Мөнгийн бодлогын хорооны ээлжит хурлаас гаргасан шийдвэрийг тус хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж танилцууллаа. Тэрээр "Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлогын үр нөлөөгөөр инфляц буурч, 6.5 хувьд хүрсэн нь зорилтод интервалын голч дүн рүү дөхлөө. Уг бууралтад хүнснээс бусад бараа үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голчлон нөлөөлсөн. Харин хүнсний үнэ сүүлийн саруудад эрчимжиж байгаа нь инфляц өсөхөд нөлөөлж байна. Инфляц Төв банкны зорилт орчимд байх төсөөлөл хэвээр хадгалагдаж байна. Гэхдээ шатахуун болон мах, хүнсний ногооны үнэ өсөх эрсдэлтэй байгаа учраас цаашид уг төлөвийг өөрчилж болзошгүй байна.Эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьд хүрч эрчимжихэд хөдөө аж ахуй, уул уурхай болон аж үйлдвэрийн салбар гол хувь нэмэр орууллаа. Энэ онд Оюу толгойгоос бусад уул уурхайн олборлолт эрчимжиж томоохон төслүүдийн бүтээн байгуулалт үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг голлон тэтгэхээр байна. Цаашид эдийн засгийн өсөлт тогтворжих хүлээлттэй байна. Гадаад орчинд тарифын бодлогын сөрөг нөлөө хүлээлтээс бага, худалдааны гол түнш улсуудын төлөв сайжирсан. Түүнчлэн дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эерэг нөлөө үзүүллээ. Гэвч Ойрхи Дорнодын бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийн эдийн засгийн цаашдын төлөв муудах түүхий эдийн үнэ өсөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлт нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж инфляци эрчимжих эрсдлийг дагуулж болзошгүй байна. Иймд Мөнгөний бодлогын байнгын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа" гэв.