Монгол Улсад гадаадын банкийг оруулж ирэх асуудал идэвхтэй яригдаж байгаа энэ үед банк санхүүгийн салбарынхан “Гадаадын банкийг оруулж ирэх нь зөв үү?” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.Хэлэлцүүлгийн үеэр зарим оролцогч Монголд гадаадын банк оруулж ирвэл энэ салбарт өрсөлдөөн бий болж зээлийн хүү буурна, төслийн санхүүжилт нэмэгдэнэ зэрэг эерэг үр нөлөөтэй гэж үзэж байсан бол зарим нь зөвхөн ашигтай аж ахуй нэгжүүдэд сорчилж зээл олгох өөрөө эргээд дотоодын банкнуудын чадавхад сөрөг нөлөөтэй гэв. Мөн зөвхөн гадаадын банканд давуу байдал үүсгэхээс илүүтэй салбар гэлтгүй санхүүгийн зээлд анхаарч, ижил тэгш боломж олгох ёстойг ч сануулж байв.Гадаадын банкийг оруулж ирэхтэй зэрэгцээд дотоодын банкнуудаа ч мөн адил дэмжих хэрэгтэйХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Миний хувьд гадаадын банк орж ирснээр нөү хау үүснэ гэж бодохгүй байна. Тэр нь тухайн банкандаа л үлдэнэ үү гэхээс банкны салбарт үлдэхгүй. Банкууд өөрсдөө гадагшаа гарч суралцаж алдаж онож байж нөү хау бий болно. Дотоодын банкууд хүртээмж талдаа ч сайн ажиллахыг зорьж, зах зээлээ унагаалгүй эрчимтэй өрсөлдөөд явж байна. Гадаадын банкны асуудлыг зөвхөн зээлийн хүүтэй уях юм бол зорилго нь өөр тийшээ хазайж, шийдлээ олж чадахгүйд хүрнэ. Унгар улсын жишээ бол сайн болон муугийн төгс жишээ. Тэд эхлээд хүүг бууруулна гэж гадаадын банк оруулж ирсэн. Тухайн үед зах зээлийнх нь 70-90 хувийг гадаадын банк эзэлж, ДНБ-ий 10 хувьтай тэмцэх хэмжээний байсан. Ингээд дотоод нөхцөл байдал хүндэрсний дараагаас гадаадын банкаа больё гээд дотоодын банкаа дэмжиж эхэлсэн кейс юм. Либерал реформын талаар ярьж байгаа энэ үед хоёр замаар явах хэрэгтэй. Хэрэв гадаад банкийг Монголын зах зээлд оруулж ирж байгаа бол дотоодынхоо банкуудыг ч дэмжье. Зөвхөн дотоодын зах зээлээс ашиг олдог биш гадаадаас ч ашиг олох боломжийг олгоё. Мөн банкнуудын орлого олох боломжийг хязгаарлалгүй, юм болгон дээр зөвшөөрөл гэдгээ болих хэрэгтэй. Ингэж орлогын үүдийг нээснээр өрсөлдөөн улам сайжирч, хөгжих зайлшгүй шаардлагатай хөрөнгийн зах зээлийг ч өсгөх боломжтой. Дотоодын банкнуудыг дэлхийд биш юм аа гэхэд бүс нутагт нь өрсөлдөх чадварыг дэмжээд өгөөч ээ л гэмээр байна.