Open iToim app
Бүтээн байгуулалт | 2 мин уншина

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 12
Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын ІІ Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулж байгаа юм. Түүнчлэн ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий "Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг 2021 оны гуравдугаар сарын 31-ээс 2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хөтөлбөр товлосон хугацаанд амжилттай хэрэгжиж дуусаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 2025 оны есдүгээр сард хүлээлгэн өгсөн бол хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ. Усны Компактын хүрээнд Улаанбаатар хот эдийн засгийн хувьд хөгжин тэлэх нөхцөлийг бүрдүүлэх хатуу дэд бүтцийн хоёр том бүтээн байгуулалтын төслийн зэрэгцээ хууль эрх зүй, бодлого зохицуулалт, тогтолцооны дэмжлэг үзүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэх Усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байна. Хоорондоо харилцан уялдаа бүхий энэхүү гурван төсөл нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхэд чиглэсэн мега төсөл юм.
Тодруулбал, Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох төслийн үр дүнд Улаанбаатар хотын нийт ус хангамж 50 хүртэл сая шоо метрээр нэмэгдэх юм. Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийнх нь хамт барьж шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулна. Жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлж, эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгож байгаа юм. 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх энэхүү үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулжээ. Хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, улмаар гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлж байгаа юм.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн