Сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэрийг хослуулан дулаан хангамжаа иж бүрэн шийдвэрлэсэн жишиг төсөл Орхон аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн 28-р цэцэрлэг, Яргуйт багийн төвд амжилттай хэрэгжжээ.
Өөрөөр хэлбэл нарны эрчим хүч, хөрсний гүний дулаан, нарны зайн батарей хуримтлуур болон агаараас дулаан ялгаруулах дулааны шахуурга (heatpump) зэрэг цэвэр, байгалийн сэргээгдэх эх үүсвэрүүдийг шинэлэг технологиор нэвтрүүлсэн байна.
Багийн төвийн барилгын дээврийн талбайг ашиглан нарны эрчим хүчийг дулаанд хувиргадаг технологи буюу нарны вакуум коллектор 27 ширхгийг суурилуулснаар, 60 кВт-ын дулаан хангамжийг нарнаас авах боломжтой юм.
Харин цэцэрлэгийн талбайг ашиглан 120 метрийн гүнээс өрөмдсөн 28 ширхэг цооногоор ус болон хөрснөөс зэрэг дулаанаа авахаар тооцжээ.
Түүнчлэн авто зогсоолын талбайд суурилуулсан 10 кВт-ын хоёр ширхэг нарны цахилгаан үүсгүүрээр төвийн шугамд гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хангачихна.
Нийт 7000 метр3 эзэлхүүнтэй барилгыг энэ системээр халаалснаар жилд 167 тонн нүүрсний хэрэглээнээс татгалзаж, агаар мандалд 417.5 тонн нүүрсхүчлийн хий тархахаас сэргийлж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд 120 орчим сая төгрөгийн бодит хэмнэлт гарах юм.
Уурын зуухны хэрэглээг халснаар агаар, хөрсний бохирдолгүй, найдвартай дулаан хангамж бүхий орчинд 28-р цэцэрлэгийн нийт 200 орчим хүүхэд суралцах, хөгжих боломжтой болжээ.
Өрхийн хэрэглээний нарны хавтанг төвийн шугамтай холбох процессыг хөнгөвчилж, журмыг хялбаршуулснаар айлууд ч ногоон шилжилтээр давалгаалж байна.
Нэг нь нөгөөгөө нөхөх боломжтой, найдвартай хэрнээ байгальд ээлтэй яг ийм цэвэр халаалтын хосолмол системийг “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бодлогоор дэмжинэ.