Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэл өөрчлөх тухай тогтоолын төслийн танилцуулахаар бэлтгэж байна. Яагаад гэхээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд хамгийн их өртөж буй орнуудын нэг бөгөөд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай улсын агаарын дундаж температур 2.46 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундажаас даруй хоёр дахин өндөр дулаарал явагдаж байгаа гэсэн үг юм.
Уур амьсгалын энэхүү өөрчлөлт нь бэлчээрийн доройтол, усны нөөцийн хомсдол, ган, зудын давтамж, хуурайшлын эрчим нэмэгдэх зэрэг манай улсад олон талын эрсдэлийг бий болгож байна. Дээрх нөхцөл байдлаас нүүдлийн мал аж ахуйд түшиглэсэн манай улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, улмаар малчдын амьжиргаанд сорилт учруулах болсон.
Монгол Улс нийтдээ 110 сая орчим га бэлчээрийн экосистемтэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том бэлчээрийн экосистемүүдийн нэгд тооцогддог. Сүүлийн үеийн судалгаар нийт бэлчээрийн 70% нь доройтож цөлжилтөнд нэрвэгдсэн тоо баримт байна. Ер нь зохистой ашигласан бэлчээрийн хөрс нүүрстөрөгчийг тодорхой түвшинд шингээх боломжтой.
Гэвч бэлчээрийг тогтмол сэлгэх, малын тоог бэлчээрийн даацанд тохируулан зохистой ашиглаж байж энэ нүүрстөрөгчийн шингээх чадварыг хадгалах боломжтой юм. Монгол Улсын Засгийн газар 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 166 дугаар тогтоолоор “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай шийдвэр гаргаж, малчдын хоршоонд суурилсан орон нутгийн эдийн засгийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн.
Уур амьсгалын Үндэсний хорооны чиг үүргийг өөрчлөх тогтоолоор энэхүү хөдөлгөөнийг уур амьсгалын бодлоготой уялдуулан хөгжүүлж, бэлчээрийн тогтвортой менежмент, ойжуулалт, экосистемийн нөхөн сэргээлтэд суурилсан нүүрстөрөгчийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
Цаашид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг төсвөөс хараат бус, малчид өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалж шууд үр шимээ нүүсртөрөгчийн төслөөр дамжуулан олон улсын зах зээлээс ашиг шимийг нь хүртдэг байхаар бодлогын чиглэлийг тодорхойлсон юм. Үүний зэрэгцээ “Нүүрстөрөгчийн Үндэсний бүртгэлийн систем”-ийг бүрдүүлж, цаашид манай улсад хэрэгжих нүүрстөрөгчийн төсөл хөтөлбөрийг нэгдсэн, ил тод, засаглалын тогтвортой байдлаар хангах зорилготой юм.