Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах гол ажил гэгдэж буй Туулын хурдны замын ажил энэ сарын 15-нд албан ёсоор эхэллээ. Энэхүү зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх бөгөөд, зургаан эгнээ байна. Нийт 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар,13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай тунель барихаар төлөвлөжээ. Төслийг хэрэгжүүлэгчид уг зам баригдсанаар хотын түгжрэлийг 30 орчим хувиар бууруулна гэж үзэж байна. Энэхүү ажил эхэлснээс хойш уг бүтээн байгуулалтын байгальд орчинд үзүүлэх нөлөө, төсөвт өртөг зэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж, мөн эсэргүүцэлтэй тулж байна.
Голын голдрил дагуу зам барих нь эрсдэл дагуулна
Туулын хурдны замыг түгжрэл бууруулах томоохон бүтээн байгуулалт гэж харахаасаа өмнө байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх талаар авч үзэх зайлшгүй шаардлагатай. Туул гол бол нийслэл хотын гол ундны усны эх үүсвэр. Тиймээс энэ голын усны чанарыг хадгалах, байгаль орчныг хамгаалах нь нэн чухал. Уг барилгын ажлыг эхлүүлэхээс өмнө байгаль орчны үнэлгээ хийхэд дунд зэргийн нөлөөтэй гэж гарсан. Төслийнхний зүгээс голын экосистемийг алдагдуулахгүй, ундны усны эх үүсвэрийг хөндөхгүйгээр барилгын ажлыг хийнэ гэж гэж танилцуулж буй. Харин судлаачид Туул голын голдрил дагуу хурдны зам барих нь экосистемд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй анхааруулж байна.
ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш, усны барилга байгууламжийн инженерчлэлийн доктор Б.Аюурзана: Олон улсын практикт гол мөрнийг ихэвчлэн хөндлөн огтолж гүүр гаргадаг. Харин голын голдрил дагуу, тэр дундаа голын урсгал дунд зам барьсан жишээ ховор. Олон нийтийн хэрэгслээр усан сан дээр зам барьсан зарим жишээг харуулаад, болдог гэсэн ойлголтыг төрүүлж байна. Туул гол бол эх газрын эрс тэс уур амьсгалтай, экосистем бүхий байгалийн гол учраас үүнтэй адилтгах боломжгүй. Усны инженерчлэл талаас үзэхэд эвэртэй туулай харж буй мэт нөхцөл байна. Хурдны замыг далан дагуу барьж болно. Гэхдээ голын голдрил дунд барьж болохгүй. Мэдээж зам барилаа гээд гол бүрэн тасарч, байхгүй болохгүй. Гэхдээ голын экосистем доройтож, усны чанар муудна. Нэг үгээр ус амьдралыг тэтгэх боломжгүй болно. Ер нь гол мөрөн өөрийн байгалийн жамаар голдрилоо өөрчилж, түүнд нь татмын экосистем зохицон хөгжиж байдаг. Хүний оролцоотой механик өөрчлөлт хийснээр энэ тэнцвэр алдагдаж, урт хугацаандаа сөрөг үр дагавар үүсгэнэ. Зам баригдсаны дараа голдрил өөрчлөгдсөний нөлөөгөөр голын зарим хэсэг нь маш гүнзгий, нөгөө хэсэгт нь хөрс, лаг хуримталагдана. Энэ нь гүүрнүүдийн хэвийн ажиллагаа, тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй.
Усны тухай хуульд голын онцгой хамгаалалтын бүсийг 50 метр байхаар тогтоож, тухайн бүсэд барилга байгууламж барихыг хориглодог. Гэвч уг заалтад өнгөрсөн онд өөрчлөлт оруулж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн зориулалттай дэд бүтцийн байгууламж барих боломжтой гэж заасан. Мөн хуульд заасны дагуу Туулын ай сав газраар дамжиж буй гүүрэн байгууламж ундны усанд хэрхэн нөлөөлөх, усны урсац, үерийн эрсдэл нэмэгдэл эсэхэд дүгнэлт гаргах ёстой ч гаргуулаагүй байгаа гэхчлэн байгаль орчны нөлөөлтэй холбоотой асуудал үргэлжилж байна.
Нэг км-ийн өртөг нь 14.7-130 тэрбум
Туулын хурдны замын нийт төсөвт өртөг нь 2.3 их наяд төгрөг бөгөөд үүний 207 тэрбум төгрөгийг НӨАТ-ын татварт, гүүрэн байгууламжид 1.3 их наяд төгрөг, автозамын барилгын ажилд 581 тэрбум төгрөгийг зарцуулна. Тэгвэл энэхүү төсөвт өртөг, тэр дундаа нэг км замыг 14.7 тэрбум төгрөгөөр барьж буй нь хэр үндэслэлтэй вэ гэх асуулт ч анхаарлын төвд байна.
Олон улсын жишээнээс харахад, хурдны зам барих өртөг нь газарзүй, инженерчлэлийн шийдэл, эдийн засгийн түвшнээс хамааран эрс ялгаатай байна. Тодруулбал, харьцангуй тэгш, хөдөө орон нутгийн бүсэд нэг км хурдны зам барихад дунджаар 3-10 сая ам.доллар шаардлагатай. Харин хот суурин газар эсвэл инженерчлэлийн нарийн шийдэл шаардсан илүү төвөгтэй нөхцөлд энэ өртөг 8-25 сая ам.доллар болдог. Судлаачдын үзэж буйгаар төсөвт өртгийг харьцуулахын тулд эдийн засгийн түвшин, газар зүйн байршил, хөдөлмөрийн нөхцөл зэрэг нь ижил, ойролцоо байх тусам илүү бодит дүгнэлт гарах боломжтой аж. Тиймээс Европын оронтой бус, манай улстай газарзүйн байрлал, эдийн засгийн бүтцээрээ ойролцоо Төв Азийн Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикистан зэрэг орнуудын жишээг авч үзье. Казахстан улсын ихэнх нутаг тал хээр тул хурдны зам барих инженерийн хүндрэл харьцангуй бага байдаг. Ийм нөхцөлд нэг км зам барих өртөг 2–5 сая ам.доллар, харин олон улсын коридор, өндөр зэрэглэлийн замын хувьд 4–8 сая ам.доллар хүрнэ.
Узбекистанд мөн төстэй дүр зураг ажиглагддаг бөгөөд нэг км хурдны зам барих өртөг 2–6 сая ам.доллар, сайжруулсан замын хувьд 5–8 сая ам.доллар орчим болдог аж. Харин Киргизстанд уулын замын өртөг 5–15 сая ам.доллар/км, туннель, хамгаалалтын байгууламж орсон тохиолдолд 20 сая ам.доллароос дээш болдог байна. Тажикистанд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд энгийн уулын зам 6–12 сая ам.доллар/км, харин томоохон туннель бүхий төслүүд 20–40 сая ам.доллар буюу түүнээс дээш хүрдэг аж.
Туулын хурдны замын нэг км-ийн өртөг өндөр харагдаж байгаа нь зургаан эгнээ, олон түвшний уулзвар, гүүр, туннель, үерийн хамгаалалттай иж бүрэн коридоор хийж байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна.
Нийслэлийн замын хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр, Авто зам нь далангийн өндөр, хөрсний нөхцөл зэрэг тоо хэмжээнээсээ шалтгаалан төсөвт өртөг харилцан адилгүй байдаг. Туулын хурдны замын хүрээнд газрын хөрсөнд нийт 18 см зузаан бетон хучилт буюу асфальт хийнэ. Мөн зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай үерийн далантай хурдны зам учраас ийм өртөг гарж байгаа.Гүүрэн дээр жишээ авахад, манайд одоо баригдаж буй гүүрнүүдийн жишиг ханшны нэг метр нь 190-200 сая төгрөг. Нэг км гүүр 190-200 тэрбум төгрөг болдог. Олимпын гүүр гэхэд дөрвөн эгнээтэй, олон түвшний орц гарц, огтлолцолтой учраас нэг км нь 200 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан. Харин Туулын хурдны замын гүүрэн байгууламж нэг км нь 130 тэрбум төгрөгөөр баригдах бөгөөд хамгийн бага үнийн саналаар хийгдэж байна” гэв.
Уг замын төсөвт өртөг нь бүтээн байгуулалтын ач холбогдолтой дүйцэж буйг албаныхан хэлж байна. Туулын хурдны замыг улс болон нийслэлийн төсвөөс санхүүжүүлж байгаа бөгөөд зарцуулж буй хөрөнгө нь иргэн бүрийн татварын мөнгө юм. Иймээс санхүүжилт, төсөв зарцуулалт ил тод, үр ашигтай хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих нь чухал байна.