АНУ, Израилын Ираны эсрэг дайнаас үүдэн онгоцны түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор дэлхийн агаарын тээврийн компаниудын зардал их хэмжээгээр нэмэгдэж, тийзийн үнэ өсөх, зарим нислэгийг цуцлах эрсдэл үүсээд байгааг анхаарууллаа.
АНУ-ын Delta Air Lines компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан гуравдугаар сард түлшний үнэ огцом өссөнөөс зөвхөн нэг сарын дотор 400 сая ам.долларын нэмэлт зардал гарсан гэж мэдэгдэв. Түүний хэлснээр компаниуд энэ нэмэгдсэн зардлыг тийзийн үнэд шингээж эхэлж байна. Мөн American Airlines компани эхний улиралд түлшний зардал 400 сая ам.доллараар өснө гэж тооцоолжээ.
Европын томоохон авиа компаниудын нэг болох SAS зарим нислэгээ цөөрүүлэхээ мэдэгдэж, “шатахууны үнэ гэнэт, огцом өссөн нь Европын агаарын тээврийн салбарт бүхэлдээ дарамт болж байна” гэж онцолсон байна.
Агаарын тээврийн салбарт том сорилт тулгарч байна
Одоо гурав дахь долоо хоногтоо үргэлжилж буй дайн дэлхийн нислэгийн сүлжээг доголдуулж, Ойрх Дорнодын ихэнх агаарын орон зай хаалттай хэвээр байна. Үүний улмаас нислэгүүд цуцлагдах, чиглэл өөрчлөгдөх, хойшлох явдал ихэсжээ.
Онгоцны түлшний үнэ гол асуудал болоод байгаа бөгөөд хоёрдугаар сарын сүүлээс хойш Европт үнэ хоёр дахин, Азид бараг 80 хувиар өссөн байна. Түлш нь нийт үйл ажиллагааны зардлын 20–25 хувийг эзэлдэг.
Вьетнамын эрх баригчид Хятад, Тайланд улсууд түлшний экспорт зогсоосонтой холбоотойгоор дөрөвдүгээр сараас нислэг буурах эрсдэлтэйг анхааруулжээ.
Дайны нөлөө дэлхий даяар мэдрэгдэж байна
Иран пуужин, дроны довтолгоо хийж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан АНЭУ агаарын орон зайгаа түр хугацаанд хаасан. Мөн Дубайн нисэх буудлын ойролцоо дрон унаснаас гал гарсан тохиолдол гарчээ.
Европын томоохон төвүүдийн нэг Франкфуртын нисэх буудлаар зорчих 86,000 орчим зорчигч нислэг цуцлагдсаны улмаас хохирчээ. Одоогоор тус нисэх буудал ба Ойрхи Дорнод хоорондын нислэгийн гуравны нэг л хэвийн ажиллаж байна. Шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн дарамт нь COVID-19 цар тахлаас хойших хамгийн том сорилт болж байгааг авиа компаниуд онцолжээ.
Тийзийн үнэ өсөх хандлагатай байна
Air France-KLM компани алсын зайн нислэгийн тийзийн үнийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан бол зарим авиа компани шатахууны нэмэлт хураамж нэвтрүүлж эхэлжээ. Гэсэн ч тийзийн үнийг хэт нэмэх нь зорчигчдын эрэлт буурах эрсдэлтэй тул компаниуд болгоомжтой хандаж байна.