“Нийтлэлч Отгонбаяр сан”-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд VIII байр эзэлсэн Эргэлт.мн сайтын сэтгүүлч Г.Батзоригийн нийтлэлийг хүлээн авч уншина уу.
• • •
Монгол Улс уул уурхайн салбараас өндөр өгөөж хүртэх боломжтой хэдий ч өнгөрсөн хугацаанд хүчийг нь тарамдуулсаар өдийг хүрлээ. Хэрэв бид өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд ойлголт, үзэл санаагаа нэгтгэж, уг салбарт тогтвортой, нэгдсэн бодлого баримталж, талцал хуваагдлаас ангид байж чадсан бол нөөц баялгаасаа багахан ашиглаад л улс нийтээр үсрэнгүй хөгжих байв. Тэгвэл бид боломжоо алдахад нөлөөлсөөр ирсэн голлох бодит шалтгаануудаас заримыг дурдъя.
Дээрээ суудлаа, доороо гүйдлээ олдоггүй
Манай улстөрчид, салбарын яамд санаа зорилго, бодлогоо нэгтгэх чадамжгүй. Тус тусын хувь, хувьсгалын эрх ашиг, зорилгыг эхэнд тавьж шөргөөлцөлдөцгөөсөөр өдийг хүрсэн. Энэ нь төрийн нэгдсэн бодлогыг ганхуулж, улс орны эдийн засаг, хэтийн төлөвт хор уршиг тарьсаар ирсэн билээ. Үүнтэй холбоотой ойрын хоёр жишээ байна.
Юуны өмнө уншигч та өнгөрсөн зун батлагдсан Засгийн газрын 55 дугаар тогтоолыг санаж байгаа байх. Засгийн газрыг огцруулах үндэслэл болгож гаргаж тавьсан дуулиантай тогтоол шүү дээ. Уг тогтоолыг баталснаар төсөвт 200 орчим тэрбум төгрөгийн хохирол учруулах нөхцөл бүрэлдсэн гэх тайлбарыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг тавьж, Засгийн газрыг зарим компанид үйлчилсэн хэмээн буруутгасан. Харин нөгөө талд нүүрсний орлого тасалдсан тухайн цаг үед уг тогтоолыг баталснаар алдагдал хүлээх бус 130 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах алхам болсон хэмээн салбарын сайд нь хариу барьж байв. Яг үнэндээ, уг тогтоолыг тойрсон шүүмжлэл, маргаан нь түмний эрх ашиг гэхээс илүүтэй төрийн сэнтийд хэн “зайдагнах” тухай фракц хоорондын сөргөлдөөний гол зэвсэг болсныг бид мэднэ.
Тэгвэл энэ бүх улстөржилтийг авч хаяад эдийн засгийн шударга зарчим талаас нь харвал их энгийн ойлголт бий. Засгийн газрын 55 дугаар тогтоолоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг 2025 он дуустал биржийн үнээр тооцохоор зохицуулсан. Өмнө нь жишиг үнийг барьж ирсэн нь олон гомдол, маргааныг дагуулж ирсэн. Учир нь манай бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа боомтын байршилтай хамааралгүй, гадаад улсын нутаг дэвсгэр дэх өөр байршил, өөр боомтын үнэ өртгөөс тооцон гаргасан жишиг үнийг мөрдсөнөөр манай бодит зах зээлийн үнэтэй зөрчилдөж байсан. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль (АМТХ)-ийн дагуу хүдрээр нь экспортлоход АМНАТ 10 хүртэл хувь байх учиртай. Гэтэл төмөр, жоншны тухайд энэ хэмжээ олж байгаа бодит борлуулалтынх нь 50, нүүрсний хувьд 30 хүртэл хувь болж нэмэгдсэн байдаг. Үүнийг салбарын сайд нь хүлээн зөвшөөрч, батлан ярьсан нь бий. Эндээс жишиг үнээр тооцож татвар авах нь бодит байдалтай бүрэн нийцэхгүй байгааг харж болно. Мэдээж энэ нь компанийн өрсөлдөх чадварт нөлөөлж, өсөн дэвжих боломж хумигдаж, эдийн засагт гүйцэтгэх үүргийг багасгана.
Харин биржийн үнээр тооцох шийдвэр нь Монголын төр татварыг шударгаар тооцож авах нэг чухал хөшүүрэг болсон. УИХ-аас 2022 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, тус хуулиар манай улсаас экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнийг заавал “хил залгаа улсын хилийн боомт хүргэж өгөх” олон улсын худалдааны нөхцөлөөр нээлттэй арилжаалахаар хуульчилсан. Уг заалт тус хуулийн 14.1-д дурайж буй, харж болно. Нэг үгээр хэлбэл, манай улсын уул уурхайн биржийн арилжаа гүйцэтгэж буй Монголын хөрөнгийн биржийн бүх арилжаа уг олон улсын худалдааны нөхцөлөөр хийгдэж байгаа юм. Иймд Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнэ бол худалдагч, худалдан авагч нарын нээлттэй арилжааг тогтоосон хамгийн дээд, бодит үнэ хэмээн үзэх ёстой. Нөгөөтээгүүр, энэ нь биржийн арилжааг дэмжих, уул уурхайн салбарт нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, тогтвортой өсөлтийг хангах, цаашлаад төрийн хамаарлыг бууруулах, олон нийтэд хүрэх өгөөжийг өсгөх зэрэг олон чухал ажлыг үүд хаалгыг нээсэн алхам юм. Энэ үндэслэлээс харвал татварыг шударгаар тооцож авах зарчмыг гол болговол жишиг бус биржийн үнэ бодитой байна.
Гэвч манай улстөрчид уул уурхайн салбартай холбоотой аливаа шийдвэрийг бизнесийн зарчим, шударга өрсөлдөөн, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан нэгдмэл, нэгдсэн бодлогын байр сууринаас хандахын оронд “Байгалийн баялаг бол ард түмний өмч” хэмээх үгээр халхавч хийж улстөржүүлээд сурчихсан. Буруу сэнхрүүлж, хутган гуйвуулснаар уул уурхайн салбар улстөрчдийн хувьд ард түмнийг тэжээн тэтгэх үүц бус могойд барих мод болж хувираад байна.
Дараагийнх нь бас л АМНАТ тойрсон сэдэв. Энэ удаад салбарын яамдын уялдаагүй, нэгдсэн бодлогогүй байдлыг тодруулна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хэд хэдэн чухал заалт яригдаж байгаа. Үүний нэг нь зэсийн АМНАТ-ийг бууруулах явдал юм. Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр 21.6 хувийн АМНАТ төлж байна. Тодруулбал, суурь төлбөр 5 хувь, үүн дээр зэсийн үнэ өсөх тусам АМНАТ-ийн хувь хэмжээг өсгөж тооцсоноор, мөн дагалдах ашигт малтмалд ногдуулах хувь хэмжээг нэмснээр дээрх дүнтэй болоод байна. Тэгвэл дэлхийн зэсийн зах зээл 2024 оны байдлаар 320 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол найман жилийн дараа 500 шахам тэрбум ам.долларт хүрнэ. Жил бүр 5-6 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн үг. Хятад гэхэд цахилгаан машин үйлдвэрлэлийг дэмжсэнээр зэсийн эрэлт жил бүр 100 гаруй мянган тонноор нэмэгдэж байна. Мэдээж эрэлт нэмэгдсэнээр үнэ өснө. Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өссөөр байгаа нь үүний нэг нөлөөлөл. Уг үнийн өсөлтийг манай улс төсөвтөө шингээж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг дэмжихэд зориулах учиртай. Гэтэл нэг асуудал үүсдэг нь одоогийн хуулийн зохицуулалтаар манай улсын зэсийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 гаруй хувийн АМНАТ төлөх шаардлага үүсдэг. Үүнийг хөрөнгө оруулагчид зөвшөөрдөггүй тул нүүрсийг орлох дараагийн хөдөлгүүр болсон, хамгийн ирээдүйтэй салбар “тоосонд дарагдаад” байж байна.
Олон улсад зэсийн үнэ өсөх тусам үр ашгийг шударга, тэнцүү, аль алинд нь өгөөжтэй байхаар тооцож АМНАТ-ийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ бага байх үед төр 5 хувийн татвараа авна. Компани эрсдэлээ үүрээд явна. Харин үнэ өсөх үед үнийн өсөлтийн зөрүүнээс төр дунджаар нэмэлт 25 хувийн ашиг авахаар зохицуулж, АМНАТ-ийн нэмж ноогдох хувийг тооцдог. Нэг үгээр хэлбэл, үнэ өсөх үед төр татвараа өсгөж авахыг чухалчлахаас гадна компани хөгжих, хүчин чадлаа өсгөх, өрсөлдөх чадвараа сайжруулахад нь хөрөнгө оруулалт хийх зай гаргаж өгдөг гэсэн үг. Компани хүчирхэгжих тусам зэсийн салбараас орлого төвлөрүүлэх татварын бааз суурь өргөжиж төсөвт ирэх өгөөж нэмэгдэхийг тооцож АМНАТ-ийн хувь хэмжээг тооцдог байна.
Энэ бүх нөхцөлийг тооцоод үзэхээр манай улс яах аргагүй зэсийн АМНАТ-аа бууруулж, хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Гэтэл хуулийн өөрчлөлтийг Сангийн яам нь зөвшөөрдөггүй. Шалтгаан нь зэсийн АМНАТ-ийг бууруулбал уг зүйл заалт “Эрдэнэт үйлдвэр”-т хамаарч, төсөвт ирэх орлого багасан, тиймээс үгүй гээд гүрийчихдэг. Өөрөөр хэлбэл, Сангийн яаманд өнөөдрийн төсвийн орлого чухал болохоос 2-3 жилийн дараах бодлого, өгөөж падлийгүй байдаг. Уг нь татварын таатай орчин бүрдүүлж зэсийн салбарт хөрөнгө оруулалт татаж чадвал 2-3 жилийн дараа үр өгөөж нь ороод ирнэ. Цаашлаад нүүрсний орлого тасалдаж эхлэхэд Монголыг тэжээх дараагийн гол үүц бэлэн болох юм.
Одоогийн 20 гаруй хувийн АМНАТ төрийн 100 хувийн өмчит компанид ч хэт хатуу байгааг дурдах ёстой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон “Бид үнэндээ шувтлуулж байна” гэж хэлж байна лээ. Тус үйлдвэр нийт борлуулалтын орлогынхоо 50 гаруй хувийг төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлж байгаагаас АМНАТ хамгийн том жин дарж байна. Хүдрийн агуулга нь жил бүр 4-5 хувь буурч байгаа үйлдвэрийг тасралтгүй ажиллуулж төсөвт төвлөрүүлэх орлогыг бууруулахгүйн тулд үйлдвэрийн хүчин чадлыг байнга нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлээр зардлыг бууруулах алхмыг хийж байх ёстой. Өнгөрсөн гурван жилд “Эрдэнэт үйлдвэр” хүдэр олборлолтыг 22.7, хүдрийн боловсруулалтыг 19 хувиар нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд энэ онд баяжмал үйлдвэрлэлийг 560 мянган тоннд хүргэсэн байна. Хэрэв олборлолт, баяжуулалтын хүчин чадлыг нэмэгдүүлээгүй байсан бол дээрх тоо 400 гаруй мянган тоннд очоод зогсох байв. Энэ хэрээр улсын төсөвт төвлөрөх мөнгө багасна. Гэтэл энэ байдлыг бодлогын яамдад тайлбарлахаар ойлгодоггүй. Салбарын сайд нь ажиллах хугацаандаа өнөөдрийн орлогоо тасалдуулахгүй байхад эхлээд анхаардаг.
Хуулийн ганц үйл заалт дээр яамдын уялдаагүй, нэгдсэн бодлогогүй байдал ийн харагдаж байна. Цаашлаад олон жишээ бий.
Тухайлбал, уул уурхайн олборлолт явагдаж нөлөөлөлд өртөж буй орон нутаг, суманд илүү АМНАТ хуваарилах ёстой хэмээдэг. Ингэж хуваарилахаар уул уурхайгүй бусад аймаг нь төсөвгүй болчих тул Сангийн яам зөвшөөрдөггүй. Үүний үр дүнд Монголыг тэжээж буй Тавантолгойн ордтой Цогтцэций сум улсын сургуульгүй сууж байна. Уг нь шударга зарчим яривал уул уурхайн олборлолтын нөлөөлөлд хамгийн их өртөж, тоос тортгоор амьсгалж, байгаль орчноо доройтуулсныхаа хариуд өндөр дүнтэй хөрөнгө оруулалтыг эргүүлээд авч байх учиртай.
Мөн нэг дарга нь гарч ирээд төрийн өмчит уурхайнуудад ээлж дараалан БЭТ (Бүрэн эрхт төлөөлөгч) томилдог “моод” дэлгэрсэн. Нөгөө нөхөр очоод ашиг орлогыг тэгж нэмэгдүүллээ хэмээн тайлан тавьдаг. Гэтэл уурхай их орлого олохоос гадна аюулгүй, зөв төлөвлөлттэй, нөөцөө үр өгөөжтэйгөөр бүрэн дүүрэн ашиглах учиртай. Харамсалтай нь томилогдсон БЭТ-үүд их орлого олох гэсэн зарчмыг эхэнд тавиад хамгийн өгөөжтэй нөөцүүдээ сорчлоод ухчихдаг. Мэдээж орлого нэмэгдэнэ. Гэхдээ ард нь цэгцгүй, төлөвлөлтгүй, аюултай нөхцөл байдал үлдэнэ. Хожим энэ нь уурхайн насжилтад муу нөлөөтэй. Үүний тод жишээ бол Багануурын уурхай. Энэ мэтээр нэгдсэн бодлогогүй, бодлогын залгамж чанар байхгүй, уялдаагүй байдлаас болж уул уурхайн үр өгөөж сэглэгдэж байна. Улстөрчид байгаа дээрээ өөрт ашигтай, олонд тал засах алхмыг бодлогоос илүүтэй чухалчилж байна.
Уул уурхайн салбарт ирээдүйгээ харсан төлөвлөлтийг хийж чаддаггүй. Зөвхөн өнөө маргаашаа аргацаасан, эсвэл өнөөдрийн эрх ашгийн төлөө уул уурхайг хэрүүлийн сэдэв болгодог. Үүн дээр хоёр жишээ дурдъя.
Уул уурхай хөгжсөн улс орнууд стратегийн ашигт малтмалд бодлогоо чиглүүлдэг. Гэтэл манайд эрдэс бус нөөцийн хэмжээнд илүүтэй анхаарч стратегийн орд гэх ойлголтыг гаргаж ирснээр уул уурхай, цаашлаад улс орны хөгжлийг боомилох хэд хэдэн нөхцөл бүрдэж байна. Тухайлбал, сүүлд танилцуулсан төрийн эзэмшлийг тогтоохоор төлөвлөж буй 39 ордын тал нь нүүрснийх. Гэтэл нүүрс хоёр сул талтай. Нэгдүгээрт, хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн зорилтын хүрээнд хэрэглээ нь улам хумигдахаар байна. Энэ нь эрэлт, үнийг унагана гэсэн үг. Хоёрдугаарт, стратегийн орд гэх ойлголтыг 2006 онд гаргаж ирснээс хойш 19 жилийн хугацаанд төр нэг ч төслийг амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт татаж чадаагүй. Эндээс үзвэл хөрөнгө оруулагч нарт ордын хэмжээ бус олборлож гаргах эрдэс бүтээгдэхүүн хэр үнэ хүрэх нь чухал байна.
Одоо стратегийн орд бус бүтээгдэхүүнийг чухалчилснаар ямар давуу талтайг дурдъя. Дэлхий дахинд батлагдсан 1.65 их наяд баррель газрын тосны нөөц хүн төрөлхтний 40 орчим жилийн хэрэглээг хангана. Иймд аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орнууд одоогоос цахилгаан автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, батарей үйлдвэрлэлийн гол түүхий эд болох лити, никель, кобальт зэрэг эрдсийг авах хүсэлтэй байна. Ер нь технологийн хөгжил, элдэв хэрэглээний өсөлтийг дагаж дэлхий дахинд ирээдүйд 30-35 төрлийн чухал ашигт малтмал өндөр эрэлттэй байхаар байна. Өөрөөр хэлбэл, эдгээр түүхий эдийн нөөц баялагтай улс орнуудад хөрөнгө оруулагчид мөнгө, технологи, ноу хау хийхэд бэлэн байна гэсэн үг.
АНУ, Шинэ Зеланд, Англи зэрэг уул уурхай хөгжсөн оронд стратегийн ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийвэл нэг цонхны үйлчилгээг үзүүлдэг. АНУ гэхэд үндэсний аюулгүй байдал, эдийн засагт нэн чухал ач холбогдолтой 50 ашигт малтмалын жагсаалттай. Хэрэв эдгээр ашигт малтмалд хөрөнгө оруулалт хийвэл түргэвчилсэн нөхцөлөөр шийдэж өгнө. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч орж ирэхэд бодлого нь тодорхой. Нөхцөл шаардлага нь ойлгомжтой. Төрийн хүнд сурталгүй, нэг цонхон дээр бүх асуудлыг нь шийдээд хөрөнгө оруулалтыг нь татаад авчихна гэсэн үг. Хятад энэ жил газрын ховор элемент болох самари (SM samarium)-д илүүтэй фокуслаж байна. Энэ нь хиймэл дагуул, пуужингийн системийн хөгжүүлэлтэд чухал түүхий эд болдог. АНУ гэхэд энэ онд зарим төрлийн газрын ховор элемент, хөнгөн цагаан зэрэг 5-6 эрдсийг стратегийн ашигт малтмалынхаа жагсаалтад орууллаа. Хэрэв бид стратегийн орд бус бүтээгдэхүүнд анхаарал хандуулбал, хоёр хөршөөс гадна гурав дахь ч зах зээл рүү тэлж хөрөнгө оруулалт татах, геополитикийн хувьд тоглолт хийх, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа хангах боломжтой.
Харамсалтай нь манайх олон улсын анхаарлыг ид татаж, эдийн засаг болон стратегийн хувьд өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүндээ анхаарал хандуулдаггүй. Бүр бодлого ч байхгүй. Хууль эрхзүйн орчин ч бүрдээгүй. Нүүрсээ тойрч хэрэлдсээр. Стратегийн орд хэмээн явцуурсаар. Дэлхийн нийт ховор элемент үйлдвэрлэлийн 90 хувийг нийлүүлдэг Хятад улс тус түүхий эдийнхээ экспортыг багасгахад АНУ, Япон улсын чих зөөлөрч байна. Өөрөөр хэлбэл, чухал ашигт малтмал өөрөө эдийн засгийн өгөөжөөс гадна геополитикийн хувьд ийм хүчтэй зэвсэг болж чаддаг. Манайд ч ийм өргөн боломж бий. Харамсалтай нь баруун бүсэд орших газрын ховор элементийн Халзан бүрэгтэй орд дээр төрийн барьж буй бодлого, шийдвэр тодорхойгүй, 126 гишүүн хоёр талаасаа суугаад мэтгэлцэж хэрэлдсэн, орон нутгийн иргэд, компани хооронд удаа дараагийн зөрчил тэмцэл үүссэн байдалтай байна. Үнэндээ баруун бүсэд Халзан бүрэгтэйгээс гадна өөр олон том газрын ховор элементийн орд олдох боломжтой. Учир нь Хятадын газрын ховор элементийн ихэнх нөөц Шинжан Уйгурын орчимд байдаг. Манай баруун аймгуудтай хил залгаа гэсэн үг. Тиймээс тухайн бүс нутагт нарийвчилсан судалгаа хийснээр дахин орд илрүүлж, Монгол Улс дэлхийд өрсөлдөх, хөрш гүрнүүдтэй эн тэнцүү яриа хэлцэл хийх давуу боломжоо үүгээр бүрдүүлэх боломжтой. Харамсалтай нь газрын ховор элемент, чухал ашигт малтмалтай холбоотой бодлого Монголын төрд алга. Стратегийн орд гэх хийрхэл тэдний хувьд чухал аж. Магадгүй ард түмний төлө өгэж ярихад яг таг таардаг сэдэв нь байх.
Нэхэн сануулахад, чухал ашигт малтмалууд дотор зэс тэргүүлэх байр суурь эзэлдэг эрдэс түүхий эдийн нэг. Гэтэл манайх 20 хувийн татвар тавиад бүх хөрөнгө оруулалтаа гацаачихсан сууж байгааг дээр өгүүлсэн.
Эцэст нь өгүүлэхэд манайд нэг буруу ойлголт байна. Уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал бүгд хоорондоо зөрчилддөг, дайсагналцах ёстой гэсэн ойлголт юм. Гэтэл уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали зэрэг оронд аль аль нь зохицоод, бие биеэ дэмжээд, ойлголцоод хөгжөөд байдаг. Австрали гэхэд 80 сая хоньтой, дэлхийд тэргүүлдэг. Уул уурхайтайгаа зохицоод болоод л байна. Энэ бүхний цаад шалтгаан нь бодлогын нэгдсэн уялдаа юм. Бид бүгд дайсагналцуулах гэж хардаг болохоос уялдуулах гэж хичээдэггүй. Улстөрчид уул уурхайг ард түмэнд таалагдах асар олон өгөгдлийг хураангуйлсан “толь” гэж л харж байна. Уг нь уул уурхай эдийн засаг, улс орны хөгжлийн хэрэглүүр шүү дээ.
Эргэлт.мн сайтын сэтгүүлч Г.Батзориг