Ираны дайн дэлхий даяар шатахууны үнийг огцом өсгөж байна. Нөхцөл байдал хурцдах тусам улс орнууд өсөн нэмэгдэж буй зардлыг даван туулахын тулд олон төрлийн бодлогын арга хэмжээ авч байна.
Тэгвэл манай улсын шатахуун импортлогчид эхний ээлжид АИ-95, дизель түлшний үнийг нэмэгдүүлэхийг шаардаж, яаралтай Үнийн зөвлөлийн хуралдуулах шаардлага тавьж байгаа аж. Ингэхдээ дизель түлшний үнийг 1200-1500 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд өнөөдөр Үнийн зөвлөлийг хуралдуулахаар болсон байна. Ингэхдээ дизель түлшний үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд нэг дор биш гурван удаа үе шаттай нэмэхээр эхний байдлаар ярьж байгаа аж. Энэ асуудлаар Үнийн зөвлөл хуралдаж тодорхой шийдвэр гаргах юм байна.
Харин өргөн хэрэглээний АИ-92-ын үнийг 2-3 сарын дараа нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж. Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компанитай урт хугацааны гэрээтэй. Энэхүү гэрээний хүрээнд өргөн хэрэглээний АИ-92 бензинийг 705 ам.долларын тогтвортой үнээр авдаг бөгөөд сар бүр 60 мянган тонноос багагүй хэмжээгээр нийлүүлэхээр тохирсон байдаг. Гэхдээ 2-3 сарын дараагаас ОХУ тогтворжуулсан үнээр бус зах зээлийн үнээр АИ-92 шатахууныг борлуулна гэдэг байр суурь илэрхийлжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр эхэлсэн Ираны дайны улмаас ОХУ-д ч шатахууны үнэ нэмэгдэж байна. Гуравдугаар сарын байдлаар АИ-92 шатахууны биржийн дундаж үнэ зургаан хувиас дээш өсжээ. Бензиний дундаж үнэ литр тутамд 66.88 рубль буюу 2800 орчим төгрөг, дизель түлш литр тутамд 77.14 рубль буюу 3250 орчим төгрөгийн үнэтэй болсон байна. Харин АИ-92 бензиний биржийн үнэ тонн тутамд 64,000 рубль давсан байна.
Монгол Улс дотооддоо шатахуун боловсруулах үйлдвэргүй учраас газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг. Импортын дийлэнх буюу 97 хувийг ОХУ-аас авч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахуун 85.5 мянган тонн буюу 40 хоног, дизель түлш 107.3 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй байна.
Харин АИ-95 бензиний нөөц 60 гаруй хоногийн энгийн хэрэглээг хангах хэмжээнд байгаа. Дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалж шатахуун, дизель түлшний үнэ нэмэгдэх нь.