Говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг Оюу толгойн уурхайн усны хэрэглээ болон менежмент анхаарал татсан сэдвийн нэг байсаар ирсэн. Тус компани уурхайн хэрэгцээний усаа малчдын ашигладаг булаг шанд, гүехэн худгаас бус харин уурхайн цогцолбороос 35-80 км зайд орших газрын гадаргаас 150-400 метрийн гүнд байрлах газрын доорх гүний хоолойн газрын доорх усны ордоос татан ашигладаг байна. Энэхүү уст давхарга нь малчдын болон зэрлэг амьтдын хэрэглэдэг усны эх үүсвэрээс тусгаарлагдсан тогтоцтой гэдгийг олон улсын болон дотоодын судалгаагаар тогтоожээ. Усны нөөцийг хэмнэх, дахин ашиглах чиглэлд "Оюу толгой" компани тогтвортой бодлого баримталж, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ус дахин ашиглалтын түвшинг 80 хувиас дээш хадгалсаар ирсэн байна. 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар энэ үзүүлэлт 86.7 хувьд хүрч, баяжуулах үйлдвэр, хөргөлтийн систем, ахуйн болон шүүрлийн усыг боловсруулан дахин ашиглаж байгаа нь дэлхийн уул уурхайн салбарын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Мөн нэг тонн хүдэр боловсруулахад нөхөн сэлбэлтээр зарцуулах усны хэмжээ 0.414 метр куб байгаа нь олон улсын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм.
2011 оноос "Оюу толгой" компани Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийн дагуу газрын доорх ус ашиглаж эхэлсэн бөгөөд 2015 онд Усны нөөцийн зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн хүрээнд ус татах, ашиглах үйл ажиллагааг явуулж байна. Одоогийн байдлаар ашиглаж буй усны хэмжээ зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс бага буюу дунджаар 56.5 хувийг ашиглаж байгаа нь нөөцийг зохистой хэрэглэж байгааг нь илтгэнэ. Үүнээс гадна малчдын гар худгийн усны түвшинг тогтмол хянах, зэрлэг амьтдын ажиглалт хийх, Ундайн голын экосистемийн судалгаа зэрэг байгаль орчны мониторингийг тогтмол хийж иржээ. Мөн ус ашиглалтын үйл ажиллагаанд таван жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэж, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлдэг байна. Усны төлбөрийн хувьд ч хууль, журмын дагуу төлж ирсэн бөгөөд тариф нэмэгдсэнээс хойш шинэчилсэн үнээр төлбөрөө төлж байгаа аж. 2013 оноос хойш нийт 218 тэрбум төгрөгийг ус ашигласны төлбөрт төвлөрүүлсэн нь энэ салбар дахь томоохон хувь нэмрийн нэг болж байна. Ийнхүү говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон төсөл усны нөөцийг хэрхэн хамгаалж, дахин ашиглаж, хяналттайгаар хэрэглэж байгааг газар дээр нь очиж, ус цэвэршүүлэх болон дахин ашиглах бүхий л үйл явцтай танилцаж сурвалжиллаа.

"Оюу толгой" компанийн Хүрээлэн буй орчны багийн ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар: "Оюу толгой" компанийн хувьд усны менежмент бол зүгээр нэг техникийн асуудал биш харин бодлогын түвшинд хэрэгждэг, өдөр тутмын үйл ажиллагаанд бүрэн шингэсэн чиглэл юм. Бид говийн бүсэд ажиллаж байгаа учраас усыг аль болох ариг гамтай, хариуцлагатай ашиглах, дахин хэрэглэх зарчмыг баримталж ирсэн. Нэг ч метр куб усыг зүгээр хаяхгүй гэсэн зорилготой ажилладаг. Мөн усны төлбөр тооцоог цаг тухайд нь төлөх, үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, усны нөөцийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
Манай байгаль орчны хэлтэс 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй, гурван чиглэлээр ажилладаг. Нэг баг нь ус, агаар, хог хаягдлын асуудлыг хариуцдаг бол нөгөө нь нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлыг судалдаг. Харин гурав дахь баг нь урт хугацааны тогтвортой хөгжлийн төслүүд дээр ажилладаг. Тухайлбал "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан 100 сая мод тарих амлалтыг хэрэгжүүлж байна.
2003-2004 онд уурхайн орчимд 100 км радиуст хийсэн судалгаагаар гурван орд илрүүлснээс нөөц арвин, байгальд үзүүлэх нөлөө багатай, уурхайн байршилд ойр гэдгээр нь энэ ордыг сонгосон. Ийм төрлийн ордод ашиглалт явж байх хугацаанд ч судалгаа, мониторинг тасралтгүй хийгддэг. 2015 онд батлагдсан ашиглалтын нөөц нь секундэд 918 литр боловч өнөөдөр бид ойролцоогоор 50 хувь буюу 500 орчим литр секундийг л ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, батлагдсан нөөцөөс хэтрүүлэхгүй байх зарчмаа барьж байна гэсэн үг. Ашиглаж буй усны 90 гаруй хувийг баяжуулах үйлдвэр хэрэглэдэг бөгөөд энэ хэрэглээг худгийн тоолуур, усны түвшний байнгын мониторингоор нарийн хянадаг.
Бид усаа эхлээд нөөцлүүр сангууддаа хуримтлуулаад тэндээсээ үйлдвэр рүү нийлүүлдэг. Харин баяжуулах үйлдвэрт ашигласан усны ихэнхийг өтгөрүүлэгчээр дамжуулан буцаан авч, дахин ашигладаг. Ингэснээр нийт усны 85 орчим хувийг эргүүлэн ашиглаж байгаа бөгөөд улирлаас хамаараад 86-88 хувьд хүрэх тохиолдол ч бий. Жишээ нь, 2025 онд 121 сая шоо метр ус хэрэглэснээс ердөө 14 саяыг нь шинээр гүний эх үүсвэрээс авч, үлдсэнийг нь дотооддоо эргүүлэн ашигласан юм.
Говийн газрын доорх ус нь эрдэсжилт өндөртэй тул шууд ундны зориулалтаар ашиглах боломжгүй байдаг. Иймээс уг усыг "Оюу толгой" компани урвуу осмосын технологиор цэвэршүүлж, стандартын шаардлага хангасан цэвэр усыг 18.9 литрийн савлагаатайгаар ажилчдын хэрэгцээнд нийлүүлж байна. Харин үүссэн бохир усыг дөрвөн шат дамжлагаар цэвэршүүлж, ихэнх хувийг нь дахин ашигладаг нь усны нөөцийг хэмнэх бодлогын чухал хэсэг болжээ. "Оюу толгой" компани усны ашиглалт, менежментэд хяналт тавих хүрээнд дотоод болон гадаад аудитыг тогтмол хийж, улирал тутам тайлагнадаг байна.
Орон нутгийн малчдын хувьд усны нөлөөллийн талаар эргэлзээ байдаг тул компанийн зүгээс 86 малчныг хамруулсан мониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд малчид өөрсдөө худгийн усны түвшинг тогтмол хэмжиж, цаг уурын нөхцөлтэй уялдуулан ажиглалт хийж байгаа аж. Судалгааны үр дүнгээс харахад гүехэн худгуудын усны түвшний хэлбэлзэл нь ихэвчлэн хур тунадас, уур амьсгалын нөлөөлөлтэй холбоотой болох нь тогтоогдсон байна. Мөн "Оюу толгой" компани гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд тухайлбал Хэрлэн Тооно төслийн ТЭЗҮ-ийн тодотголыг санхүүжүүлэхэд оролцож, говийн бүсийг гадаргын усаар хангах урт хугацааны шийдлийг дэмжин ажиллаж байгаа юм.
2025 оны байдлаар "Оюу толгой" компанийн ус ашиглалттай холбоотой баримтууд:
Ус ашигласны төлбөрт 27 тэрбум төгрөг төлж, 2013-2025 онд зөвхөн орон нутгийн төсөвт 219 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
Гүний хоолойн ордоос ашигласан усны хэмжээ батлагдсан нөөцөөс тогтмол доогуур буюу дунджаар 528 литр секунд байна.
Олон улсын судалгаагаар ижил төрлийн уурхайнуудтай харьцуулахад 2-3 дахин бага ус ашигладаг.
Оюу толгойчууд ус дахин ашиглалтыг 90 хувьд хүргэх зорилт тавьж, нэмэлт технологийн болон менежментийн шийдлүүдийг эрэлхийлж ажиллаж байна.

Ус хангамжийн багийн ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав: "Оюу толгой" компанийн ус хангамжийн системийг харвал бүх зүйл маш нарийн зохион байгуулалттай ажилладаг. Жишээ нь, нэг худгийн байгууламж дотор ердөө нэг гүний худаг байрладаг бөгөөд цагт 15 шоо метр орчим ус татах хүчин чадалтай. Дотор нь цахилгааны самбар, агааржуулалтын систем байрлахаас гадна зарим худгуудад даралтат сав суурилуулсан байдаг. Энэ нь газрын доорх усыг төв шугам руу шахахдаа даралтыг тогтвортой барих мөн буцах даралтаас хамгаалах үүрэгтэй. Ус татсаны дараа хоёр том усан санд нөөцөлдөг. Тус бүр нь 200 мянган шоо метрийн багтаамжтай, нийтдээ 400 мянган шоо метр ус хадгалах боломжтой сан юм. Энэ нь уурхайн долоо хоногийн хэрэгцээг хангах нөөц боловч одоогоор нэг сан засвартай тул 3.5 хоногийн нөөцтэй ажиллаж байна. Эдгээр сан нь гэнэтийн эвдрэл, саатал гарсан үед уурхайн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, мөн усны хэрэглээ огцом нэмэгдэх үед зохицуулалт хийх чухал үүрэгтэй. Хэмжээний хувьд 150 метр өргөн, 250 орчим метр урттай, 12 метр гүн юм. Доторлогоо нь геомембран тул ууршилт, алдагдлыг багасгахаас гадна гаднын бохирдлоос хамгаалдаг. Энэ усыг шууд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагддаг бол ундны усанд заавал цэвэршүүлж байж хэрэглэдэг.
Уурхайн ус цэвэршүүлэх, савлах үйлдвэр нь ажилчдын ахуйн усны хэрэгцээг хангах үндсэн нэгж болж байна. Тус үйлдвэр өдөрт 1200-2000 шоо метр усаар гурван кемпийг тасралтгүй хангадаг бөгөөд зарим хэсэгт усыг зөөврөөр хүргэх бол төвлөрсөн шугамд холбогдсон кемпүүдэд шууд нийлүүлдэг аж. Цэвэршүүлэх үйл явцад урвуу осмосын технологийг ашиглаж байгаа нь ус цэвэрлэгээний хамгийн үр дүнтэй шийдлүүдийн нэгт тооцогддог. Энэ системээр дамжуулан нийт усны 70 хувийг цэвэршүүлж, үлдсэн 30 хувь нь шүүлтийн явцад ялгардаг байна. Харин нийт хэрэглээний дүнгээр авч үзвэл ахуйн болон ундны усанд ашиглаж буй газрын доорх усны хэмжээ маш бага буюу нэг хувьд ч хүрэхгүйг онцолж байна. Уурхайн талбайд 6500-6800 орчим хүн 24 цагийн турш ажиллаж, амьдардаг тул ахуйн усны хэрэглээ тогтмол өндөр байдаг. Үүнээс шалтгаалан хоногт 1200-1600 шоо метр бохир ус үүсдэг ч орчин үеийн цэвэршүүлэх технологийн ачаар 99 хувийг цэвэршүүлж, дахин ашиглаж байгаа нь усны нөөцийг хамгаалах, үр ашигтай зарцуулах бодлогын нэг хэсэг болж байна.

Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн О.Баасандорж: "Оюу толгой" компанийн баяжуулах үйлдвэр нь өдөрт дунджаар 120 мянга орчим тонн хүдэр боловсруулдаг, анхдагч бутлуур, нунтаглалтын хэсэг, уламжлалт хөвүүлэн баяжуулах технологид суурилсан томоохон үйлдвэрлэл юм. Ил болон далд уурхайгаас ирсэн хүдрийг энд хүлээн авч, баяжуулалтын бүх процессыг явуулдаг.
Энэ процесст ус маш чухал үүрэгтэй. Нэг тонн хүдэр баяжуулахад ойролцоогоор 0.414 шоо метр түүхий ус ашигладаг бол технологийн эргэлтийн усыг оролцуулбал нийтдээ 3.3 шоо метр ус хэрэглэж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь бүх ус шинээр ашиглагдаж байна гэсэн ойлголт биш, ихэнхийг нь дахин ашиглаж байгаа юм.
Үйлдвэрээс гарч байгаа хаягдал нь томоохон хоолойгоор дамжин хоёр хаягдал өтгөрүүлэгч рүү хуваарилагдан очдог. Тэнд технологийн эргэлтийн усны ихэнх буюу ойролцоогоор 85 хувийг процессын усан сангуудад хуримтлуулж, дараа нь буцаан үйлдвэр рүү шахаж ашигладаг. Эдгээр сан нь тус бүр 35 мянган шоо метрийн багтаамжтай. Мөн түүхий ус нөөцлөх байгууламжаас үйлдвэр рүү давхар нийлүүлж, технологийн нийт усны хэрэгцээг хангадаг. Харин үлдэж буй ойролцоогоор 60 хувийн нягттай хаягдлыг хаягдлын далан руу шилжүүлдэг. Тэндээс ч мөн тодорхой хэмжээгээр усыг буцаан авч, өдөрт дунджаар 40 орчим мянган шоо метр усыг дахин ашиглаж байна. Ингэснээр баяжуулах үйлдвэрийн усны хэрэглээ нь зөвхөн шинэ эх үүсвэрээс хамаарахгүй, харин дотооддоо эргэлт үүсгэн аль болох дахин ашиглах зарчмаар явж байгаа юм.
Говьд үйл ажиллагаа явуулж буй Оюу толгойн уурхайн усны бодлого бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь очиж танилцахад усыг аль болох хэмнэж, дахин ашиглах зарчим нь үйлдвэрлэлийн бүх шатанд шингэсэн нь тодорхой байв. Газрын доорх усны эх үүсвэрийг малчдын хэрэглээнээс тусгаарласан ордоос авч, батлагдсан нөөцөөс 2 дахин бага хэмжээгээр ашиглаж байгаа нь хяналт, мониторингтой уялдаж байгаа аж.
Үйлдвэрлэлийн хувьд ус нь зөвхөн нэг удаа хэрэглэгдээд хаягдах бус, харин олон шат дамжлагаар дахин дахин ашиглагдаж байна. Мөн ахуйн болон ундны ус нь хүртэл өндөр түвшний урвуу осмосын технологиор цэвэршиж, дахин хэрэглэгдэж байгаа юм. Малчдын оролцоотой мониторинг, тогтмол аудит, ил тод тайлагнал нь усны хэрэглээтэй холбоотой олон нийтийн эргэлзээг тайлах нэг арга болж байна. Усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, төлбөр тооцоо, урт хугацааны гадаргын усны төслүүдэд оролцож байгаа зэрэг нь "Оюу толгой" компанийн онцлох зүйл байсан юм.