Сэтгэл гутралыг ихэвчлэн “толгой дээр хөвөх хар үүл” хэмээн зүйрлэдэг. Харин судлаачид бодит утгаараа агаарын бохирдол нь нас ахих үед сэтгэл гутрал үүсэхэд нөлөөлж болзошгүйг тогтоожээ.
JAMA Network Open сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар агаарын бохирдолд удаан хугацаанд өртөх нь АНУ-ын ахмад настнуудын дунд сэтгэл гутралтай холбоотой байж болзошгүйг тогтоосон байна. Сонирхолтой нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тогтоогдсон бохирдлын хэмжээ нь тийм ч өндөр биш аж. Судлаачид 64 ба түүнээс дээш насны америкчуудын хожуу илэрсэн сэтгэл гутрал болон “ердийн түвшний” агаарын бохирдол хооронд хамаарал байгааг илрүүлжээ.
Судалгааг хэрхэн хийсэн бэ?
Энэхүү судалгаанд Харвард болон Эмори их сургуулийн судлаачид 64 ба түүнээс дээш настай, Medicare даатгалд хамрагдсан бараг 9 сая хүнийг 11 жилийн хугацаанд ажигласан байна. Нийт 8.9 сая гаруй хүнийг хамруулсан судалгааны хугацаанд 1.5 сая гаруй хүн хожуу илэрсэн сэтгэл гутралтай гэж оношлогджээ.
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн өртсөн агаарын бохирдлын хэмжээ ихэнхдээ “аюулгүй” гэж тооцогддог түвшинд байсан нь АНУ төдийгүй дэлхийн олон хүн эрсдэлд байж болзошгүйг харуулж байна. Судалгаанд нарийн ширхэгт тоосонцор, азотын давхар исэл, озон гэсэн гурван гол бохирдуулагч бодисыг ажиглажээ.
Эдгээр бодист өртөх нь ахмад настнуудад сэтгэл гутрал оношлогдох эрсдэлийг нэмэгдүүлж байгаатай холбоотой байж болохыг судалгаа харуулсан байна. Олон жил үргэлжилсэн энэхүү томоохон судалгаа нь агаарын бохирдол ба сэтгэл гутралын хамаарлыг судлах арга барилд шинэ хандлага авчрах боломжтой гэж судлаачид үзжээ.
Түүнчлэн Европт хүрээлэн буй орчны бохирдол нь хэд хэдэн төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй холбоотой болохыг Европын байгаль орчны агентлагаас анхаарууллаа. Тус байгууллага бохирдлыг бууруулах хууль тогтоомжийг илүү хатуу мөрдүүлбэл европчуудын дунд сэтгэл гутрал, сэтгэл түгшилт багасна гэж үзэж байна.
Ялангуяа агаарын бохирдол, дуу чимээний бохирдол, химийн бодисын бохирдол нь сэтгэл гутрал үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг судалгаанууд харуулж байна. Түүнчлэн хар тугалга, дотоод шүүрлийн тогтолцоонд нөлөөлдөг химийн бодисууд болон бусад хорт бодист хүний хөгжлийн эмзэг үе шатандаа өртөх нь хожим амьдралд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж онцолсон байна.
Европын Байгаль орчны агентлагийн мэдээлснээр “Тэг бохирдлын зорилт”-д хүрэх нь зөвхөн байгаль орчин төдийгүй сэтгэцийн эрүүл мэнд болон амьдралын чанарт давхар эерэг нөлөө үзүүлэх боломжтой аж.