АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа шинэ журам хэрэгжүүлж, нийт 50 улсын иргэдийг АНУ-ын виз мэдүүлэхдээ 15,000 ам.долларын барьцаа төлөхийг шаардахаар болжээ.
Уг жагсаалтад өмнө нь Африкийн 38 улс багтаж байсан бол 12 улсыг шинээр нэмж оруулжээ. Шинээр нэмэгдсэн орнуудад Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшел, Тунис орж байна.
Энэхүү журам нь бизнес болон аяллын (B1, B2) виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэлнэ. Гол зорилго нь визийн хугацаа хэтрүүлэн АНУ-д үлдэх тохиолдлыг бууруулах аж.
Хэрэв виз авсан хүн хугацаандаа эх орондоо буцвал, эсвэл анхнаасаа аялал хийгээгүй бол барьцаа мөнгийг буцаан олгоно.
Энэ шийдвэрийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам "2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно. Визийн ярилцлагын үеэр консул тухайн виз мэдүүлэгч визийн шаардлага хангаж байгаа эсэхийг мэдэгдэж барьцааг хэрхэн байршуулах талаар зааварчилгаа өгнө.
Виз мэдүүлэгчид гуравдагч этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх мөн консулаас албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг анхаарна уу. Барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол Улсын иргэдэд B1/B2 ангиллын виз олгох боломжгүй. Энэ шаардлага нь визийг хаанаас мэдүүлж байгаагаас үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ" гэжээ
Трампын засаг захиргаа нэгдүгээр сараас хойш цагаачлалын бодлогоо чангатгаж, албадан гаргалтыг нэмэгдүүлэх, виз болон ногоон картыг хүчингүй болгох, мөн цагаачдын сошиал хаяг болон өмнөх мэдэгдлүүдийг шалгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Харин хүний эрхийн байгууллагууд эдгээр бодлогыг шүүмжилж, иргэдийн хууль ёсны эрх болон үг хэлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзэж буй. Трамп болон түүний дэмжигчид үүнийг дотоодын аюулгүй байдлыг сайжруулах зорилготой гэж тайлбарладаг. Албаныхны мэдээлснээр, визийн барьцааны энэхүү систем нь визийн хугацаа хэтрүүлэх тохиолдлыг багасгахад тодорхой үр дүн өгсөн аж.
Мөн өнгөрсөн зургадугаар сард АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс 19 улсын иргэдэд хязгаарлалт тавьсан аяллын хориг гаргасан.