Open iToim app
Анализ | 13 мин уншина

Хэрвээ би айх юм бол хэн миний нутгийг хамгаалах юм бэ

Хэрвээ би айх юм бол хэн миний нутгийг хамгаалах юм бэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 23
“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд бүтээлээ ирүүлсэн Honh.mn сайтын сэтгүүлч Т.Баярмаа нийтлэлийг хүлээн авч уншина уу.
•     •     •
“Торойгоод угтдаг Тост, Тосон бумбын нуруу маань тоосон дундаас харагдахгүй боллоо доо” хэмээн нүднийхээ аяганд дүүрээд ирсэн нулимсаа нэг гараараа шудран арчиж, нүүрсний уурхайгаас нүүгэлтсэн хар тоос хөшиглөн буйг харж зогсонгоо халаглан харамсч буй энэ хүнийг Л.Сүрэнхүү гэдэг. Өлгийтэй нялхаасаа өтлөх насаа хүртэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумандаа амьдарч, ажиллаж яваа эгэл нэгэн монгол эмэгтэй. Ажил, амьдралын зам мөрөө хөөн ажин түжин амьдарч байтал тоглож наадаж өссөн Тост, Тосон бумбын нуруунд нь уул уурхайн ашигт малтмалын лицензийг 10 гаруй компани авч, улмаар ухаж төнхөөд эхэлсэн нь Л.Сүрэнхүүгийн сэтгэл зүрхийг сэлмээр сийчиж буй мэт санагджээ. Тост, Тосон бумбын нуруундаа эмэг эхийнхээ хамт ишиг борлонгоо хариулж, их хайрханыхаа энгэр ээвэр бэлд нь хүүхэд ахуй насаа хөөр баяртайгаар үджээ. Навчис бүр нь нарнаас халхалдаг хайлаас модныхоо сүүдэртээ халууцах бүртээ очиж сэрүүцдэг байсан Хайлаастын аманд нь өдгөө хатаж, өгөрч унасан хэдэн хожуул төдий үлдэж, хамаг амьтны амны цангааг тайлдаг байсан гол нь ширгэж, хуурай сайрын хатуу ором үргэлжилнэ. Хар багаасаа тоглож наадаж өссөн нутаг нь хариуцлагагүй уул уурхайн балгаар ургах өвсгүй, урсах усгүй, улаан тоосоороо эргэлдсэн газар болжээ.
Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Тост, Бумба, Шарга морьт, Шариг, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө Шугшаа гэх мэт ярих төдийд л яруу найргийн шад мэт сонсогдох, харах төдийд л хүний сэтгэлийг хөвсөлзүүлсэн сүрлэг сайхан уулстай, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Хулангийн хөндий, Шаригийн ганга гэх мэт хүн, мал нь байтугай хулан, зээр нь эцдэг хэдэн арван бээр үргэлжилсэн хөндий сайхан хоолойнуудтай, Хөвд, Хуршуут, Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Хайлааст, Ногоон чулуу, Нарийн сухайтын шанд, Задгай гашуун, Зүүн хөв, Хуруун ус, Хөх толгой гээд тагнай ташсан цэнгэг устай булаг шанд, баян бүрдтэй, аргаль янгираа гэрийнхээ гаднаас л харж баясдаг, хулан зээрийн сүрэг нь тоолж барамгүй үерлэн давхидаг, ирвэс, цоохондой нь ижлээрээ явж харагддаг, зэрлэг гахай зэгсэн дундаас гарч зугтдаг байсан ийм л сайхан нутгаа ухаж төнхүүлж байгааг хараад, сонсоод байхыг тэрээр төвдсөнгүй. Хорин жил ажилласан нягтлан бодогчийн ажлаа нэг л өдөр хүлээлгэж өгөөд уугуул нутаг, ус голынхоо төлөө тэмцэж эхэлснээр Л.Сүрэнхүү байгаль орчны төлөөх дуусашгүй, дундаршгүй шинэ амьдралдаа хөл тавьжээ.
Монгол Улсын шүүхийн практикт 38 удаа болж байсан шүүх хурал үгүй аж. Манай улсын шүүхийн явц маш удаан бөгөөд ихэнх хохирогч шүүхийн үргэлжилсэн урт хугацаанаас болоод эцсийн зорилгодоо хүрч чаддаггүй. Харин Л.Сүрэнхүү энэ бүхнээс шантарсангүй. Тэтгэврийн мөнгөө бүтэн жилээр нь зээлээд өмгөөлөгчийнхөө хөлсөнд өгчихсөн тэрээр Тост, Тосон бумбынхаа бэлд Хуршуутынхаа баян бүрдийг түшиглэн тарьдаг төмс, хүнсний ногоогоо зарж борлуулан, ойр зуурын амьжиргаагаа залгуулдаг байжээ. Хаа байгаа 1000 км-ийн цаанаас шүүх хурал зарлагдангуут өөрийн биеэр зорьж ирнэ. Хүүхдүүдээсээ ээлжлэн, замын зардлаа гуйж нэг авна, зээлж нэг авна. Тост, Тосонбумбынхаа нурууг хамгаалж үлдэхээр явж буй тэмцэлд нь тав арван төгрөг илүүчлэх нутаг орны нинжин сэтгэлтэй хүмүүс ч бас байжээ. “Тост, Тосонбумбын нуруугаа хамгаалах тэмцэл маань өнөөг хүртэл зогсоогүй гол шалтгаан бол нутаг усаа хамгаалахаар нэгдсэн хүмүүсийн итгэл найдвар байсан даа”  хэмээн тэрээр даруухнаар өгүүлнэ. Анх хорь, гучуулаа хоёр, гурван машинд суугаад хот хүрээнд ирж, шүүх хуралдаа оролцдог байсан ч цагийн шүүлтүүрээр цөөрсөөр сүүлдээ ганцаараа ирдэг болжээ. Улаанбаатар-Гурвантэс сумынхаа хооронд ирэх, очихын 2000 км замыг шүүх хуралд оролцохоор 38 удаа нааш цаашаа явсан ч харамсалтай нь тэрээр шүүхийн шийдвэрээр ялагджээ. Гэвч шүүхийн шийдвэрт ялагдлаа гээд тэмцлээ зогсоосонгүй. Таван удаа хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд үнэн бодит байдлыг илчилснээр төр, засгийн хэмжээнд дуу хоолойгоо хүргэж чадав. 2002 онд байгаль хамгаалах нөхөрлөлөө байгуулж, тэмцэж эхэлснээр бүхэл бүтэн найман жилийн дараа үр дүнд хүрч, 2010 онд Өмнөговь аймгийн ИТХ-аас Тост, Тосон бумбын нурууны 668912 га талбайг байгалийн нөөц газрын хамгаалалтанд авсан бол тухайн ондоо Гурвантэс сумын ИТХ-аас дахин 10 орчим мянган га-г нэмж, 671180 га талбайгаар хилийг заагийг тогтоожээ.
undefined
Хэдийгээр энэ шийдвэр нь байгаль хамгаалагчдын тэмцлийн үр дүнд бий болсон ч тэдний хувьд хангалтгүй байлаа. Учир нь зөвхөн Тост, Тосонбумбын нурууны хэсгийг л байгалийн нөөц газрын хамгаалалтанд авсан байв. Гэтэл тус нуруунд амьдардаг хулан, зээр, хар сүүлт төдийгүй аргаль, янгир, ирвэс зэрэг нь зөвхөн ууландаа амьдрах бус ус уухаар бэлд орших баян бүрд, булаг шандыг зорьж ирдэг аж. Мөн идэш тэжээлээ хайх, орооны улирлын үед дор хаяж 70-80 км газар, цаашлаад бүр өөр аймаг сумын нутаг дэвсгэр рүү шилжин нүүдэллэдэг учир уулын бэлийн газрыг ч улсын хамгаалалтад авах шаардлагатай байжээ. Иймд Л.Сүрэнхүү тэмцлээ зогсоосонгүй, “Тэсийн ирээдүй” ТББ-аа байгуулж, төрийн байгууллагууд руу бичиг цаас илгээж, биеэр очиж уулзсанаар 2019 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоол гаргаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг 153482,37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540,37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоожээ. Энэхүү талбайг улсын хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 896540,47 га газарт буюу бүхэлд нь ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.  
Ийнхүү хорь гаруй жил хугарч нугаралгүй тэмцсэнээр өсч төрсөн өлзий хишгээ хайрласан Тост, Тосон бумбын нуруугаа байгалийн нөөц газраар баталгаажуулж чадсан жинхэнэ эх оронч Л.Сүрэнхүү дараагийн тэмцлээ эхлүүлжээ. Хэдийгээр байгалийн нөөц газраар улс хамгаалалтад авсан ч тухайн газрыг хариуцсан захиргаа байгуулах эсэх нь орон нутгийн мэдлийн асуудал болдог аж. Харин энэ хүртэл явсан Л.Сүрэнхүү уул усныхаа “эзэн” болсон ан, амьтан, ургамлаа хайрлаж, хамгаалах хариуцлагатай эзэнтэй болгохоор зүтгэснээр Өмнөговь аймгийн ИТХ-аас тогтоол гарч, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг 2020 онд байгуулжээ. Ингээд тус захиргаанаас Тост, Тосон бумбын нурууны ойр орчимд нутагладаг малчидтай хариуцлагын гэрээ байгуулж, байгаль хамгаалагчийн сургалтанд сургаж, малаа маллахын зэрэгцээ байгалиа хамгаалах ажилтай, орлоготой болгожээ. Өдгөө Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа нь 9 байгаль хамгаалагч, 8 аж ахуйн ажилтан гээд нийт 17 ажлын байртай товхийсэн байгууллага болжээ. Тэд өдгөө жил бүр аргаль, янгир, ирвэсээ тоолж, идэш тэжээл, амьдрах орчны судалгааг нь хийдэг байна. Тост, Тосон бумбын нуруу нь дэлхийд ховордож буй цоохор ирвэсийн гол түшиц нутаг бөгөөд Ирвэс хамгаалах сангийн суурин судалгааны төв байгуулагдаж, судалгаа, шинжилгээний ажлаа хийдэг аж.
Б.Арми
Б.Арми
Байгаль хамгаалагч Б.Армийн хэлснээр, уул уурхайн нөлөөллөөс болоод ус ховордсон учир зэрлэг ан амьтны сүргийн бүтцэд өөрчлөлт орсон нь түүнд хамгийн харамсалтай санагддаг аж. Түүнийг хүүхэд байхад гэрийнх нь хаяагаар аргаль, янгир, хулан, зээр, хар сүүлт хонь ямаатай нь хамтдаа бэлчдэг байжээ. Тэрээр насаараа мал малласан бөгөөд уул уурхайн нөлөөллөөс болж, байгаль экологид өөрчлөлт орж байгааг хараад сэтгэл нь төвдсөнгүй, өөрийн хүсэл зоригоор Аргаль янгир хамгаалах сан байгуулжээ. Түүгээрээ дамжуулан Тост, Тосон бумбын нурууныхаа аргаль янгирт өвс тэжээл дөхүүлж өгөх, уст цэг байгуулах гэх мэтчилэн өөрийн чадал чинээгээр амьтан ургамлаа хамгаалж ирсэн байна. Гэтэл түүний хүслийг бурхан сонссон гэлтэй Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авч, улмаар газар хэмжээг нь томсгож, хилийн заагийг нь шинэчлэн Тост, Тосонбумбын нурууны байгалийн нөөц газрын захиргаа байгуулагдахад өөрийн хүсэлтээр хамгийн түрүүн орсон байгаль хамгаалагч нарын нэг болжээ.  Гэвч хууль, журмын хувьд эх нутгийг нь эмхэлж цэгцэлсэн ч хариуцлагагүй уул уурхайн улмаас үүссэн цаг уурын өөрчлөлт тийм амар арилахгүй байгаад тэрээр санаа зовж явдгаа өгүүллээ. 
Цаг уурын өөрчлөлт болон уул уурхайн нөлөөллөөс болоод Тост, Тосон бумбын нуруунд дусал бороо ороогүй таван жил болж байжээ. Ийнхүү таван жил үргэлжилсэн гангийн улмаас аргаль, янгир харангадаж үхсэн харамсалтай тохиолдол хүртэл гарчээ. Тост, Тосон бумбын нурууны бэлд орших  зэрлэг ан амьтны гол ундаалдаг байсан 18 гол горхи, булаг шанд хариуцлагагүй уул уурхайн компанийн харалган байдлаас болж хатаж ширгэсэн учир ийнхүү харангадаж хорогдоход хүрсэн байна. Харин байгаль хамгааллын зүтгэлтнүүдийн тэмцлийн үр дүнд бий болсон Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаатай болсноор, зэрлэг ан амьтдад зориулсан хөв цөөрөм, уст цэг, идэш тэжээлийн сав байгуулснаар сүүлийн гурван жилийн турш харангадаж хорогдсон тохиолдол гараагүй төдийгүй энэ жилийн тооллогоор аргаль, янгирын тоо өсч буй сайн мэдээ нь сэтгэл баясгав. 2025 оны аргал янгирын тооллогоор Ирвэс хамгаалах сан болон Тост Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын захиргааны байгаль хамгаалагчид тус нурууг хамарсан нийт 466 км-ийн зайг туулж 361 янгир, 137 аргалийг шууд ажиглалтаар тоолжээ. “Эр, эмийн хүйсийн харьцаа, залуу бодгалийн эзлэх хувь зэрэг нөхөн үржихүй, нөхөн төлжилт нь 2020 оноос хойш буурч байгаад эргээд нэмэгдэж байгаа нь энэ популяци буцаад сэргэх боломж байгааг харуулж байна, өсөлт бууралт жил бүр хэлбэлзэж байгаа ч сүрэг доторх залуу бодгаль олон байгаа нь цаашид аргаль, янгирын тоо өсөх боломжтой гэсэн үг. Зэрлэг ан амьтдын тоо толгой өсөхөд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүмүүс бол манай байгаль хамгаалагчид. Байгаль хамгаалагчдын ихэнх нь тухайн газар нутагтаа олон жил амьдарсан, нутаг орноо сайн мэддэг малчид байдаг. Эдгээр хүмүүс маань газар нутгийнхаа онцлог болон говийн мал, зэрлэг ан амьтдаа ч сайн мэдэх учир ажлаа маш сайн хийдэг. Хэдийгээр байгаль хамгаалах тухай хууль журмууд нь олон байдаг ч байгаль хамгаалагч нарыг маань хамгаалах хууль жаахан дутмаг. Тухайлбал,  уул уурхайн компаниуд байгаль орчинд хохирол учруулахад төлөх заалт бий ч байгаль хамгаалагчдыг маань хамгаалахад учир дутагдалтай. Гэтэл хүчтэй машин хүлэглэж, хурдан буу мөрлөсөн хулгайн анчидтай хамгийн түрүүнд нүүр тулдаг хүмүүс бол байгаль хамгаалагчид байдаг. Эх орон, эх нутгийнхаа төлөө тэмцэж байдаг жинхэнэ эх оронч чимээгүй баатрууд маань манай байгаль хамгаалагчид байдаг” хэмээн тус байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядаг ярилаа өгүүлэв. Хяналтын камеруудыг  нэлээд хэдэн газар суурилуулснаар ховор ан амьтдынхаа зураг, дүрс бичлэгийг баталгаажуулдаг болжээ. Ингэснээр өмнө жилүүдэд мэр сэр гардаг байсан ховор ан амьтныг агнадаг хулгайн анчдын үйлдлийг ч бүрмөсөн таслан зогсоож чадсан байна. Гэвч тэдний ажил үүгээр зогссонгүй. Хилийн шугам дагуу хавтгай, мазаалай цөөнгүй үзэгдэх болсон бөгөөд Улаан номонд орсон энэ хоёр амьтныг хамгаалахын төлөө тэд эзэмшил газраа томсгох шаардлагатай болжээ. Тост, Тосонбумбын нурууны  өвөр бэлээс урагш ердөө 15 км-т БНХАУ-ын хил байдаг бөгөөд хилийн шугам дагуу амьдардаг мазаалай, хавтгайн хувьд хил давчихвал эргээд өсч төрсөн нутагтаа эргэж ирэх боломжгүй болдог аж. Иймд өнөөдрийн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын зэрэглэлээ ахиулж, Тост, Тосон бумбын нурууны байгалийн цогцолбор газар болгох хүсэлтээ төр засгийнханд уламжиллаа.
Э.Сэржмядаг
Э.Сэржмядаг
Одоогийн эзэмшиж байгаа талбайгаа нэмж, хилийн шугам хүртэлх 243 000 гаруй га талбайг байгалийн цогцолбор газартаа багтаан оруулах нь идэш тэжээлээ хайн олон арван км газар бэлчдэг зэрлэг ан амьтдын бэлчих таатай орчныг бүрдүүлнэ хэмээн Тост, Тосонбумбын байгалийн нөөц газрын захиргааны дарга Э.Сэржмядаг онцолж байна. Өдгөө Тост, Тосонбумбын нурууны урд хэсгээр нүүрс олборлодог дөрвөн компани үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд тэдний техинк хэрэгслийн нүргээн ихтэй дуу чимээ, нүүрсний тээврийн том машинаас зэрлэг ан амьтад үргэж дайжсаар байгаа нь амьтдын үржих, амьдрах орчинд аюул учруулсаар байгаа аж. Хамги йн харамсалтай нь эдгээр компаниуд  “Алтыг нь аваад авдрыг нь хаяв” гэгчээр ашигт малтмалаа ухчихаад ямар ч нөхөн сэргээлт хийхгүй хаяж явдаг байна. Ухаад орхисон нүхэнд нь мал амьтан унаж үхсэн тохиолдол ч бий. Шүүхэд өгөөд заргалдаад явж байх зуур зарим компани нь татан буугдаад, зарим нь нэр нүүрээ солиод эцэс сүүлдээ шүүхийн шийдвэр гарах гэж шат дамжин явсаар хариуцах эзэнгүй болдог байна. 
 Шүүхэд ялагдсан ч түүхэнд ялж яваа байгаль орчны төлөөх тэмцэгч Л.Сүрэнхүүгийн тэмцэл өнөөдөр ч, ирээдүйд ч дуусахгүй. Анх тэмцлээ эхэлж байхдаа олуулаа байсан болохоор айдаггүй байжээ. Зарим нь залхаад, зарим нь зам мөрөө хөөгөөд явахад үр хүүхдүүд нь хүртэл “Та одоо боль, өөр хүн явна биз” хэмээн хориглож эхэлсэн ч хожмын ирээдүйгээ бодоод хүүхдүүдийнхээ үгнээс зөрж, тэмцсээр л, зүтгэсээр л байлаа. “Нэг удаа охин минь “Та ингэж яваад хүн амьтанд алуулчихвал яах юм, уул уурхай руу орж байгаа хүмүүс чинь эрх мэдэлтэй, их мөнгөтэй хүмүүс, таныг яаж л бол яаж ч чадна” гэж хэлэхэд нь дотроо айж байсан ч гаднаа бол ил гаргаагүй ээ. Хэрвээ би айх юм бол, хэрвээ би тэмцлээ зогсоох юм бол энэ хүртэл яах гэж явсан билээ, эх нутгийг минь хэн хамгаалах билээ гэж бодоод эргэлт буцалтгүй яваад л байсан, хөгшин хүн болохоор арай ч алчихаагүй байх” хэмээн инээмсэглэв. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсанаар байгаль хамгаалах ажил нь олон хүнд хүрч байгаад тэрээр тун баяртай байгаа аж. Ирвэс хамгаалах олон улсын өдрийг жил бүр 10 дугаар сарын 23-ны өдөр дэлхийн ирвэс нутагладаг 12 улс өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон бөгөөд манай улс 1200 орчим ирвэсийн тоо толгойгоороо БНХАУ-ын дараа ордог байна. Тус хамгаалалтын захиргаанаас санаачлан сурагчдын дунд цоохор ирвэсийг гарын доорх материал ашиглан хийх уралдаан зарлаж, сурагчид тун идэвхтэй оролцож, олон янзын ирвэсийн бүтээлээ ирүүлжээ. Ингэснээр хүүхэд бүр байгаль орчны талаар, тэр тусмаа өөрсдийн амьдарч буй орон нутгийнхаа ан амьтан, газарзүйн онцлог, уул ус, ургамлын талаар мэдээлэлтэй болж, улмаар бяцхан зүрхэнд нь “Хүн бүр байгаль хамгаалагч болж болох юм байна, эх орноо хайрлах нь эх нутгаа хамгаалахаас эхлэх юм байна” гэсэн итгэлийн галыг  өрдөж өгч байгаа аж. Одоо Гурвантэс сумын сурагчдын хичээлээ тараад хамгийн түрүүнд гүйж ирж, цагаа өнгөрөөдөг газар бол Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үзэсгэлэнгийн танхим болсон гэнэ.   
Хүрээлэн буй орчин, газар шороо, шударгаар шүүлгэх эрх зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалж тайван замаар тэмцэж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэн, Засгийн газар, хууль тогтоогч нарт хандсан нөлөөллийн болон олон нийтэд танин мэдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг дангаараа болон бусадтай хамтран зохион байгуулж, тэмцэж буй хүмүүсийг хүний эрх хамгаалагч  хэмээн дэлхий дахинаа тунхагласан байдаг. Хүний эрх хамгаалагч нь аль ч давхаргын, ямар ч мэргэжлийн, хүйс хамаарахгүй хийж болдог хүмүүнлэг ажил. Гэвч эргээд тэдний эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчин манай улсад төдийлөн шаардлага хангахгүй байдаг аж. Ялангуяа байгаль орчны эрхийн төлөөх тэмцэгчдийг айлган сүрдүүлж, амь насанд нь халдах тохиолдол дэлхий нийтэд өссөөр байгаа нь  эдгээр тэмцэгчдийн эрхийг хамгаалах хуулийг улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байгааг Л.Сүрэнхүү яриандаа онцолсон юм. Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэсийг агнавал хорих ялтай хэрнээ тухайн амьтдыг хамгаалж, тэмцэж буй байгаль орчны төлөөх зүтгэлтнүүдийг хамгаалах эрх зүйн заалтыг хуульд нарийн зааж өгөөгүйгээс байгаль хамгаалагчид хохироод үлддэг гэнэ. “Глобал витнесс” хүний эрхийг хамгаалах олон улсын төрийн бус байгууллага 2020 онд дэлхий даяар маш олон байгаль хамгаалагч, эко идвэхтэн амь насаа алдсан гэж мэдэгдэж байжээ. Тус газраас гаргасан тайланд дурьдсанаар, байгаль орчны төлөө тэмцэгч 227 хүн амь насаа алдсан бөгөөд долоо хоног тутамд дөрвөөс дээш тооны байгаль орчны төлөөх тэмцэгч ой мод, ус, байгалийн нөөц, хүрээлэн буй орчноо хамгаалан тэмцэж байх үедээ амь насаа алдсан байна. Амь насаа алдсан байгаль хамгаалагч идэвхтнүүдийн 3/2 хувь нь ой мод огтлох, ашигт малтмал олборлох, далан, усан цахилгаан станцын барилгын ажил гэх мэт экологид сөргөөр нөлөөлөх асуудлыг эсэргүүцэж байжээ.  Харин 2024 онд 146 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Тайлангаас үзэхэд, Никарагуа, Гондурас, Колумб, Гватемал, Филиппин, Мескик, Бразил  улс эко идэвхтэнүүдийг хамгийн ихээр хөнөөдөг улс орнуудыг тэргүүлж байна. Тухайлбал, газар нутаг, ой мод, кокайны ургацаа хамгаалсан 65 нутгийн уугуул иргэн Колумбт амиа алдсан бол Мексикт халдлагад өртсөн хүмүүсийн 30 орчим хувь нь ой мод огтлохтой тэмцсэн аж. Энэ улсад байгаль хамгаалагч 30 идэвхтэнийг хороожээ. Харин Филиппинд ашигт малтмалын олборлолт, ой мод бэлтгэл, далангийн төслийг зогсоохоор тэмцсэн 29 хүн бусдын гарт амиа алджээ. 2020 онд амиа алдсан, арван эко тэмцэгчийн нэг нь эмэгтэйчүүд байна. Энэ нь эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулан сүрдүүлдэг, олон оронд эмэгтэйчүүд өөрийн эрх ашгийн төлөө дуугарч тэмцэх боломж байдаггүйтэй холбоотой гэж “Глобал Витнесс” тайландаа бичжээ. 
Харамсалтай нь 2021 онд “Тэргүүн шугамын хамгаалагчид” байгууллагын судалгаагаар 35 улс оронд хамгийн багадаа 358 хүний эрх хамгаалагч амь насаа алдаж, өмнөх жилээс 100 гаруй хүнээр нэмэгдсэн сэтгэл өвтгөм тоо баримтыг ил болгожээ. Тэдний 59% нь хүрээлэн буй орчин, газар нутаг, уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэж байсан бол, 18% нь эмэгтэй хүний эрх хамгаалагчид байжээ. Ийнхүү жилээс жилд байгаль орчны төлөөх зүтгэлтнүүдийн амь нас, эрүүл мэндэд нь халдах тохиолдол эрс өсч байгаа тул хүний эрх хамгаалагчид, тэр дундаа байгаль орчны хамгаалагчдын эрхийг нэн даруй хуульчлах шаардлагатай байгааг Л.Сүрэнхүү  яриандаа онцоллоо.
Буйдхан сумын төвөөсөө биднийг үдэж өгөхдөө “Тост, Тосон бумбын нуруундаа хийх ажил их байна, хэдэн амьтныхаа эрхийг хамгаалж, тэмцэж явахад хэтдээ миний эрхийг хамгаалах хууль нь гарах байлгүй дээ” хэмээн ирээдүйгээ итгэл төгс төсөөлж, инээмсэглэл нүүрэндээ тодруулан гараа даллан хоцорсон жижигхэн биетэй ч жинтэйхэн сэтгэлтэй тэрээр зэрлэг ан амьтанд зориулсан мэдрэгчтэй усан сан хийхээр төсөл бичсэн нь тэргүүн байранд шалгарсан сайхан мэдээгээр сонор мялаасаар үдэж өгч билээ.
undefined
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн