Open iToim app
Ярилцлага | 4 мин уншина

Б.Золзаяа: Тамирчны амжилтын суурь нь сэтгэл зүйн бэлтгэл

Б.Золзаяа: Тамирчны амжилтын суурь нь сэтгэл зүйн бэлтгэл
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 18
Өндөр амжилтын спорт зөвхөн биеийн хүч, техник ур чадвараар хэмжигдэхгүй. Тамирчны ялалт, ялагдлын ард сэтгэл зүйн бэлтгэл, дотоод тэнцвэр чухал үүрэгтэй. Монголд энэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, олимпийн таван наадамд ажилласан туршлагатай спортын сэтгэлзүйч Банзрагчийн Золзаяатай ярилцлаа.
-Спортын сэтгэл зүйчээр хэр удаан ажиллаж байна вэ. Туршлагаасаа хуваалцана уу?
-Би 2006 онд спортын сэтгэл судлалаар магистрын зэрэг хамгаалж, түүнээс хойш энэ чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Судалгааны ажлаа эмэгтэй тамирчдын сэтгэл зүйн ур чадварыг үнэлэхэд чиглүүлж, тухайн тамирчинд тохирсон зөвлөгөө боловсруулахыг зорьж эхэлсэн. Ажлын гараагаа МУИС-ийн сагсан бөмбөгийн багаас эхлүүлж байсан бөгөөд одоогоор их сургуульд багшлахын зэрэгцээ тамирчид, дасгалжуулагчид, мөн хүүхдүүдийн эцэг эхтэй хамтран ажиллаж байна. Миний хувьд таван олимпийн наадамд спортын сэтгэлзүйчээр оролцсон туршлагатай. Манай улсад энэ чиглэлийн мэргэжилтэн цөөн учраас жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, байт харваа, хүндийн өргөлт, сагсан бөмбөг, волейбол зэрэг олон төрлийн спортод ажиллаж ирсэн.
–Таныг энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?
-Сурагч байх үед багш маань “Тэмцээн үзэж, спортыг мэдэрч сур” гэж зөвлөдөг байсан. Би өөрөө багаасаа спортод дуртай, сагсан бөмбөг тоглодог хүүхэд байлаа. Оюутан болсноосоо хойш эрдэм шинжилгээний ажилд идэвхтэй оролцож, тамирчидтай уулзан судалгаа хийдэг байсан. Мөн багш нарынхаа зөвлөгөөгөөр мэргэжлээрээ ажиллах шийдвэр гаргасан нь миний замыг тодорхойлсон.
-Монголын спортын сэтгэл зүйн холбоо хэзээ байгуулагдсан бэ?
-2016 оны “Рио” олимпийн дараа монгол тамирчдын сэтгэл зүйн онцлогийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах шаардлагатай гэж үзэн холбоогоо байгуулсан. 2021 оноос хойш үйл ажиллагаа маань илүү өргөжиж, бүтэц бүрэлдэхүүн бэхжсэн. Одоогоор бид эрдэм шинжилгээ, сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж, залуу сэтгэлзүйчдийг бэлтгэж байна.
-Спортын сэтгэл зүй гэж юу вэ?
-Спортын сэтгэлзүйчийн ажил нь зөвхөн зөвлөгөө өгөх бус, тамирчны дотоод сэтгэлийг ойлгож, урам зориг өгөх, мөн дасгалжуулагч болон тамирчны харилцааг сайжруулахад чиглэдэг. Тамирчны сэтгэл зүйн тухайн тамирчны дотор байгаа бодол болон тамирчинд үүсэж болох эрсдэлийг шинжлэх ухааны түвшинд илүү нарийн шинжилдэг. Тийм учраас тамирчин болон дасгалжуулагч энэ тал дээр ажиллах боломж байхгүй. Ингэснээр спортын сэтгэлзүйч, тамирчин, дасгалжуулагч хамтдаа нэг зорилго дор мэргэжлийн ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Тамирчин өөрөө бие сэтгэлээ бэлдэх хүсэлд тулгуурлаж үр дүн нь гардаг.
-Цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?
-Бид “Лос-Анжелес 2028” олимпийг зорин ажиллаж байна. Үүний хүрээнд бүх насны ангилалд судалгаа хийж, спортын шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч байна. Саяхан болсон волейболын Үндэсний дээд лигт манай зургаан сэтгэлзүйч ажиллаж, хамтарсан багууд медаль хүртсэн нь үр дүнгээ өгч байгааг харууллаа.
-Дасгалжуулагчидтай хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Дасгалжуулагч нарт зориулсан харилцаа, сэтгэл зүйн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн сургалтууд илүү системтэй болсон. Мөн эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө өгч, хүүхдийн онцлогт тохирсон хөтөлбөрөөр дэмжихийг зорьдог.
-Оюутан залуус энэ мэргэжлийг хэр сонирхож байна вэ?
-Сүүлийн жилүүдэд сонирхол нэмэгдэж байна. Их, дээд сургуулийн оюутнууд манай байгууллагад дадлага хийж, судалгааны ажилд оролцож байна. Орон нутгийн сэтгэлзүйчид энэ чиглэлээр мэргэших хүсэлт гаргаж, хамтран ажиллах санал тавьж байгаа нь салбарын хэрэгцээ өсөж байгааг харуулж байна.
-Монгол тамирчдын сэтгэл зүйн онцлог юу вэ?
-Монгол тамирчид хурдан сэтгэх чадвар, шуурхай шийдвэр гаргалт, зоригтой байдал зэрэг онцлогоороо ялгардаг.
-Тамирчид анхаарлаа төвлөрүүлэх чадвараа хэрхэн сайжруулдаг вэ?
-Тогтмол сэтгэл зүйн дасгал, бясалгал, зорилгоо тодорхойлох, мөн анхаарал сарниулах хүчин зүйлсийг багасгах замаар төвлөрөх чадварыг хөгжүүлдэг. Тамирчид амжилтанд нь саад болоод байгаа мэдэх тусам тэр зүйлийг арилгах боломж үүснэ. Тэрхүү саад болоод байгаа зүйлээ арилгаж, илүү давуу талаа ашиглаад ирэхээр санаа зоволт төдий чинээ багасаад ирдэг.
-Ялагдлын дараах сэтгэл зүйг хэрхэн зөв удирдах ёстой вэ?
-Ялагдлыг алдаа биш, харин суралцах боломж гэж харах хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд уналтаас хурдан гарах нь дараагийн амжилтын үндэс болдог.
-Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийн талаар сүүлийн үед их яригдаж байгаа. Спортоор хичээллэдэг хүүхдүүд дунд бас ийм хүүхдүүд байгаа. Энэ тал дээр таны бодол.
-Үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэхэд спорт чухал нөлөөтэй. Гэвч спортоор хичээллэдэг хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх орчин хангалтгүй байгаа нь анзаарагддаг. Иймд бид “Донтолтын эсрэг спорт” төслийг хэрэгжүүлж, сургууль болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна.
-Сэтгэл зүйн бэлтгэл биеийн бэлтгэлээс илүү чухал байж болох уу?
-Зарим тохиолдолд тийм. Ижил түвшний биеийн бэлтгэлтэй тамирчдын дунд ялалтыг ихэвчлэн сэтгэл зүйн давуу тал шийддэг. Техникийн тал дээр дээшлээд байдаг боловч сэтгэл зүйн бэлтгэлгүй бол амжилт гаргахад хэцүү. Тамирчид өөр өөрийн гэсэн онцлогтоо тааруулж, сэтгэл зүйгээ бэлдсэнээр амжилтын түвшин дээшилдэг. Тийм учраас биеийн техник болон сэтгэл зүйн хосолсон бэлтгэлтэй тамирчид бусад тамирчдаас ялгардаг.
-Тамирчдад өгөх зөвлөгөө юу байна вэ?
-Спортын техник нь болсон тамирчин өөрөө хүссэн цагт сэтгэл зүйн зөвлөгөө авбал илүү үр дүнтэй байдаг. Тамирчин хүн өөрийн зорилгыг тодорхойлж, сэтгэл зүйн бэлтгэлдээ анхаарах нь маш чухал. Боломжтой бол мэргэжлийн багтай хамтран ажиллаж, өөрийгөө бүх талаар хөгжүүлэхийг зөвлөе.Спортын амжилтын ард зөвхөн биеийн бэлтгэл бус, сэтгэл зүйн бэлтгэл чухал үүрэгтэйг Б.Золзаяагийн туршлага харуулж байна. Монголын спортын сэтгэл зүйн салбар цаашид илүү мэргэшиж, олон улсын түвшинд хөгжих боломжтой байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн