Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Хятадын хамгийн том улс төрийн хурлаас гарсан онцлох 3 дүгнэлт

Хятадын хамгийн том улс төрийн хурлаас гарсан онцлох 3 дүгнэлт
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 12
Хятадын хамгийн том улс төрийн чуулган болох Үндэсний ардын төлөөлөгчдийн их хурал пүрэв гарагт өндөрлөх гэж байна.
Энэхүү байгууллага нь хууль батлах, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын төсвийг батлах зэрэг өргөн эрх мэдэлтэй. Гэвч бодит байдал дээр Хятадын Коммунист намын дээд удирдлагын хаалттай хүрээнд гаргасан шийдвэрүүдийг баталгаажуулдаг “тамга дардаг парламент” маягаар ажилладаг гэж үздэг.
Гэсэн ч Үндэсний ардын төлөөлөгчдийн их хурал болон Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хуралдаануудыг хамтад нь “Хоёр чуулган” гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн бодлогын чиглэлийг илтгэдэг тул олон улс анхааралтай ажигладаг. Энэ удаагийн чуулганаас гарсан гол дүгнэлтүүдийг хүргэж байна.
Хятад улс өөрийгөө тогтвортой байдлын бэлгэдэл болгож харуулахыг хүсэж байна
Хятад улс дэлхийн тэргүүлэх их гүрэн болох зорилгодоо хүрэх нь нэг гол хүчин зүйлээс ихээхэн хамаарна. Энэ бол ерөнхийлөгч Ши Жиньпин эдийн засгаа хэрхэн удирдах вэ гэдэг асуудал юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ши Жиньпин тогтворгүй дэлхийн нөхцөлд илүү тодорхой байдал бий болгохыг зорьж байна. Ялангуяа таамаглахад бэрх АНУ-ын ерөнхийлөгч болон Ойрх Дорнод дахь дайны нөлөөтэй нөхцөлд эдийн засгийн тэнцвэрийг хадгалах шаардлагатай болжээ.
undefined
Хятадын иргэдийг илүү их мөнгө зарцуулахад уриалах бодлого нь дотоодын сулралтай эдийн засгийг тогтворжуулах зорилготой. Технологийн давамгай байдлыг бий болгох оролдлого нь ирээдүйд давамгайлах стратеги юм. Ингэснээр бусад орнууд хамгийн сүүлийн үеийн үйлдвэрийн робот эсвэл хиймэл оюуны загвар авахын тулд Хятадыг зорих болно гэж Бээжин найдаж байна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого нь улсыг илүү бие даасан болгоно. Ингэснээр Иран зэрэг орнуудаас авах нефть, хийд хамаарал багасна.
Ардын их танхимд болдог энэхүү нам гүм, нарийн хяналттай, урьдчилан бэлтгэсэн улс төрийн тайз нь Иранд цохилт өгснөөр холбоотнуудаа сандаргаж, зах зээлийг донсолгосон Цагаан ордны хурц өнгө аястай улс төртэй эрс ялгаатай харагдана. Ингэснээр Хятадын Коммунист нам өөрийгөө эдийн засгаа засаж, ирээдүйгээ төлөвлөж чаддаг тогтвортой системтэй улс гэдгээ харуулахыг зорьж байна.
Ши Жиньпин АНУ-ын татварын нэмэгдэлтэй худалдааны дайнд хариу арга хэмжээ авч, эцэст нь түр эвлэрэлд хүрсний дараа Хятад хүчтэй байр суурьтай болсон гэж үзэж байгаа бололтой. Хятадын худалдааны давамгай байдал нь өмнө нь болгоомжтой ханддаг байсан Их Британи, Канад зэрэг худалдан авагчдыг ч эргэн татаж байна.
Геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бөгөөд Вашингтонд өрсөлдөгч нь өөр асуудалд анхаарлаа хандуулж байх үед Хятад өсөх боломж харж байж магадгүй. Гэхдээ ирэх жилүүдэд Хятад өөрийн эдийн засгийн сорилтуудыг хэрхэн даван туулах нь маш чухал хэвээр байна.
undefined
Хятад улс технологийг ирээдүйнхээ түлхүүр гэж үзэж байна
Бээжин Хятадын эдийн засгийн дараагийн өсөлтийг хангахын тулд технологи, инновацид ихээхэн найдлага тавьж байна. Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө нь шинжлэх ухааны нээлтүүдийг хурдасгах, хиймэл оюуныг эдийн засгийн бүх салбарт нэвтрүүлэх замын зураглал болж байна. АНУ-тай өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед технологи нь зөвхөн эдийн засгийн төдийгүй стратегийн ач холбогдолтой болсон.
Технологийн судалгаа, хөгжүүлэлтийн зардлыг ойролцоогоор 7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “AI+” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хиймэл оюуныг үйлдвэрлэл, ложистик, эрүүл мэнд, боловсролын салбарт ашиглахыг зорьж байна.
Хятад улс мөн хагас дамжуулагч, робот техник, биотехнологи, квант тооцоолол, цаашлаад 6G холбоо болон тархи-компьютерийн интерфейс зэрэг шинэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Өнгөрсөн хэдэн арван жилд Хятадын эдийн засгийн өсөлтийг үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн төслүүд голлон хөтөлж байсан. Харин одоо бодлого боловсруулагчид технологи болон үйлдвэрлэлийн шинэчлэл рүү анхаарлаа шилжүүлж байна.
Удирдагчид ДНБ-ий өсөлтийг 4.5–5 хувь байхаар зорилт тавьсан нь 1991 оноос хойших хамгийн бага зорилт юм. Энэ нь эдийн засгийн өсөлт удааширна гэсэн хүлээлтийг илтгэж байна. Гэвч шинжээчид хэрэглээ өсөхгүй бол энэ төлөвлөгөө амжилт олоход хэцүү гэж үзэж байна. Хятадад хэрэглэгчдийн эрэлт бусад том эдийн засагтай харьцуулахад сул, мөн үл хөдлөх хөрөнгийн уналт иргэдийн хөрөнгө болон итгэлийг бууруулжээ.
Иймээс засгийн газар хүүхэд асрах болон ахмадын халамжийн үйлчилгээг өргөжүүлэх, цалинтай амралтыг мөрдүүлэх зэрэг арга хэмжээг төлөвлөж байна. Энэ нь санхүүгийн дарамтыг бууруулж, зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилготой аж. Мөн дэд бүтэц, нийгмийн халамж, үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэхийн тулд илүү их зээл авахад бэлэн байгаагаа удирдагчид илэрхийлсэн нь өмнөх үеийн өрийн өсөлтөөс болгоомжилдог бодлогоос өөрчлөгдсөн алхам юм.
Гэхдээ эрсдэлүүд бий. Төрийн дэмжлэгтэй хөрөнгө оруулалт нь цахилгаан автомашин зэрэг салбарт илүүдэл үйлдвэрлэл үүсгэсэн гэх шүүмжлэл дагуулж, дотоодод үнийн дайн, гадаадад худалдааны зөрчил үүсгэж байна. Шинжээчид хэрэглэгчид мөнгө зарцуулахдаа болгоомжтой хэвээр байвал зөвхөн технологи өндөр чанартай өсөлтийг хангахгүй байж магадгүй гэж анхааруулж байна.
Одоогоор Бээжин хиймэл оюун ухаан, шинэ салбарууд, инноваци нь эдийн засгийн дараагийн өсөлтийг хөдөлгөнө гэж итгэж байна. Гэхдээ эцсийн дүнд жирийн Хятадын өрхүүд өөрсдийгөө хангалттай аюулгүй гэж мэдэрч, мөнгө зарцуулах эсэхээс амжилт ихээхэн шалтгаална.
Хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө танилцуулсан ч тодорхой мэдээлэл хомс байна
Олон жилийн турш эдийн засагчид Хятадыг дотоодын хэрэглээг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн барааны экспортод хэт найдах байдлаас аажмаар татгалзахыг уриалж ирсэн.
Тиймээс энэ удаагийн Үндэсний ардын төлөөлөгчдийн их хурал дээр удирдагчид “хэрэглэгчийн эрэлтийг эрчимтэй дэмжинэ” гэж мэдэгдсэн нь нааштай сонсогдож байгаа юм. Гэвч олон шинжээч санал болгосон арга хэмжээнүүд бодит өөрчлөлт авчрахад хангалттай эсэхэд эргэлзэж байна.
Хятадын иргэд уламжлалт ёсоор “хар өдөрт” зориулж мөнгө хадгалахыг илүүд үздэг. Харин одоо орон сууцны үнэ буурч, залуучуудын ажилгүйдэл өндөр байгаа нь тэднийг бүр ч илүү хэмнэлттэй болгоод байна.
Тэгвэл хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Нэг арга нь орлогыг нэмэгдүүлэх. Үндэсний ардын төлөөлөгчдийн их хурлын хэвлэлийн төлөөлөгч Лоу Циньжянь ирээдүйд ийм арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн ч тодорхой тайлбар өгөөгүй байна.
Тодорхой зарласан нэг арга хэмжээ нь хүүхэд асрах үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэх явдал. Энэ нь иргэдийн зарцуулах боломжтой орлогыг нэмэгдүүлж, улмаар өрхийн хэрэгцээний бараа худалдан авах боломжийг нэмэгдүүлж магадгүй. Хөдөө орон нутгийн болон ажил эрхэлдэггүй хотын иргэдийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлсэн ч сард ердөө 3 ам.доллароор өсгөсөн нь Хятадын сошиал сүлжээнд “бараг юу ч биш” хэмээн шоолуулж байна.
Анхны орон сууцтай болох гэрлэсэн хосуудад дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн амралтын журмыг сайжруулах, хуучин цахилгаан хэрэгслийг шинэ зүйлээр солих хөтөлбөрийг үргэлжлүүлэх зэрэг олон арга хэмжээ зарласан ч тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж.
Гэхдээ нарийн мэдээлэл байхгүй тул эдгээр төлөвлөгөө үнэхээр хэрэглээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх эсэхийг хэлэхэд хэцүү хэвээр байна.
Эх сурвалж: BBC
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн