Хятад улс түүхий нефть болон Катараас тээвэрлэж буй шингэрүүлсэн байгалийн хий ачсан хөлгүүдийг Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрүүлэх асуудлаар Ирантай хэлэлцээ хийж байгаа талаар гурван дипломат эх сурвалж Ройтерс агентлаг мэдээлжээ.
АНУ болон Израилын Ираны эсрэг явуулж буй дайны ажиллагаа эрчимжсэнээр стратегийн чухал далайн гарц болох Ормузын хоолой бараг хаагдсан байдалтай байна. Пүрэв гарагт зургаа дахь өдрөө үргэлжилж буй энэ мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн нефть болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг орчим нь тасалдах эрсдэл үүсээд буй.
Ирантай найрсаг харилцаатай бөгөөд Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай Хятад улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг саатуулсан явдалд сэтгэл дундуур байгаа бөгөөд хөлгүүдийг аюулгүй нэвтрүүлэхийг Тегеранаас шаардаж байгаа аж.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс нефтийнхээ ойролцоогоор 45 хувийг Ормузын хоолойгоор дамжуулан авдаг.
Хөлөг онгоцны хөдөлгөөний мэдээллээс харахад “Айрон Мэйден” нэртэй нэг танкер шөнийн цагаар “Хятадын эзэмшлийн” гэсэн дохио өгсний дараа хоолойгоор нэвтэрчээ. Гэвч дэлхийн зах зээлийг тогтворжуулахын тулд илүү олон хөлөг нэвтрэх шаардлагатай хэвээр байна.
Мөргөлдөөн эхэлснээс хойш нефтийн үнэ 15 хувиас дээш өссөн бөгөөд Тегеран Персийн булан дахь эрчим хүчний байгууламжууд болон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлгүүдэд довтолж эхэлснээр нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгджээ. Ираны пуужингууд мөн Кипр, Азербайжан, Турк хүртэл туссан тухай мэдээлэл гарсан нь дэлхийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, томоохон эдийн засагтай орнууд инфляц өсөх эрсдэлийн талаар анхааруулахад хүргэжээ.
Хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг Вортекса компанийн мэдээлснээр мөргөлдөөн эхэлсний дараах өдөр буюу гуравдугаар сарын 1-нд Ормузын хоолойгоор ердөө дөрвөн нефтийн танкер нэвтэрсэн байна. Харин нэгдүгээр сараас хойш өдөрт дунджаар 24 танкер нэвтэрдэг байжээ. Мөн Вортекса болон хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянадаг Кплер компанийн мэдээллээр одоогоор 300 орчим нефтийн танкер Ормузын хоолойд саатсан хэвээр байгаа аж.
Сахарын салбарын шинжээч Майк Макдугаллын мэдээллээр одоогоор хоолойгоор нэвтэрч буй цөөн хэдэн хөлөг нь ихэвчлэн Хятад эсвэл Ираны эзэмшлийнх байгаа гэжээ.