Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийхээ биед халдаж буй ноцтой бичлэгүүд цацагдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаад байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяраас сэтгүүлчид тодруулга авлаа. Боловсролын сайд П.Наранбаяр: Үе тэнгийн дээрэлхэлт бол боловсролын салбарт нэлээд яригдаж байгаа сэдэв. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд аюулгүй цахим орчны бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг өргөн барих бэлтгэл ажлаа хангаж дууслаа. Аюулгүй сүлжээ гэсэн бодлогыг үе тэнгийн дээрэлхэлтийг арилгах зорилгоор хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд 16 нас хүртэлх хүүхдийн нийгмийн сүлжээний эрхийг хориглоно. Эдгээр хуулийн төслүүд нь үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх ул суурьтай арга хэмжээ болно гэж үзэж байна. Учир нь өнөө үед хүүхдүүдийн хоорондын дарамт, доромжлол цахим орчинд илүү өрнөх болсон. Аюулгүй сүлжээгээрээ дамжуулаад сургуулийн болон сургуулийн гаднах орчинд хүүхдийн дээрэлхэлт дэлгэрүүлэхгүй байлгах талаас нь анхаарч ажиллана. Бидний хийсэн судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 90 хувь нь энэ тухайгаа эцэг, эхдээ хэлдэггүй байна. Харин эцэг, эхчүүдийн 60 орчим хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьдаггүй гэсэн дүн гарсан” гэлээ.Өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох эсвэл хатуу хязгаарлах шийдвэрийг сүүлийн жилүүдэд хэд хэдэн улс гаргаад байна. Үүнийг ихэвчлэн 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ ашиглуулахгүй байх, эсвэл эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг хэлбэрээр хэрэгжүүлж байна.