Baga Toirog-ийн ээлжит амьд хөгжмийн тоглолтын хүрээнд Шинэ Зеландын инди поп хамтлаг Mild Orange Монгол улсад анх удаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд 2026 онд Азийн хэд хэдэн хотыг хамарсан аялан тоглолтоо эхлүүлж байгаа бөгөөд энэ аяллын нэгэн онцлох зогсоол нь Улаанбаатар хот байх юм. Энэхүү тоглолт 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын их танхимд зохион байгуулагдана.

2017 онд байгуулагдсан Mild Orange хамтлаг dreamy, alternative болон indie pop урсгалуудыг хослуулсан уянгалаг, онцгой уур амьсгалтай дуугаралтаараа дэлхийн олон сонсогчдын анхаарлыг татсан хамтлаг юм. Шөнийн хотын тайван хэмнэл, дотоод мэдрэмжийг санагдуулам тэдний хөгжим сонсогчдыг өөрийн эрхгүй татдаг. 2018 онд “Some Feeling”, “Mystify”, “My Sight” зэрэг бүтээлүүд нь стриминг платформуудаар сая сая удаа сонсогдож, залуу үеийн мэдрэмж, харилцаа, дотоод ертөнцийг илэрхийлсэн уран бүтээлүүдээрээ танигджээ. Тухайн үед Монголын залуусын дунд ч эдгээр дуунууд өргөн тархаж, кофе шоп, үйлчилгээний газруудад тогтмол эгшиглэдэг байсан нь хамтлагийн хөгжмийг Монгол сонсогчдод аль хэдийн танил болгосон билээ.
Mild Orange хамтлагийг дуучин, гитарчин Josh Mehrtens үүсгэн байгуулсан бөгөөд түүний уянгалаг дуу хоолой, зөөлөн гитарын аялгуу хамтлагийн хөгжмийн гол өнгийг бүрдүүлдэг. Түүнтэй хамт соло гитарчин Josh Reid, аргил гитарчин Tom Kelk, бөмбөрчин Jack Ferguson нар өөрсдийн мэдрэмжийг нэгтгэн өвөрмөц дуугаралтыг бүтээжээ.
Олон улсын уран бүтээлчдийг Монголын тайзнаа урьж оролцуулах нь дотоодын соёлын орчныг баяжуулахын зэрэгцээ дэлхийн хөгжмийн шинэ өнгө, урсгалыг монголын үзэгчдэд ойртуулан хүргэх боломжийг нээдэг. Энэ удаагийн тоглолт ч мөн адил амьд хөгжмийн уур амьсгалыг мэдрэх, олон улсын инди хөгжмийн өнгийг тайзнаас шууд сонсох онцгой үдэш байх болно.
Мөн энэхүү тоглолтыг Монголын орчин үеийн хөгжмийн төлөөлөл болсон уран бүтээлчид чимэх бөгөөд зочин уран бүтээлчээр “Magnolian” болон “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг portal.mn цахим хуудсаар дамжуулан худалдан авах боломжтой. Холбоо барих утас: 88683821