Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 16 минутын өмнө
Цаг уурчдын мэдээллээр гуравдугаар сарын 14-22-ны өдрүүдэд нутгийн зарим хэсгээр цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Ялангуяа гуравдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
Энэ хугацаанд хур тунадас харилцан адилгүй орно. Тухайлбал, гуравдугаар сарын 14-нд Хэнтийн уулархаг нутгаар, 15 болон 19-нд Алтайн уулархаг нутгаар цас орно. Харин 16-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 17-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Мөн 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх боловч 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температурын хувьд гуравдугаар сарын 14, 15-нд ихэнх нутгаар, 16-нд зүүн хагаст өдөртөө харьцангуй дулаан байх ч бусад хугацаанд хүйтэн байна. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байх бол говийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан орчим байна. Харин бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Улаанбаатар хот орчмоор гуравдугаар сарын 17-нд ялимгүй цас орох бөгөөд бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр байх ч 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Температурын хувьд гуравдугаар сарын 14-16-нд өдөртөө харьцангуй дулаарч, шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 15-20 хэм, хотын бусад хэсгээр 9-14 хэм хүйтэн байна. Өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байх бол 17-19-нд хүйтэрч, шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн