Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
Нийтэлсэн 2 минутын өмнө
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр нь сүрьеэ өвчний талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний ач холбогдлыг сурталчлах зорилготой юм. Энэхүү өдрийг 1882 оны гуравдугаар сарын 24-нд сүрьеэгийн үүсгэгч нянг нээсэн эрдэмтэн Роберт Кохын нээлтийг дурсаж тэмдэглэдэг байна.
Сүрьеэ нь өнөөдөр дэлхий дахинд хамгийн олон хүний амь насыг авч оддог халдварт өвчний нэг хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2024 онд дэлхий даяар 10.7 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.23 сая хүн нас барсан нь сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байгааг харуулж байна.
Сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, ихэвчлэн уушгийг гэмтээдэг боловч бусад эрхтнийг ч мөн өвчлүүлэх боломжтой халдварт өвчин юм. Дэлхийн хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь сүрьеэгийн нянгийн халдвартай боловч тэдний цөөн хувь нь идэвхтэй өвчин болж илэрдэг байна. Харин эмчилгээ хийлгэхгүй удвал амь насанд аюултай юм.
Монгол Улсын нөхцөл байдал
Монгол Улсад сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. 2025 оны байдлаар улсын хэмжээнд сүрьеэгийн нийт 2851 тохиолдол бүртгэгдсэнээс:
  • Хүүхдийн сүрьеэ – 165 тохиолдол
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ – 129 тохиолдол
  • Сүрьеэгийн шалтгаант нас баралт – 182 тохиолдол бүртгэгдсэн байна.
Сүрьеэ нь урьдчилан сэргийлэх боломжтой, бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд хамгийн чухал нь эрт оношлуулж, эмчилгээг тасралтгүй хийлгэх явдал юм. Дэлхий нийтээр 2000 оноос хойш сүрьеэтэй тэмцэх арга хэмжээний үр дүнд 80 гаруй сая хүний амь насыг авран хамгаалсан байна. Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд зөвхөн эрүүл мэндийн байгууллага бус иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр сүрьеэ өвчний талаарх мэдлэгтэй байж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах нь энэ өвчнийг бууруулах хамгийн чухал алхам юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн