“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд X байр эзэлсэн Graph.mn сайтын сэтгүүлч Н.Саруулдөлийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
• • •
2011 он. Реппер Big Gee алдарт “Хужаа” дуугаа гаргаж байлаа. Заазуур барьчхаад зоригтой гэгч нь үглэх түүний энэ дуу нийгэмд маш том сэдвийг гаргаж тавьсан. Магадмонгол цустай гэж өөрийгөө боддог хэн бүхэн энэ дууг сонсохдоо хятадуудыг үзэн ядах сэтгэл нь дүрэлзэж байсан биз. Яг энэ л цаг үед захын нэг залуугаас Орос дээр үү, Хятад дээр үү гэж асуувал эргэлзэлгүй Орос гэж хариулна. Яагаад гэвэл монголчуудын толгойд Орос бол их өрийг тэглэж өгсөн, Орос бол бидний ах, харин Хятад бол тэмбүүтэй трусы Монгол руу явуулж, монголчуудыг байнга хорлодог гэсэн бодол байсан.
2024 он. Реппер Big Gee Хөх хотод тоглолтоо хийх гэж байсан ч Хятадын талаас тоглолтыг нь цуцалжээ. Шалтгаан нь нөгөө л “Хужаа” гэх дуу. Хятадуудыг үзэн ядсан эл дуугаа тэрээр хятадуудын дунд очиж дуулах гэж байж. Бас л бөх зүрхтэй байгаа биз. Гэхдээ Хятад талаас түүнийг дураар нь дургиулсангүй. Энэ сэдэв тэгэсгээд замхарсан. Харин энэ сэдэв дэгдэж байх үед захын нэг залуугаас Орос дээр үү, Хятад дээр үү гэж асуувал Хятад дээр ч юм уу гэж хариулж мэднэ. Яагаад гэвэл Оросууд цахилгаан станц барих ажлыг гацааж, монголчуудад дээрэлхүү ханддаг гэж хариулах нь лавтай. Яагаад Хятад арай дээр юм бэ гэвэл манай нүүрсийг худалдаж авдаг, магадгүй миний бизнес хятадтай холбоотой гэж хариулах биз.
2023 онд Стратеги судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаанд монголчуудын хятадад хандах эерэг хандлага ихээхэн өсөж, сөрөг хандлага буурч байгааг дурдсан. Энэ бол БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн нотолгоо. Том гүрний бодлого бол ерөөсөө л өөрийн газар нутгаа тэлэх. Орчин үед бол дайн хийж, хэдийнэ зурагдсан хилийн шугамыг өөрийн болгох нь бүдүүлэг. Харин үүний оронд нөлөөгөө тэлэх замаар өөртөө уусгах нь том гүрний зорилго болсон. Хятад үүнийгээ зөөлөн хүчний бодлогоор хэрэгжүүлдэг. Соёлоо гадагш гаргачихвал энэ бодлого хэрэгжлээ гэж үзнэ. Үүнд,
● Кино урлаг хамгийн чухал нь. Шинжлэх ухааны академийн судалгаанаас зарим тоо баримт хүргэе.
2018 оны байдлаар Хятадын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутны тоо 10 мянга давсан нь түүхэн дээд хэмжээ юм байна. Харин 2021-2022 оны хичээлийн жилд 6403 болж буурсан. Үүний 2228 нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байжээ.
2023 онд ЕБС-д хятад хэл сурагчдын тоо 2017 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн нь хятад хэл сурч байгаа дотоодын их, дээд сургуулийн оюутны тооноос 3 дахин их байна.
Хятадын Big-4 гэгддэг Синьхуа агентлаг, Ардын өдрийн сонин, Хятадын төв радио, CCTV-гийн сурвалжлагч Монголд ажиллаж байна. 2013 онд хоёр улсын баталсан хөтөлбөрийн дагуу 2015-2019 онуудад Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын 50 төлөөлөгч Хятадад айлчилдаг уламжлал тогтож, нийт 245 сэтгүүлч айлчилсан талаар судалгаанд дурджээ.
Мөн судалгаанд Ковид-19 цар тахлын үеэр БНХАУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монголын голлох мэдээллийн сайтууд eagle.mn, news. mn, ikon.mn, gogo.mn, montsame.mn, bloombergtv.mn сайтуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд эдгээр сайтад Хятадын Засгийн газраас ковидтой тэмцэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилсэн мэдээ байхгүй, эмч сувилагч нарыг дэмжиж хүндэтгэсэн, богино хугацаанд ковидын тархалтыг барьж, эдийн засгаа сэргээж чадсан Хятадын туршлагын тухай өгүүлсэн нийтлэлүүд байсан аж. Хятад вакцины чанарт эргэлзэх, ковидыг Хятадаас гаралтай гэж үзэх зэрэг таагүй сэтгэгдлүүд нийгмийн сүлжээн дээр харагддаг боловч албан ёсны мэдээллийн сайтууд иймэрхүү мэдээлэл нийтэлдэггүй гэж судалгаанд дурджээ. Монголын телевизүүдээр гарч буй киноны 30 хүрэхгүй хувь нь солонгос кино байдаг юм байна. Энэ тоо 2018, 2019, 2020 онд тогтмол байв. Харин хятад кино 2018 онд 10.5 хувь, 2019 онд 13.5 хувь, 2020 онд 15.1 хувь болж тогтмол өсөж байгааг судалгаанд дурджээ.
2018-2023 оны хооронд Хятад Улс Монголд дөрвөн удаа кино өдрүүд зохион байгуулж, 38-УСК, 3-ОАК гаргасан бол Монголоос Хятад Улсад нэг удаа дөрвөн УСК гаргасан.
Хятадын зөөлөн хүчний бодлогын тулгуур болсон гурван хүчин зүйлийн нөлөө Монголд ийнхүү өсөж байна.
Эргээд эхний асуулт руу очъё. Орос нь дээр үү, Хятад нь дээр үү гэдэгт Стратеги судалгааны хүрээлэнгийн судалгаа хариулт өгснийг дээр дурдсан. Эхэндээ бид Орос нь дээр гэдэг байсан бол одоо хятад нь дээр ч юм уу гэж эргэлзэх болсон. Арваад жил өнгөрөхөд бидний санаа бодол, нөхцөл байдал ингэж өөрчлөгджээ. Иргэд бид Хятад нь арай дээр ээ гэж эрэмбэ тогтоох нь байж болох л зүйл. Харин гадаад бодлого, дипломат ёсонд Хятад нь дээр, Орос нь дээр гэдэг эрэмбэ байж болшгүй. Гэтэл эрх баригчид аль хэдийнэ “Хятад нь дээр” гэдэг дээр тогтчихсон бололтой.
Үе үеийн ерөнхийлөгч нар олон хүнийг уучилж байжээ. Тодруулбал, авлигачин, татвар төлөхөөс зайлсхийгч, хулгайч, тагнуулч гэх мэт. Эдгээрээс онцлох нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалууд.
Тэрээр М.Энхсайхан, Д.Мөнх-Эрдэнэ, Н.Өнөрцэцэг, Ц.Хулан нарын хүмүүсийг жил дараалан уучилсан. М.Энхсайханыг эс тооцвол тэдэнд нэг адил шинж байгаа нь Хятад улс, тэр дунд Хятад улсын төр, тагнуултай холбоо хамаарал бүхий гэж хардагддаг этгээдүүд байгаа юм.
Д.Мөнх-Эрдэнэ. Монгол Улсаас Хөх хотод суух Ерөнхий консул байхдаа дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж, өөрийн болон ажилтнуудынхаа нэр дээр өндөр үнэтэй тээврийн хэрэгслийг БНХАУ-д татваргүй нэвтрүүлсэн зөрчил гаргасан. Улмаар шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил, 6 сарын хорих ял сонсоод, эдэлж байхад нь Ерөнхийлөгч уучилж, сулласан.
Н.Өнөрцэцэг. Х Богд болон гэр бүл, гэр бүлийн бизнес рүү дайрсан үйлдэл нь Хятадын явуулга байсан юм биш үү гэж хардагддаг. Түүний хэрэгт төрийн нууц авагдсан тул хаалттай шийдэгдсэн. Шүүхээс 4 жил 9 сар хорих ял сонсоод эдэлж байхад нь Ерөнхийлөгч уучилж, сулласан.
Ц.Хулан. Гадаадын тагнуултай хууль бусаар хамтран ажилласан. Муухайгаар хэлэхэд улсаа худалдсан гэх хэрэг. Шүүхээс түүнийг аль улсын тагнуултай хамтран ажилласныг хэлээгүй ч Х Богдтой холбоотой ярьж байсан зарим зүйлс нь Хятадаас санхүүжилт авсан гэж хардахад хүргэдэг. Тэрээр 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлээд байхдаа Ерөнхийлөгчөөс уучлалт гуйж суллагдсан.
Ерөнхийлөгч Хятадтай ингэж холбогддог гурван хүнийг жил дараалан уучилж, сулласан нь тохиолдол гэж үү?
Хятадад хамгийн их найддаг институт. Яагаад гэвэл Хятад л манай нүүрсийг авахгүй бол манай төсөв бүрдэхгүй зовлонтой. Энэ л зовлон заримдаа гадаад бодлогын тэнцвэрийг алдуулахад хүргэдэг байж мэднэ.
Тухайлбал, Засгийн газрын тэргүүн сүүлийн таван жилд БНХАУ-д таван удаа айлчлал хийжээ. Энэхүү таван айлчлалыг тавууланг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хийсэн байна. Ерөнхий сайд Г.Занданшатар одоогийн байдлаар БНХАУ-д айлчлаагүй.
Харин Засгийн газрын тэргүүн сүүлийн таван жилд ОХУ-д хоёр удаа айлчилжээ. Энэхүү хоёр айлчлалыг Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 онд хийсэн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа нэг ч удаа ОХУ-д айлчлаагүй гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ таван жилийн хугацаанд БНХАУ-д тав айлчилж, ОХУ-д нэг ч айлчлаагүй нь тохиолдол гэж үү?
Улаанбаатар хотын өнгө төрх хятаджуу болжээ. Хотын хаа сайгүй ногоон дээр шараар “Ланжоу ламен” гэх зэргээр бичсэн хятад хаягтай хоолны газрууд. Болохгүй зүйл биш ч нэг л Эрээн хот шиг мэдрэмж төрүүлдэг. Зөвхөн энэ мэдрэмж биш хотын удирдлагуудын зарим үйлдэл, шийдвэр тэднийг хятадад талтай болсныг илтгэнэ.
Туулын хурдны зам. Хонконгийн ХаоЮань групп шалгарсан бөгөөд 2.3 их наядын төсөвтэй.
Сэлбэ дэд төв. Нэгдүгээр багцыг CSMC компани 373 тэрбумаар, хоёрдугаар багцыг China construction sixth engineering bureau corp компани 453 тэрбумаар гүйцэтгэнэ.
Ганц нэг мега төслийг БНХАУ гүйцэтгэж байгаа гээд нийслэлийн удирдлагуудыг хятадад талтай гэхгүй. Хамгийн гол нь Х.Нямбаатарын үг, үйлдэл. Унаж яваа хятад машинаа зараад оронд нь дахиад л хятад цахилгаан машин авах гэж байгаагаа зарлаж байна. Үнэндээ Х.Нямбаатар хятад машин сурталчлах нь Нара фэйсбүүкээрээ бараа лайвдаж зарахтай адил. Ялгаа нь Нара ёс зүйн торгууль авсан бол Х.Нямбаатар тэгээгүй. Бүр цаашилбал түүний санаачилгаар УИХ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг 2030 оны 6-р сарын 1-ний өдрөөс хориглосон. Буруу талдаа рультэй япон машиныг биш зөв талдаа рультэй хятад машин хилээр орж ирнэ гэсэн үг. Энэ бүхний ард ашиг, сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй.
Л.Оюун-Эрдэнийн дотны анд Х.Нямбаатарын зарим үйлдэл, шийдвэр хятадтай холбогдоод байгаа нь тохиолдол гэж үү?
Төрийн өндөрлөгүүдийн эдгээр үйлдэл цаг хугацааны хувьд зэрэгцэж таардаг нь бид гадаад бодлогодоо нэг талыг хэт баримтлаад байгаа юм биш биз гэж сэрэмжлэхэд хүргэж байна. Манай улс бол Украинтай адил буфер улс. Украины нэг тал АНУ тэргүүтэй барууныхан бол нөгөө тал нь ОХУ. Хоёр талдаа тэнцвэртэй хандахгүй бол яадгийг Украинаас харсан. Гадаад бодлого бол олсон дээр алхахтай адил. Унахгүйн тулд тэнцвэр хэрэгтэй.
Хэдий Х.Нямбаатарыг хятадад элэгтэй гэж хардаад байгаа ч тэр нэг зүйлийг үнэн хэлсэн. “Дэлхийн нийт метро туннелийн ажлын 85 хувийг, дэлхийн нийт эрчим хүчний тэн хагасыг, дэлхийн бүх нүүрсний станцуудын турбин генератор трансформаторын 80 хувийг хятадууд хийж байна. Тэгэхээр бид нар Хятадын дээгүүр даваад өөр газрыг Хятадаас хямд өртгөөр хий гэх боломж байгаа юу. Бид хоёр хөрштэйгөө харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь байх зүй ёсны асуудал” гэсэн. Энэ үнэн. Хятад биднийг зөөлөн хүчээр далайлгаж байгаа ч дэлхийн эдийн засгийн төв болсон энэ улсгүйгээр бид томоохон бүтээн байгуулалт хийнэ гэж үлгэр.
Хамгийн гол нь гадаад бодлогынхоо тэнцвэрийг алдахгүйгээр, хятадын зөөлөн хүчний бодлогод автахгүйгээр урагшлах нь чухал байна. Санаагаар болдог бол хоёр зүйлийг хэрэгжүүлчихмээр.
Иргэний нийгэм, сэтгүүл зүй
Бидэнд байгаа хамгийн том хөзөр бол ардчилал. Ардчилалд сэтгүүл зүй, иргэний нийгэм чөлөөтэй ажиллаж чаддаг. Иргэд хэлэх үгээ хэнээс ч айж эмээхгүйгээр илэрхийлж болно. Бид дипломат байдлаар Ши Жиньпин дээр очоод манай улсыг нөлөөндөө оруулах гэж оролдохоо боль гэж хэлж чадахгүй. Оросын дургүйг хүргэхээр бензиний крантаа хаачихдаг шиг, нүүрс худалдаж авахаа больчих эрсдэлтэй. Харин үүний оронд зөөлөн хүчний бодлого, гадаад бодлогын тэнцвэрийн талаар дотооддоо үг хэл, үзэл бодлоо байнга илэрхийлж, хэвлэн нийтэлж байх нь чухал. Иймийн тулд хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг чөлөөтэй байлгаж, төрийн аливаа шахан хавчлагаа болимоор байна.
Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж, хэрэгжүүлэхээ зарласан. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулахын тулд батлан хамгаалах салбараа сайжруулж, аливаад бэлэн байх ёстой гэнэ. Энэ бол алдаа. Тусгаар улс л юм хойно иргэдээ батлан хамгаалах цэрэг армитай байх нь зүй. Гэхдээ дэлхийд цэрэг армиараа гайхагдсан хоёр том гүрний дунд байгаа 3 сая хүнтэй манай улс батлан хамгаалах салбараа сайжруулаад сайжруулаад Хятад, Оросыг давах хэмжээний болно гэдэг юу л бол. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадварыг сайжруулахын тулд батлан хамгаалах салбараа бэхжүүлэхээс илүү иргэдийнхээ оюуны дархлаатай ажиллах шаардлагатай байна. Зөөлөн хүчний бодлогын эсрэг зөөлөн хүчээр үзнэ гэсэн үг. Зөөлөн нь хатуугаа иддэг гэж ярьдаг шүү дээ.
Жишээлбэл, Шведийн Засгийн газраас иргэнийг бэлтгэх гарын авлагыг гаргадаг. Хамгийн сүүлд 2024 онд шинэчлэн хэвлэсэн. Уг гарын авлага бол яаралтай байдал, хямрал, дайны үед бэлэн байх, яах ёстойг зааж өгдөг баримт бичиг юм. Сонирхолтой нь гарын авлагын 5 дахь хуудаст “Хэрэв Швед рүү халдвал бид хэзээ ч бууж өгөхгүй. Бууж өгсөн гэж хэлбэл тэр нь худлаа” гэж маш тодоор бичсэн байдаг. Үүнийг уншсан иргэн аюул байгаа гэдгийг мэдэрсэн ч, төр болон холбогдох институт юм хийж байгаа гэдэг дархлаатай болдог. Гэтэл Монголд эсрэгээрээ төрд итгэх итгэл улам алсарч байна. Үүнийг сэргээж, үндэсний оюуны дархлааг бий болгосноор сөрөн тэсвэрлэх стратеги амжилттай хэрэгжинэ. Ингэж л бид эртнээс монголчуудыг өөртөө уусгахаар зорьж ирсэн урд хөршийнхөө нөлөөг зөвөөр ашиглаж, ондоошлоо хамгаалж чадна.
Алдарт Game of Thrones цувралд Петр Бэйлиш “Chaos is a ladder” гэх алдарт ишлэлээ хэлсэн байдаг. Утгачилбал, эмх замбаараагүй байдал бол шат. Петр Бэйлиш бол улс төрийн хямралыг аюул биш, боломж гэж үздэг хүн. Бусад нь эмх замбараагүйгээс айж, тогтвортой байдлыг эрэлхийлж байхад харин тэрээр хямралыг ашиглан өөрөө дээшилж, эрх мэдэлд хүрэхийг зорьдог. Яг үүнтэй адил Хятадын зөөлөн хүчний бодлого хүчирхэгжиж, эрх баригчид гадаад бодлогын тэнцвэрийг алдаж буй энэ цаг үе бол Петр Бэйлишийн хэлдгээр “Chaos” юм. Үүнийг далимдуулан бид ардчиллаа бэхжүүлж, үндэсний оюуны дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Бэрхшээл бол боломж юм.