Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Г.Занданшатар унавал эдийн засаг ч бас унана

Г.Занданшатар унавал эдийн засаг ч бас унана
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 20
Г.Занданшатарын Засгийн газрын хувь заяа дахиад л дэнжигнэж эхэллээ. Улс төр бужигнаж, засаг төр солигдож, унах нь Монголд хэвийн үзэгдэл болсон. Харин энэ улс төрийн тогтворгүй байдлыг дагаж эдийн засгаа савлуулдаг нь хамгийн том золиос гэлтэй. Үнэндээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд улс төрөөс илүү эдийн засгийн тогтвортой байдал, өсөлт л чухал. Монголын хувьд засаг унавал эдийн засаг бас дагаад унадаг нь гарцаагүй үнэн билээ.
Үүнийг сая Монголын улс төр халахтай зэрэгцэн олон улсын зах зээлд Засгийн газрын бондын ханш унаж байгаагаас харж болно. Энэ бол нэг талаараа Монголын улс төрийн тогтворгүй байдалд үзүүлж буй хөрөнгө оруулагчдын хариу үйлдэл гэж дүгнэж болно. Цаашлаад Ираны дайны нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөж, улс орнууд хямралын эсрэг бодлогоо ярилцаж байхад манайд нөгөө л сандал суудлын төлөөх дотоод улс төрийн зөрчилдөөн өрнөж байна. Зүй нь, Монгол Улс улстөржилтөө хойш тавьж улс орны өмнө тулгамждаж байгаа асуудлаа эрэмбэлж, дэлхий донсолгоонтой байгаа энэ үед эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээ унагахгүйн тулд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай баймаар.
Хэдий Г.Занданшатарын Засгийн газар ажлаа аваад жил болоогүй ч эдийн засагч хүн Засгийн газрыг тэргүүлсний давуу тал олон гарч байна. 2025 онд улсын төсөв бараг л 4 их наяд төгрөгөөр тасрах бодит эрсдэл байсныг бүгд санаж байгаа болов уу. Харин Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн болсныхоо дараа төсвийн бодлого дээр зоригтой шийдвэр гаргаж чадсан. Тодруулбал, 2025 оны зургадугаар сард Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа яаралтай төсөвт тодотгол хийж, 2.2 их наяд төгрөгийн зардлын таналт хийж, үүсэж болох эрсдэлээс хамгаалсан. Ингэж шуурхай арга хэмжээ авсны бодит үр дүнд 250 сая ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 53.2 сая ам.долларын ашигтай болж, эдийн засгийн өсөлт 2.4 хувиас 5.6 хувиар өссөн.
Хэрвээ өмнөх Засгийн газрын жишиг шиг олох орлого нь буураад байхад зардлаа танахгүй, төсөвт тодотгол хийхгүй гээд гүрийсэн бол эдийн засагт улаан гэрэл асах байсан. Энэ эрсдэлийг эдийн засагч  хүний нүдээр харж, төсөвт байгууллагуудын зардлыг түүхэнд байгаагүйгээр танасан нь Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн зөв алхам байсан. Мөн өнгөрсөн оны сүүлд төсвийн орлого төлөвлөснөөсөө тасрах эрсдэл үүсэхэд шуурхай арга хэмжээ авч, хил гааль дээрх хүнд суртлыг бууруулж, гаалийн нэвтрэлтийг сайжруулж, төсөв бүрдүүлж буй томоохон компаниудтай хэлцэл хийж, төлөвлөсөн орлогоо нөхөж чадсан. Үр дүнд нь төсөв алдагдалгүй хаагдаж, 2025 оны эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай гарсан нь Г.Занданшатарын бодлогын үр дүн.
2026 оны төсөв, макро эдийн засагт баримталж буй эерэг өөрчлөлтүүдийн нөлөө энэ хавар илүү тод мэдрэгдэх учиртай. Гэвч МАН энэ сэргэлтийг бодитоор үнэлж үргэлжлүүлэх үү, эсвэл өнөөгийн улс төрийн маргаан, зөрчилдөөний нөлөөнд автан буцаад эдийн засгийн уналт руу орох уу гэдэг нь тодорхойгүй байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын багийн сул тал нь вэ гээд харвал, хэт их нийгмийн сүлжээ, сошиал контент, “шорт рийлс”-д хэт анхаарч байгаа зэрэг нь улс төрийн дэмжлэгээ алдах эрсдэлд хүргэсэн болов уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн