Open iToim app
Ярилцлага | 5 мин уншина

Үсчин мэргэжлээ орхиж, нийтийн тээврийн жолооч болсон Б.Энхжинг онцолж байна

Үсчин мэргэжлээ орхиж, нийтийн тээврийн жолооч болсон Б.Энхжинг онцолж байна
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 18
Нийтийн тээврийн залуу жолооч Б.Энхжинтэй ярилцлаа. Тэрээр 25 настай, гурван хүүхдийн ээж бөгөөд нөхөртэйгөө хамт нийтийн тээврийн салбарт ажилладаг. Тэд хоёулаа “Зорчигч тээвэр-3” компанид жолоочоор ажилладаг бөгөөд түүний нөхөр 2021 оноос энэ салбарт ажиллаж байгаа бол Б.Энхжин өөрөө 2025 оны зургадугаар сараас хойш нийтийн тээврийн жолоочоор ажиллаж эхэлжээ.
-Та анх нийтийн тээврийн жолооч болох шийдвэрийг хэзээ, ямар шалтгаанаар гаргасан бэ?
-Нийтийн тээврийн жолооч болохын тулд жил гаруйн хугацаанд суралцсан. Би анх үсчин мэргэжилтэй байсан. Тэгээд өглөө болгон хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөөд, бас нөхрөө ажилд нь хүргэж өгдөг байлаа. Тэр үед л ажлын газрын орчин, хүмүүсийн амьдрал буцалж байгаа нь их гоё санагддаг байсан. Орой нь нөхрөө ажлаас нь авах гээд очихоор бүгд гэр лүүгээ яарч байгаа нь их сайхан мэдрэмж төрүүлнэ. Тэр бүхнийг хараад жолооч хүмүүс их гоё харагддаг болсон. Тэгээд л би жолооч болох ёстой юм байна гэж бодоод нийтийн тээвэрт ажиллахаар шийдсэн. Манай хамт олны уур амьсгал ч их нөлөөлсөн. Үнэхээр сайхан зан хандлагатай, нэгнийгээ их дэмждэг хүмүүс байдаг юм.
undefined
-Нийтийн тээврийн жолоочийн нэг өдөр хэрхэн эхэлж, хэрхэн өнгөрдөг вэ. Олон хүн мэддэггүй энэ ажлын хэмнэл болоод ачааллын талаар ярьж өгнө үү?
-Манай ажил ер нь үүрийн гэгээнээс л эхэлдэг дээ. Ажилчдын автобусанд амжиж суухын тулд жолооч нар дөрвөн цагт бэлэн байх ёстой, тэгэхээр гурван цаг өнгөрөөд л босно гэсэн үг. Хамгийн эхний автобус өвлийн цагт 06:10-д шугамдаа гардаг болохоор тэрнээс өмнө бааз дээрээ оччихсон байх хэрэгтэй.
Өглөө очоод эхлээд механиктаа автобусаа шалгуулна. Техник хэрэгсэл бүрэн бүтэн байна уу гэдгийг үзүүлнэ, дараа нь замын утсаа авна. Аль шугамд, хэдэн цагаас гарч, хэдэн цагт буух вэ гэдгээ тэндээсээ мэдээд л ажилдаа гардаг.
Шугамдаа явсаар байгаад хамгийн оройдоо 23:30 орчимд бууна. Тэгээд бааз руугаа орж ирээд түлшээ авна, өглөө авсан замын утсаа бөглөнө. Ингээд дахиад ажилчдын автобусандаа суугаад гэр лүүгээ явна. Ер нь бол шөнө 00:00 цаг өнгөрч байж л гэртээ харьдаг даа.
-Эмэгтэй хүний хувьд том оврын автобус жолоодох нь ямар онцлогтой вэ. Анх ажилд ороход танд хамгийн хэцүү санагдсан зүйл юу байсан бол?
-Эмэгтэй хүний хувьд машин техник гэдэг тийм айхтар хэцүү, дийлдэхээргүй зүйл биш ээ. Харин хамгийн хэцүү нь хүмүүсийн хандлага байсан. “Чи юу вэ, чаддаг юм уу?”, “Чи жолооч нь юм уу?” гэх мэтээр басамжилсан үг сонсох үе зөндөө байсан.
Заримдаа урдуур машин тэрэг гэнэт орж ирээд тормослох хэрэг гарахад зорчигчид янз бүрээр хэлж, уурлаж, “чи ер нь больчих” гэх ч тохиолдол байсан. Тийм зүйлүүд эхэндээ нэлээнд хэцүү санагддаг байлаа. Харин одоо энэ бүхэнд дасчихсан.
Б.Энхжин: Эмэгтэй хүн зорьж, хичээж чадвал юуг ч хийж чаддагийг харуулахыг хүссэн
-Өдөр бүр олон зуун зорчигчтой харилцдаг. Тэдэнтэй холбоотой хамгийн дурсамжтай эсвэл сэтгэлд үлдсэн үйл явдал тань юу вэ?
-Хамгийн гоё дурсамж гэвэл нэг удаа манай автобусанд 2-р ангийн болов уу гэмээр жаахан охин орж ирээд, “аниа май” гээд гартаа удаан хадгалсан бололтой нэг чихэр надад өгч байсан. Тэр мөч надад үнэхээр их сайхан санагдаж, одоо хүртэл мартдаггүй. Ер нь зарим зорчигчид сайхан үг хэлж, өхөөрдөж ханддаг нь их урам өгдөг юм.
-Жолоочийн ажил хариуцлага өндөртэй. Аюулгүй байдал, сахилга бат, сэтгэл зүйгээ тогтвортой байлгахын тулд та өөртөө ямар зарчим баримталдаг вэ?
-Ер нь энэ ажилд хамгийн чухал нь тэвчээртэй, хүлээцтэй байх гэж боддог. Аль болох тайван байж, зорчигчдоо аюулгүй авч явах, хэнийг ч орхихгүй байхыг л хамгийн түрүүнд боддог. Тайван л байж чадвал болчихдог юм.
Заримдаа хажууд зэрэгцэж явсан машинууд гэнэт шахаад орж ирнэ. Тэр үед нь бага зэрэг сандарна. Гэхдээ мөргөлдчихгүйн тулд тормос гишгэхээр доторх зорчигчид уурлах үе гарна. Тийм нөхцөлд ч аль болох тайван байхыг л хичээдэг.
Орой ажлаа дуусгаад буухад бага зэрэг ядарсан, ачаалалтай байдаг. Харин гэртээ ороход хүүхдүүд маань “ээжээ” гээд гүйж ирээд тэврэхээр тэр өдрийн бүх стресс шууд алга болчихдог юм.
undefined
-Ажлын цаг урт, ачаалал их байдаг. Энэ үед гэр бүл, хувийн амьдралынхаа тэнцвэрийг хэрхэн хадгалдаг вэ. Гэр бүлийнхэн тань таны ажлыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай гэр бүлийнхэн миний энэ шийдвэрийг их сайнаар хүлээж авсан. Аав, ээж, ойр тойрны хүмүүс гээд бүгд л дэмждэг. Аав, ээж хоёр хүүхдүүдийг маань харж, асарч тусалдаг. Том охин ч багаасаа биеэ даасан, дүү нараа эмээ, өвөөтэйгөө сайн харчихдаг юм.
Нөхөртэйгөө нэг байгууллагад, нэг ээлжээр ажилладаг болохоор өглөө хамт гарч, орой хамт харьдаг. Амарсан өдрүүддээ хүүхдүүддээ аль болох их цаг гаргахыг хичээнэ. Амралтын хувьд ачааллаасаа л хамаарна. Улсын баазууд тал талдаа явдаг, хувийн баазууд ч бас ачааллаас шалтгаалаад янз бүр байдаг. Манайх бол өдрийн тал ээлжээр явдаг.
Гэхдээ ажлын онцлогоос болоод хүүхдүүддээ гаргах цаг тийм ч их биш. Ихэнхдээ хүүхдүүдээ унтаж байхад нь гараад, унтаж байхад нь ирдэг юм. Манай том охин 2-р анги, есөн нас хүрч байгаа. Багаасаа л бие даасан хүүхэд. “Би дүү нараа сайн харж байгаа шүү” гээд видео дуудлагаар ярьдаг нь их хөөрхөн санагддаг.
undefined
-Та сошиал хаягаараа ажлынхаа талаар видео хийж эхэлсэн байсан. Ийм контент хийх болсон шалтгаан юу вэ, мөн олон нийтэд ямар мессеж хүргэхийг хүсдэг вэ?
-Цаашдаа бичлэгүүдээ тогтмол хийж үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Миний хүргэхийг хүссэн гол мессеж гэвэл хүмүүсийн дунд “залуу үе бэлэн зүйл дээр суусан”, “ажилд муу” гэх ойлголт байдаг шүү дээ. Харин үнэндээ манай залуус маш их хичээж, хөдөлмөрлөж байгаа гэдгийг харуулахыг хүссэн.
Мөн эмэгтэй хүн том тэрэг барина гэхээр “чадах уу, болох юм уу” гэж хардаг хандлага одоо ч байна. Тэр ойлголтыг өөрчилж, эмэгтэй хүн зорьж, хичээж чадвал юуг ч хийж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн юм.
-Таны ойрын төлөвлөгөө юу бол. Мөн төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа болов уу?
-Манай гэр бүлийн хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл гэр бүлээрээ аялалд явах юм. Зун амралтаа аваад, нөхөр бид хоёр зэрэг амарч, хүүхдүүддээ мартагдашгүй дурсамж үлдээхийг хүсэж байна. Европын орнуудаар аялна гэж төлөвлөж байгаа. Цаашдаа бид илүү хичээж, амьдрах орчноо сайжруулж, улам илүү сайхан амьдрахын төлөө хичээж байна.
Төгсгөлд нь хэлэхэд, манай эмэгтэйчүүд үнэхээр мундаг шүү. Маш дайчин, хөдөлмөрч хүмүүс. Салбар бүрт олон эмэгтэйчүүд хүчтэй орж ирж байна. Та бүхэн үнэхээр мундаг. Мөн манай залуу үеийнхэн их хичээж байгаа. Та нартаа мундаг шүү гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. 
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн