Open iToim app
Нийгэм | 7 мин уншина

МСК-ийн бизнесийн загвар ба Монголын Усны Компакт

МСК-ийн бизнесийн загвар ба Монголын Усны Компакт
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 19
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монголын Мянганы сорилтын сан (МСС)-д ажилласан туршлагадаа тулгуурлан МСК-ын бизнесийн загварын талаарх өөрийн ажиглалтыг Монгол Улсын гавьяат эдийн засагч, Монголын Мянганы сорилтын сангийн Дотоод аудитын захирал, Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр хуваалцлаа.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, Монголын Мянганы сорилтын сангийн Дотоод аудитын захирал, Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр: АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламжийн Компакт гэрээгээр хэрэгжих хөтөлбөр 5 жил гэсэн цаг хугацааны хязгаартай. Энэ хугацаанд л амжиж, төсөвтөө багтаан хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон, Орос-Украины дайнтай холбоотой улс хоорондын тээвэр, логистик, хил, гаалийн хүндрэлтэй асуудлаас шалтгаалан бараа материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний хангалт удааширсан, АНУ гадаад тусламжийнхаа хэрэгжилтийг тодорхой хугацаагаар царцааж, санхүүжилт саатсан болон 2023-2024 онд Биокомбинат, Сонгины орчим болсон үерийн улмаас бүтээн байгуулалтын ажил зогссон зэрэг биднээс үл шалтгаалах олон сорилт тулгарсан хэдий ч тэр бүгдийг даван туулж, Монголын Усны Компакт хугацаандаа, төсөвтөө багтаан хэрэгжиж дуусаж байна. Энэ амжилтад хүрэхэд Монголын МСС-ийн удирдлага, ажилтнуудын хүчин зүтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Үүнээс гадна МСК-ын бизнесийн загвар Монголын нөхцөлд үр нөлөөтэй хэрэгжсэн нь ийм амжилтад хүрэхэд суурь хүчин зүйл болсныг тэмдэглэх ёстой.
МСК-ын бизнесийн загвар гэж яг юуг хэлээд байна вэ?
Энэ бол АНУ-ын МСК оршин тогтносон 21 жилийн хугацаанд дэлхийн 47 оронд буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагад үндэслэсэн, амьдрал практикт туршигдаж, үр нөлөөтэй нь нотлогдсон бизнесийн загвар. 5 жилийн хугацаанд, төсөвтөө багтаан, хөтөлбөрийн зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн загвар. Энэ нь хөтөлбөрийн засаглал, менежментийн бүтэц, бизнес процесс, стандарт, дүрэм журам, хяналт, тайлагнал, мэдээлэл-харилцаа, мониторинг-үнэлгээ г.м. бүхий л чиглэлийг багтаасан загвар.
Энэхүү загвар хэрхэн хэрэгжсэнийг Монголын Усны Компактын жишээгээр тайлбарлая.
Монгол Улсын Засгийн газар Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 111.76 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө гаргана. Засгийн газрын үндсэн төлөөлөгч Монголын МСС хэмээх Хөтөлбөр хэрэгжүүлэгч нэгжийг албан ёсоор байгуулсан. Энэ бүхэн нь тусламж хүлээн авагч орны хувь оролцоог хангасан явдал бөгөөд ингэснээрээ хамтарсан хөтөлбөр болсон юм.
undefined
Усны Компакт гэрээг хэрэгжүүлэхэд дараах бүтэц бүхий засаглал, менежментийн загвар ашигласан:
Засаглах удирдлага: Монголын МСС-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хяналт тавих Удирдах зөвлөлийг төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулан байгуулсан.
Гүйцэтгэх удирдлага: Гүйцэтгэх захирлаар ахлуулсан төслийн захирлууд, бусад чиг үүрэг хариуцсан захирлуудаас бүрдсэн менежментийн багийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар бүрдүүлсэн.
Хяналт: Дотоод аудитын нэгжийг эхнээс нь байгуулж, хөндлөнгийн хараат бус аудитын компаниар жил тутам аудит хийлгэх болсон.
Иймэрхүү ТУЗ, гүйцэтгэх удирдлагын баг, дотоод аудит, хөндлөнгийн аудиттай байгууллага ялангуяа хувийн хэвшилд олон бий. Тиймээс энэ бол тийм онцгой зүйл биш байх.
MCК-ын бизнесийн загварын онцлог нь дараах хөндлөнгийн хараат бус мэргэжлийн агентуудыг гэрээгээр ажиллуулсан явдал юм.
Худалдан авах ажиллагааны агент (Charles Kendall and Partners, Inc.): Бүх худалдан авах ажиллагааны үйл явцыг ил тод, шударга бөгөөд холбогдох шаардлагад нийцүүлэн зохион байгуулж, барилга угсралтын ажил хийх дулааны улиралд төслүүдийг хойшлуулж болзошгүй хууль эрх зүйн маргаан гарах эрсдэлээс зайлсхийж чадсан.
Санхүүгийн агент (DT Global): Бүх санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцоо, төсвийн хяналт, нийцэл, санхүүгийн хариуцлага, тайлагнал, нягтлан бодох бүртгэлийг удирдаж, хөтөлбөрийн хөрөнгийг зүй бус ашиглахаас хамгаалж, санхүүжилтийг цаг хугацаанд нь саадгүй олгож чадсан.
Хөтөлбөрийн менежментийн зөвлөх ба FIDIC инженер (Tetra Tech): Төслийн болон гэрээний менежментийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэл болон чанарыг хянаж баталгаажуулсан.
Аливаа байгууллагын хувьд бизнес процесс буюу үйл ажиллагааны дүрэм журам, стандарт их чухал. Үйл ажиллагааны дүрэм журам гэдэг нь, өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм гэсэн үг. Тоглоомын дүрэм тодорхой, ойлгомжтой байхаас гадна түүнийг ягштал хэрэгжүүлдэг байх ёстой. Монголын МСС-ийн үйл ажиллагааны дүрэм журмууд маш сайн боловсрогдсон. Хүний нөөцийн менежмент, боловсон хүчнийг сонгон шалгаруулах, хөдөлмөрийн харилцаа, ёс зүйг зохицуулах, ажлын гүйцэтгэлийг нь үнэлж дүгнэхээс эхлүүлээд худалдан авах ажиллагаа, санхүүгийн төлбөр тооцоо, тайлан бүртгэл, аудит, гэрээний удирдлага, менежмент, байгаль орчин, нийгэм, жендэрийн тэгш байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, олон нийттэй харилцах, эрсдэлийн удирдлага гээд шаардлагатай бүх л чиглэлээр баримтлах дүрэм журам, стандарт тодорхой болсон. АНУ-ын МСК-аас дэлхий дахинд жигд мөрдүүлж, туршигдсан үлгэрчилсэн журмуудыг өөрийн орныхоо нөхцөлд тохируулан авч хэрэглэсэн учраас манай дүрэм журмууд сайн боловсорсон гэж итгэлтэй хэлж байна. Хэрэв ийм бэлэн загвар журмууд байгаагүй бол тэр бүгдийг эхнээс нь боловсруулж батлуулахад ихээхэн цаг хугацаа алдахаар байсан. Боловсрууллаа гэхэд ийм чанартай, чамбай дүрэм журам боловсруулж чадах байсан эсэх нь эргэлзээтэй.
Дүрэм журам ба хяналт
  • Хэдий сайн дүрэм журам байлаа гээд хэрэгжилт хангалтгүй бол үр нөлөө гарахгүй. Тиймээс стандарт, дүрэм журмыг тууштай сахин мөрдүүлэх, түүнд хяналт тавьж байх шаардлагатай.
  • МСК-ын бизнесийн загвар олон давхар хяналтын системийг хэрэгжүүлдэг:
  • МСС-ийн холбогдох баг, захирлууд, Гүйцэтгэх захирлын хяналт.
  • Хараат бус агентуудын өдөр тутмын хяналт.
  • MCК-ын ажилтнууд хянаж, "Зөвшөөрөл" олгох үйл явц.
  • Удирдах зөвлөл эцсийн шийдвэр гаргах.
Дотоод ба хөндлөнгийн аудиторууд, АНУ-ын болон Монгол Улсын төрийн аудитын байгууллагуудын хяналт шалгалт.
Монголын МСС-ийн хяналтын тогтолцоо хангалттай сайн хэрэгжиж байгаа. Энэ нь нэгдүгээрт, үйл ажиллагааны дүрэм журам, стандарт буюу тоглоомын дүрэм, хүмүүсийн ажил үүргийн хуваарь, хяналт, тайлагналын тогтолцоо тодорхой, ойлгомжтой байгаатай холбоотой. Хоёрдугаарт, хэдэн давхар хяналт хэрэгжиж байна. Бид өөрсдөө дур мэдэж нэг ч хүнийг ажилд авч, нэг ч компанийг сонгон шалгаруулж, нэг ч төгрөгийн гүйлгээ хийж чадахгүй. Боловсон хүчний сонгон шалгаруулалт, тендер шалгаруулалт болон төлбөр тооцоог мэргэжлийн хараат бус компаниуд хянаж хэрэгжүүлж байна. Гуравдугаарт, АНУ-ын МСК бас хянаж зөвшөөрөл олгоно. Дөрөвдүгээрт, Удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргадаг. Дотоод аудитын баг ажиллаж байна. Хөндлөнгийн аудитор жил бүр хянана. Мөн АНУ-ын USAID байгууллагын Ерөнхий хянан шалгагчийн алба гурван ч удаа аудит хийгээд байна. Сангийн яамны аудиторууд ч шалгалт хийсэн. Монгол Улсын ҮАГ гадаадын зээл тусламжийн ашиглалтыг шалгах явцдаа манай хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг байнга авч ирсэн.
Зүгээр нэг буцалтгүй тусламж биш Түншлэл
АНУ-ын МСК-ын ажилтнууд манай төслийн болон чиг үүрэг хариуцсан багуудтай байнга холбоотой ажиллаж, мэргэжил-арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж ирсэн нь амжилтын бас нэг хүчин зүйл мөн. Манай багууд аливаа асуудлыг америкийн түншүүдтэйгээ байнга зөвлөж шийдэж ирсэн ба тэд ч цахимаар холбогдож болон Монголд биечлэн ирж, асуудлыг газар дээр нь судлан, харилцагч байгууллагууд, шийдвэр гаргагчидтай уулзаж, заавар зөвлөгөө өгөн, гарц шийдлийг олоход тусалж байсан нь үнэхээр ач холбогдолтой байсан.
АНУ-ын МСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, түүний ажлын алба бидэнтэй өдөр тутам нягт хамтарч ажилласан нь Монголын МСС болон АНУ-ын МСК хооронд гүүр болж, аливаа асуудлыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэхэд дөхөм болж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Тасралтгүй түншлэл амжилтад хүргэсэн. Цаашилбал, улирлын санхүүжилтийн механизм буюу зарцуулалтыг хөтөлбөрийн зорилтуудын гүйцэтгэл, ахиц дэвшил болон санхүүгийн хэрэгцээтэй уялдуулсан нь хөрөнгийг хяналттай зарцуулах, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь буюу улирал улиралд нь хийж дуусгах нэг чухал хөшүүрэг, механизм байжээ.
Товч дүгнэлт, сургамж
Үнэнийг хэлэхэд бид анхандаа ийм олон хөндлөнгийн компаниуд, тухайлбал, санхүүгийн болон худалдан авах ажиллагааны агентууд, хөтөлбөрийн менежментийн зөвлөх компани шаардлагатай эсэхэд эргэлзэж байсан. Гэхдээ эдгээр нь холбогдох стандарт, дүрэм журмын хэрэгжилт, нийцлийг хангуулах, болзошгүй алдаа зөрчлөөс зайлсхийхэд аргагүй л хэрэгтэй болохыг явцын дунд ойлгосон. Энэ нь худалдан авах ажиллагаа саатахаас сэргийлж, гүйцэтгэгчдийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, санхүүгийн нийцлийг баталгаажуулж, хөтөлбөрийг залилан, зүй бус үйлдлээс хамгаалсан.
Хэрэв аль нэг худалдан авах ажиллагаанд маргаан гарч шүүхэд хандсанаар гүйцэтгэгч компани сонгон шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн бол хугацаа алдаж, хөтөлбөрийн зорилт хугацаандаа амжиж биелэхгүйд хүрэх байсан. Барилгын улирал богинотой Монголын хувьд энэ бол маш том эрсдэл байсан. Худалдан авах ажиллагааг холбогдох дүрэм журмын дагуу, нээлттэй, шударга зохион байгуулж байсны хүчинд ийм тохиолдол гараагүй юм. Энэ бол Худалдан авах ажиллагааны агент гэрээгээр ажиллуулсны шууд үр дүн мөн.
Хэрэв гүйцэтгэгч компани ажлаа гэрээний нөхцөлийн дагуу чанартай хийгээгүй, түүнийг нь тухай бүр нь хянаж, залруулаагүй бол, тоо, чанарын шаардлага хангахгүй ажил хүлээн авч, эцэстээ улсын комисс хүлээж авахгүй, улмаар хөтөлбөрийн зорилт биелэхгүйд хүрэх байсан. Үүнд Хөтөлбөрийн менежментийн зөвлөх бөгөөд FIDIC инженер чухал үүрэг гүйцэтгэсэн. Санхүүгийн менежмент муу, зохих ёсоор хянагдаагүй, зөвшөөрөгдөөгүй төлбөр тооцоо хийсэн, тайлан бүртгэлд буруу илэрхийлэл илэрсэн бол хөндлөнгийн аудит баталгаа өгч чадахгүй, улмаар санхүүжилт зогсоход хүрэх байсан. Ийм тохиолдол гараагүй. Үүнд Санхүүгийн агентын үүрэг роль их байсан.
АНУ-ын МСК-ын бизнесийн энэхүү загвар Монголын Усны Компактын хувьд үр нөлөөтэй байсан нь ийнхүү практикаар батлагдлаа. Компакт гэрээ хэрэгжүүлсэн бусад орны хувьд ч үр нөлөөтэй байсан гэж итгэж байна. Учир нь буцалтгүй тусламж авсан улс орнуудын ихэнх нь хөгжиж буй орнууд учраас хөгжлийн түвшин, бизнесийн орчин, ёс зүй талаасаа ойролцоо байсан болов уу. Энэ загвар амьд механизм бөгөөд Компактаас Компактын хооронд улам боловсронгуй болж сайжирч байгаа гэж үзэж байна. Монголын Усны Компактын хувьд гэхэд л үйл ажиллагааны дүрэм журмуудыг байнга боловсронгуй болгож, нэмэлт өөрчлөлт оруулж ирсэн. Энэ нь дараа дараагийн Компактад зохих ёсоор нөлөөлөх биз ээ. Мөн олон улсын бусад байгууллага ч тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ энэхүү загварыг ашиглаж болно. Манай улсад ч цаашдаа энэ бэлэн загварыг авч ажиллавал томоохон төсөл, хөтөлбөрүүд хугацаандаа, үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн