Монгол Улс Дэлхийн энх тайвны индексээр Азийн хамгийн тайван, аюулгүй таван улсын нэгээр шалгарсан нь манай аялал жуулчлалын салбарын давуу тал болж байна.Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжлийн шинэ боломжийг тодорхойлох “Аялал жуулчлалын долоо хоног” үндэсний чуулган (2026-03-09) Төрийн ордонд болж байна. 2025 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.8 хувь хүрч, олон салбарт бодит ахиц гарсан. Аялал жуулчлалын салбар ч мөн түүхэнд байгаагүй өсөлтийг үзүүлж, 2025 онд манай улс 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлжээ. Энэ нь өмнөх оноос 16 хувиар өссөн, бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд байна.Ерөнхий сайд Г.Занданшатар тус арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлэхдээ Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар хэмжихгүй гэдгийг тэмдэглээд, энэ өсөлтийг дэмжихийн тулд Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна гэлээ.Аялал жуулчлалын салбарын бизнест зориулсан 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монголын байгаль, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аялал жуулчлалын хөгжлийг бүсчилсэн бодлогоор дэмжиж, 12 аймгийн 17 байршлыг улсын аялал жуулчлалын бүс болгон анх удаа батлаад байна. Монголын байгаль, нүүдлийн соёл, өв уламжлалд суурилсан аялал жуулчлал олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай болж байна гэдгийг Ерөнхий сайд онцлов.