Open iToim app
Таны сонорт | 5 мин уншина

Н.Энхбат: Өмнөговийг уул уурхайтай, аялал жуулчлалтай аймаг гэж ярьдаг. Цаашид төмөр замтай аймаг болгоно

Н.Энхбат: Өмнөговийг уул уурхайтай, аялал жуулчлалтай аймаг гэж ярьдаг. Цаашид төмөр замтай аймаг болгоно
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 18
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаныхан энэ сарын 13-15-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж говийн бүсэд хэрэгжиж буй төмөр зам, автозам, иргэний нисэхийн дэд бүтцүүдээ олон нийтэд танилцуулж, өдөрлөг зохион байгуулав. Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатаас тус аймагт хийгдэх зарим төслүүдийн талаар тодрууллаа.
-Монголын төмөр зам ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Даланзадгад сумыг Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомтын чиглэлийн төмөр замтай холбож, суурь дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь ажил хэрэг болсноор ямар өөрчлөлтийг авч ирнэ гэж харж байна вэ?
-Өмнөговь аймгийн төвийг Тавантолгой уурхай байрладаг Цогтцэций  сумтай холбох төмөр замын ТЭЗҮ буюу техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар шийдэж, гарын үсэг зурлаа. ТЭЗҮ болон зураг төслөө хийж байж аймгийн төвөө холбоно. Ер нь хоёр хил рүү гарч буй төмөр замыг зөвхөн экспорт, нүүрс, баяжмал гардаг бус импортоор бараа авдаг. Замын-Үүдийн боомтыг хүлээх бус Гашуунсухайтын боомтоороо барилгын материал хүнс,  хувцас, тавилга хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг оруулж ирдэг болно. Замын-Үүд, Эрээнээс юу оруулж ирдэг билээ. Тэр болгоныг урд хилээрээ оруулж ирэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Төмөр замынхаа үзүүрийг аймгийн төвтэйгөө холбох энэ ажлыг хийж байгаадаа баяртай байна. Өмнөговийг уул уурхайтай, аялал жуулчлалтай аймаг гэж ярьдаг. Цаашид төмөр замтай аймаг болгохоор зорилт тавьж байна. Манай аймагт хүн амын болон нийгэм эдийн засгийн өсөлт өндөр. Үүнээс гадна хамгийн хол буюу 2000 км-ийн цаанаас бараа, бүтээгдэхүүн татаж авдаг учраас бусад аймгуудтай харьцуулахад бараа бүтээгдэхүүн нэлээд өндөр. Гэтэл 70 км-ийн цаанаа хаяанд нь хилийн боомт байна. Түүнийг төмөр замаар холбоод импортын барааг шууд авах боломжтой. Ингэж чадвал бараа бүтээгдэхүүний болон барилгын материалын зах зээл ч бас сайхан болно. Жишээлбэл, Гашуунсухайт боомтоор арматур оруулж ирж Цогтцэцийд зардаг болсноос хойш үнэ нь буусан. Хуучин Хятадаас гарсан арматур Эрээнд ирж, Эрээнээс Улаанбаатарт, дараа нь аймаг, сүүлд нь Гурвантэст очдог байсан. Энэ үед арматурын үнэ өндөр байсан ч шууд аймаг руу орж ирдэг болсноос хойш тээврийн зардал харьцангуй буурч, өртөг нь бага болсон. Энэ мэтчилэн ойрхноос чанартай барааг хамгийн хямд зардлаар авч ирэх боломж бүрдэнэ.
-Гурвансайхан нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудал яригдаж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Энэ талаар яривал.
-Манай аймгийн Гурвансайхан нисэх буудлыг олон улсын нисэх зэрэглэлтэй нисэх буудал болгох асуудал олон жил яригдаж байгаа. Бид орон нутгийн хөрөнгө оруулалтаараа хуучин нисэх буудлаа засаж, өргөтгөх ажлыг хийнэ. Энэхүү ажлыг энэ оны төсөвтөө оруулсан байгаа. Яаралтай засвараа хийгээд онгоц гадаадаас ирээд шууд Өмнөговьд буудаг. Энд штамбр, гаалиа даруулж, паспорт дээрээ даруулдаг. Түүнчлэн Хилийн цэрэг, Гадаадын иргэн харьяатын газар, Гааль зэргийг нисэх буудалдаа байгуулах нь чухал байна. Манай улсад ирж буй нийт жуулчдын 90 хувь нь Өмнөговьд ирдэг гэсэн тооцоо бий. Манайх өнгөрсөн онд 34 мянга жуулчин хүлээн авсан. Эдгээр хүмүүс юу хүсэж байна вэ гэхээр шууд энд нисэж ирээд буцдаг байхыг хүсэж байна. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн автозам маш их ачаалалтай. Жуулчид манай аймагт ирэхийн тулд Чингис хаан нисэх онгоцны буудлаас эхлээд олон цагийг түгжрэлд зарцуулдаг. Үүнээс гадна буудлын зардал гэхчлэн урсгал зардал ч их гардаг. Үүнийг шууд агаарын тээврээр шийдвэл ирэх жуулчдын тоос өснө. Буцаж байгаа хүмүүсийн сэтгэгдэл ч өндөр үлдэнэ. Нэг ирсэн хүн дараа нь бусад найзыгаа авч ирнэ. Энэ нь жуулчны бааз, ресторан гэхчлэн үйлчилгээний газруудад орох хөрөнгө оруулалтыг өсгөнө. Бид эхний ээлжид Солонгос, Япон, Хөх хот, Ордос руу шууд нислэг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй гарын үсэг зурсан. Энэ ажил бүтвэл монгол орны өмнөд хэсэг Өмнөговь аймаг аялал жуулчлалаараа хамгийн их хөгжсөн бүс нутаг болно. Үүнийгээ дагаад хүн амын шилжин ирэх хөдөлгөөн нэмэгдэх юм. Манай аймагт одоогоор 150 мянга гаруй хүн ажиллаж, амьдарч байна. Үүний 82 мянга нь бүртгэлтэй. Харин бусад нь бүртгэлгүй буюу ростероор ирж, очиж ажилладаг хүмүүс. Хэрэв төмөр замтай холбогдож, олон улсын нисэх буудалтай болчих юм бол иргэдийн тоо 500-600 мянгад хүрнэ гэсэн тооцоо байна.
-Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Өмнөговь аймагт хамгийн их эрдэс баялаг, уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй холбоотойгоор урагшаа гарах экспорт, импортыг нуруундаа үүрж явж байна. Тэрхүү гол ажлыг Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг ажил авч явна. Монголын талаас ярьсан цаг хугацаандаа ажлаа хийж байгаа. Энэхүү бүтээн байгуулалтын дараа Шивээхүрэнгийн боомт буюу Гурвантэст байдаг боомтыг төмөр замаар холбоно. Энэ нь хоорондоо 300 метрийн зайтай шууд холбогдоход өндөржилт, зөрүүгүйгээр хаагдсан зам юм. Тэгэхээр зүүн хилийн болон баруун хилийн төмөр замын холболтыг БНХАУ-ын “Баяннуур”, “Алшаа” аймагтай холбогдох юм бол аймгийн төдийгүй Монгол Улсын экспорт нэлээдгүй хэмжээгээр өснө. Үүнийгээ дагаад орон нутгийн болон улсын төсөв нэмэгдэнэ. Улсын төсөв төвлөрүүлдэг орон нутгийн ачаа гэж байдаг. Өмнөговь аймаг улсын төсөвт хамгийн ихдээ 1.7 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээж байсан. Бид жилд дунджаар 1.1 их наяд төгрөг төвлөрүүлдэг. Тэгэхээр улсад төвлөрүүлэх дүнгээ биелүүлэхэд энэ ажил маш чухал ач холбогдолтой юм.
-Өмнөговь аймаг орон нутгаас анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд гаргахаар ажиллаж байна. Уг ажил юу болсон бэ?
-Орлогоо өөрөө төвлөрүүлдэг аймгуудад бонд гаргах эрх өгч байгаа. Бонд гаргах эрхээ УИХ, Засгийн газар, Аймгийн ИТХ, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас авдаг. Одоогоор Монголбанкан дээр нэг журам өөрчлөгдөхөд л бондоо гаргахад бэлэн болсон. Засгийн газраар шийдүүлж, 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор болсон. Босгосон мөнгөөрөө дулааны цахилгаан станц барина. Энэ ажил удахгүй явна. Шийдвэр гарах бүрд олон нийтэд мэдээлээд явна.
-Ярилцсанд баярлалаа.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн