Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулж чадсан олон улсын туршлагууд

Үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулж чадсан олон улсын туршлагууд
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 14
Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг 100 хувь шийдэж чадсан улс хараахан байхгүй ч тодорхой үр дүнд хүрэх алхам хийсэн жишээ цөөнгүй. Олон улсын судалгаанаас харахад дээрэлхэлт нь урт хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэх, сургуульд оролцох идэвх буурах, нийгмээс тусгаарлагдах зэрэг хортой үр дагавартай.
Сүүлийн жилүүдэд улс орнууд дээрэлхэлтийг зөвхөн сургуулийн дотоод сахилга баттай холбон шийдэх боломжгүйг ойлгож, хууль эрх зүй, төрийн бодлого, урьдчилан сэргийлэх боловсролын хөтөлбөрүүдийг хослуулан хэрэгжүүлэх болсон. Эдгээр амжилттай хэрэгжсэн жишээнүүдийн ихэнх нь сургуулийн нийт хамт олны оролцоо, сурагчдын боловсрол, эцэг эхийн оролцоо, тогтмол хяналт, үнэлгээ зэрэг нийтлэг зарчмууд дээр суурилсан байна. Үүний зэрэгцээ зарим үндэсний хөтөлбөрүүд нь дээрэлхэлтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн жишээ болжээ. Эдгээрээс танилцуулъя.
Финланд: KiVa хөтөлбөр ба хамтын оролцоонд суурилсан шийдэл
Финланд бол сургуулийн дээрэлхэлттэй тэмцэх цогц арга барилаараа дэлхийд танигдсан улс. Тус улсын боловсролын хууль тогтоомжид сургуулиуд аюулгүй, эерэг сургалтын орчин бүрдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд улсын хэмжээнд "KiVa Anti-Bullying Program" хэмээх дээрэлхэлтийн эсрэг хөтөлбөрийг нэвтрүүлсэн байна. Уг хөтөлбөрийг Туркугийн их сургуулийн судлаачид боловсруулж, төрийн дэмжлэгтэйгээр олон сургуульд хэрэгжүүлжээ.
KiVa хөтөлбөр нь дээрэлхэлт үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлдэг нийгмийн харилцааны хүчин зүйлд, ялангуяа дээрэлхэлтийг харсан ч оролцохгүй өнгөрдөг ажиглагч сурагчдын үүрэгт анхаарал хандуулдаг аж. Мөн сурагчид дээрэлхэлтийг нууц байдлаар мэдээлэх боломжтой системтэй бөгөөд багш нараас бүрдсэн тусгай баг асуудлыг шалгаж, хохирогч болон үйлдэгчидтэй ажилладаг.
Зөвхөн дээрэлхэгчийг шийтгэхэд төвлөрөхийн оронд сурагчдыг хохирогчийг дэмжих, дээрэлхэлтийг үл зөвшөөрөх хандлагад сургах замаар бүлгийн зан төлөвийг өөрчлөхийг зорьдог ажээ. Хөтөлбөрийн хүрээнд анги танхимд өрөвдөх сэтгэл, сэтгэл хөдлөлийн ойлголт, харилцан хүндэтгэлтэй харилцах талаар хичээл ордог байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ дээрэлхэлтийн талаар ярилцахад туслах материал, зөвлөмж өгдөг бөгөөд жил бүр нэрээ нууцалсан судалгаа явуулж сургуулийн орчин болон дээрэлхэлтийн түвшинг үнэлдэг. Судалгаагаар KiVa хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол мэдэгдэхүйц буурсан гэсэн үр дүн гарч байжээ.
Норвег: Olweus хөтөлбөр ба сургуулийн нэгдсэн арга барил
Өөр нэгэн амжилттай жишээ бол Норвегийн сэтгэл зүйч Дан Олвеусын боловсруулсан "Олвеусын дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр" юм. Энэхүү хөтөлбөр нь “бүх сургуулийн хамтын оролцоонд тулгуурласан” цогц хандлагад үндэслэдэг бөгөөд дээрэлхэлтийг бууруулахад сургуулийн нийт хамт олон оролцох шаардлагатай гэж үздэг.
Энэхүү загварын хүрээнд сургуулиуд дээрэлхэлтийн эсрэг тодорхой дүрэм журам тогтоож, сурагчдад тогтмол танилцуулдаг байна. Багш нар дээрэлхэлтийг эрт илрүүлж, үр дүнтэй арга хэмжээ авах чадвар эзэмших тусгай сургалтад хамрагддаг. Мөн анги танхимд тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сурагчид үе тэнгийн харилцаа, харилцан хүндлэл, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга барилын талаар ярилцдаг аж.
Түүнчлэн сургуулийн тоглоомын талбай, коридор зэрэг дээрэлхэлт гарах магадлалтай орчинд насанд хүрэгчдийн хяналтыг нэмэгдүүлдэг байна. Хэрэв дээрэлхэлтийн тохиолдол гарвал сургуулийн ажилтнууд холбогдсон сурагчид болон тэдний эцэг эхтэй тусгай уулзалт зохион байгуулдаг. Норвегид хийсэн анхны судалгаанууд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сургуулиудад дээрэлхэлтийн түвшин 50 хүртэл хувиар буурсан болохыг харуулжээ. Тиймээс уг хөтөлбөрийг АНУ, Герман, Их Британи зэрэг олон улсад нэвтрүүлсэн байна.
Итали: Үе тэнгийн оролцоонд тулгуурласан NoTrap! хөтөлбөр
Зарим улс орон сурагчдыг өөрсдийг нь дээрэлхэлтийн эсрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хандлагыг туршиж үзсэн байдаг. Үүний нэг жишээ бол Итали улсад хэрэгждэг "NoTrap! Anti-Bullying Program" юм.
Энэхүү хөтөлбөр нь үе тэнгийн боловсрол болон сурагчдын манлайлалд төвлөрдгөөрөө онцлог. Тус хөтөлбөрийн хүрээнд зарим сурагчдыг тусгай сургалтад хамруулж, үе тэнгийн зөвлөх болгон бэлтгэдэг байна. Эдгээр сурагчид дээрэлхэлтийн шинжтэй нөхцөл байдлыг илрүүлэх, хохирогчдод дэмжлэг үзүүлэх, сургуулийн орчинд харилцан хүндэтгэлтэй харилцааг бий болгох хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулдаг.
Судалгаагаар үе тэнгийн сурагчид удирдан хэрэгжүүлсэн ийм арга хэмжээ нь хохирогчдын тоог бууруулах, сурагчдын харилцааг сайжруулахад онцгой үр дүнтэй болох нь тогтоогдсон аж. Учир нь сурагчид багш нараас илүүтэй үе тэнгийнхэндээ асуудлаа илэн далангүй ярьдаг байна.
Их Британийн бодлого: Сургуулийн түвшний нэгдсэн стратеги
Их Британид дээрэлхэлтийн эсрэг арга хэмжээ нь ихэвчлэн сургуулийн нэгдсэн бодлогын хэлбэрээр хэрэгждэг. Сургуулиудыг дээрэлхэлтийн эсрэг зарчмуудыг сургалтын үйл ажиллагаа, сургуулийн дүрэм журам, өдөр тутмын үйл ажиллагаанд нэгтгэсэн “бүх сургуулийн стратеги” хэрэгжүүлэхийг уриалдаг.
Олон сургуульд ахлах ангийн сурагчид бага ангийн сурагчдад дэмжлэг үзүүлдэг үе тэнгийн зөвлөх үйлчилгээ ажилладаг байна. Мөн хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдэд харилцан хүндлэл, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хариуцлагатай зан төлөвийн талаар сургалт ордог жишигтэй.
Японы хандлага: Ёс суртахууны боловсрол ба сэтгэл хөдлөлийн хөгжил
Япон улс дээрэлхэлтийн асуудлыг шийдвэрлэхдээ хүмүүжлийн боловсрол болон сэтгэл хөдлөлийн хөгжлийг чухалчилдаг өөр нэгэн хандлагыг хэрэгжүүлдэг. Сургуулиуд ёс суртахууны боловсролыг сургалтын хөтөлбөртөө багтааж, сурагчдад өрөвдөх сэтгэл, хамтын ажиллагаа, бусдыг хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх тал дээр түлхүү анхаарах нь бий.
Хичээлүүдэд нь үеэр уур хилэн, бухимдал зэрэг сэтгэл хөдлөлийг таньж, зөв удирдах чадварыг хөгжүүлэх дасгалууд багтдаг байна. Мөн харилцааны ур чадвар болон зөрчилдөөнийг тайван аргаар шийдвэрлэх арга барилд анхаарал хандуулдаг.
Япон улс дээрэлхэлтийн асуудал нэмэгдэж байсантай холбогдуулан 2013 онд дээрэлхэлтийн эсрэг үндэсний хууль баталсан. Энэ хууль нь дээрэлхэлтийг шийдвэрлэх тодорхой, нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус хуульд дээрэлхэлтийг бие махбодын болон сэтгэл зүйн хохирол учруулсан аливаа үйлдэл гэж өргөн хүрээнд тодорхойлж, цахим орчин дахь дарамтыг ч багтаасан. Мөн сургууль бүр дээрэлхэлтийн эсрэг бодлого боловсруулж, тухайн асуудлыг шийдвэрлэх тусгай хороо байгуулах үүрэгтэй болсон.
Өмнөд Солонгос: Хатуу хариуцлагын тогтолцоо
Өмнөд Солонгост дээрэлхэлтийг “сургуулийн хүчирхийлэл” гэж үзэн, 2004 онд "Сургуулийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон тэмцэх тухай тусгай хууль"-ийг баталсан.
Энэхүү хуулийн дагуу сургууль бүр дээрэлхэлтийн тохиолдлыг шалгах тусгай комисс байгуулдаг. Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө, хамгаалалт авах боломжтой бол үйлдэгчдэд сахилгын шийтгэл ногдуулж, зарим тохиолдолд хууль сахиулах байгууллага оролцох нь бий.
Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд дээрэлхэлтийн бүртгэлтэй сурагчдыг элсүүлэхгүй байх арга хэмжээ авах болсон. Ингэснээр сурагчид дээрэлхлийн үйлдэл гаргавал урт хугацааны үр дагавартай гэдгийг ойлгуулж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болсон гэж үзэж байгаа аж.
Дэлхийн олон улсад хууль эрх зүй, боловсролын бодлого, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хослуулснаар тодорхой үр дүнд хүрч байгаа нь харагдаж байна. Финландын KiVa, Норвегийн Olweus, Италийн NoTrap! зэрэг хөтөлбөрүүд нь сургуулийн хамт олон, сурагчид, эцэг эхийн хамтын оролцоонд тулгуурлан дээрэлхэлтийг бууруулах нь үр дүнтэй болохыг харуулжээ. Мөн Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, сургуулиудад тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэснээр асуудлыг илүү системтэйгээр шийдвэрлэхийг зорьж байна.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн