Судалгааны Эм Эм Си Жи (MMCG) компани Монгол Улсын эдийн засаг, нийгэмд Оюу толгой компанийн оруулж буй хувь нэмрийг олон улсын аргачлалаар судалжээ. Судалгаанд 2010-2024 оны Оюу толгой компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийг хамруулан Монголын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг 10 үзүүлэлтээр тодорхойлсон байна.
Оюу толгой байгаагүй байсан бол юу болох байсан бэ
Оюу толгой компанийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тооцоолохдоо Оюу толгой төсөл хэрэгжиж байгаа үе, мөн Оюу толгой төсөл хэрэгжээгүй байсан бол юу болох байсныг тооцоолсноороо нэлээд шинэлэг судалгаа болжээ. Тухайлбал, 2011 онд Монголын эдийн засаг хамгийн өндөр, 17.3 хувиар өсөхөд Оюу толгойн нөлөөллөөс 13.5 хувийн өсөлт нь хамааралтай байжээ. Оюу толгойн анхны хөрөнгө оруулалтын нөлөөгөөр эдийн засаг огцом өссөн байна. Хэрвээ Оюу толгой байгаагүй бол 2011 онд эдийн засаг 3.8 хувиар өсөх байсан байна.
Түүнчлэн, 2016 онд Монгол Улсын эдийн засаг саарч, 1.5 хувиар өссөн. Хэрвээ тухайн үед Оюу толгой байхгүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан бол эдийн засаг 21.2 хувийн бууралттай байх байсан аж. Ковидын үе буюу 2020 онд Монгол Улсын эдийн засаг 4.6 хувиар буурсан. Хэрвээ тэр үед Оюу толгой байгаагүй бол эдийн засгийн агшилт -6.2 хувь байх байсныг судалгааны багийнхан онцоллоо. Оюу толгойн хөрөнгө оруулалт, татвар хураамж, экспорт, худалдан авалтыг хасаад харвал, сүүлийн 15 жилийн наймд нь Монгол Улсын эдийн засаг агшиж, дундаж нь -3.8 хувь болох байсан гэсэн үр дүн гарчээ.