж чаддаг хүмүүс олон бий. Гэхдээ нэхэж чаддаггүй хүмүүст зориулан яаж нэхэх заавар бичлэг оруулсан. Тэгээд манай группийн нэхдэг хүмүүс “би Шархаданд байдаг, ийм тэмдэг хэрэгтэй хүүхдүүд байвал надтай холбогдоорой”, “би Архангайд байна”, “би Хөвсгөлд байна” гэх мэтээр өөр өөрийн байгаа газраасаа нэгдээд, онцгой тэмдгийг үнэгүй нэхэж өгч байгаа.
Намайг бага байхад хөдөлмөрийн хичээл гэж ордог байсан. Одоо ямар нэртэй болсныг сайн мэдэхгүй байна. Тэр хичээлийн багш нар энэ тэмдгийг нэхэж сураад, сурагч нартаа заагаад өгвөл энэ тэмдэг маш хурдан түгэх боломжтой гэж бодож байгаа.
-Олон нийтийн газар онцгой хэрэгцээтэй хүүхэдтэй таарсан үед хүмүүс ямар хандлага, соёлтой байх ёстой гэж та боддог вэ?
-Энэ тэмдгийг хүүхдэдээ зүүлгэх сонирхолтой эцэг эх олон бий. Мөн манай хүүхдэд хэрэггүй, манай хүүхэд хөнгөн хэлбэрийнх гэж боддог эцэг эх ч байдаг. Ер нь олон нийтийн газар ийм тэмдэгтэй хүүхэд ч бай, тэмдэггүй хүүхэд ч бай, онцгой авир гаргаж байвал хүмүүс кино үзэж байгаа юм шиг харж болохгүй. Түвэгшээж, цоо ширтэх нь ар гэрийнхэнд нь маш хүндээр тусдаг. Ар гэрийнхэн нь энэ хүн муухай харж байна, энэ хүн тэгж хэллээ гэж бүхнийг анзаарч байдаг ба сэтгэлзүйд нь маш хүндээр нөлөөлдөг юм.
-Ирээдүйд энэ санаачилгыг илүү өргөжүүлж, нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд хийхээр төлөвлөсөн ажил байгаа юу?
-Оны өмнө нэхдэг охидуудтайгаа нийлээд гарын бяцхан бэлэг бэлдэж, талбай дээр тарааж байлаа. Унаанд хүртэл тавьж өгч байсан. Бид 20-иулаа маш завгүй ажиллаж, санаачилсан ажлынхаа ард гарсан. Тухайн үед хүмүүсийн баярыг хуваалцаж байлаа. Энэ удаад ч мөн онцгой тэмдэг нэхэх аянд маш олон хүн оролцож байна. Аутизмтай хүүхдүүд хоёр жилийн өмнө бараг 3000 хүүхэд оношлогдсон байсан. Гэтэл төрөөс эдгээр хүүхдүүдэд зориулсан судалгаа огт байгаагүй. Одоо энэ тоо улам өссөн байна. Анх оруулсан пост маань одоо аяны хэмжээнд хүрч, гараа хумхиад сууж болохгүй гэдгээ ойлгосон. Гэхдээ ганцаараа бол би чадахгүй, бүгд хамтдаа нийлж туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Мөн аутизмын төв нь энэ тэмдгийг төмрөн пин маягаар худалдаалдаг юм байна лээ. Нэгийг нь 15 мянган төгрөгөөр зарж, бүх орлого нь аутист хүүхдүүдэд зориулсан судалгаа, шинжилгээний ажилд зориулагддаг. Манай нэхмэлийн групп руу орвол “Аутист хүүхдүүдэд онцгой тэмдэг нэхэж өгөх хүмүүс энд байна” гэсэн постыг харж болно. Манай группийн нэхдэг хүмүүс өөрсдийн байршлыг бичиж, үнэгүй нэхэж өгч байгаа юм.