Төрийн банкны Бизнес инкубатор төв нь Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай хамтран өрхийн болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Өрхийн бизнесээс стартап руу” хөтөлбөрийг эхлүүллээ. Энэхүү сургалт хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 24-нд амжилттай зохион байгууллаа.
Тус хөтөлбөр нь бизнесийг зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчийн үнэ цэн, стратеги, бизнесийн загвар, технологид суурилсан, өрсөлдөх чадвартай стартап хэлбэрт хөгжүүлэхэд чиглэх юм. Нээлтэд 100 орчим бизнес эрхлэгч оролцож, бизнесийн архитектур, инновац, дижитал шилжилт, санхүүжилтийн боломжийн талаар мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн сонгогдсон 40 бизнес эрхлэгчийг 21 хоногийн цогц сургалтад хамруулж, бизнесийн загвар, стратеги, санхүү, дижитал маркетинг, технологи, оюуны өмчийн чиглэлээр онол, практик хосолсон мэдлэг олгох юм.
Төрийн банк нь бизнес эрхлэгчид, хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг дэмжих чиглэлээр Монгол Улсын Их сургуультай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэн ажиллаж байна.

Төрийн банкны Зээлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Одмаа: Энэхүү форумд өнөөдөр бизнесийн системийн автоматжуулалт, хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг салбарын мэргэжилтнүүд ирж, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, бизнес эрхлэгчидтэй ярилцаж, харилцан суралцах боломжийг бүрдүүлж байна. Эндээс сонгогдсон 40 бизнес эрхлэгч 21 хоногийн сургалтын цогц хөтөлбөрт хамрагдах бөгөөд уг хөтөлбөрийг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн парк болон МУИС-ийн эрдэмтэн багш нар зааж, бизнесээ хэрхэн илүү системтэй, инновацад суурилсан байдлаар хөгжүүлэх арга замыг зааж өгнө. Энэ хөтөлбөрийн нэг чухал ач холбогдол нь оролцогч бизнес эрхлэгчдийг зөвхөн сургалтаар дэмжихээс гадна, цаашид гарааны бизнесийн зээлд хамрагдах боломжийг нээж өгч байгаад оршиж байгаа. Төрийн банк бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2700 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүжилт олгосон байна.