Олон нийтийн дунд байрны үнэ цаашдаа буурах уу эсвэл өсөх үү гэсэн асуулт байнга яригддаг. Үүнийг тоон зүүлэлтээс харахад үнэ буурах магадлал одоогоор бага бөгөөд жил ирэх тутам нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд огцом өсөж, одоогоор нэг метр квадрат талбайн дундаж үнэ зургаан сая төгрөгт ойртжээ.
Үндэсний статистикийн хороооноос мэдээлснээр 2026 он гарсаар нийслэлийн хэмжээнд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өссөн байна. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх өмнөх оныхоос 14.2 хувиар өсөж мкв талбайн дундаж үнэ 5.5 сая төгрөг, хуучин орон сууцны үнэ 11.5 хувиар өсөж, 4.94 сая төгрөгт хүрээд байна. Энэхүү өсөлтийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн их буюу 18 18 хувиар буюу 730 мянган төгрөгөөр өссөн. Харин хуучин орон сууцны үнэ хамгийн их нэмэгдсэн байршил нь Хан-Уул дүүрэг бөгөөд жилийн өмнөхөөс 780 мянган төгрөгөөр өссөн байна.
Эрэлт их ч нийлүүлэлт бага
Байрны үнэ нэмэгдэхэд хүргэдэг олон зүйлийн нэг нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр юм. Хэрэв эрэлт нийлүүлэлтээс өндөр буюу нийлүүлэлт хомс байвал үнэ өсөж, ойролцоо байж, зах зээлд хангалттай орон сууц гарвал үнэ тогтворжиж, тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Залуусын байртай болох хүсэл сонирхол нь эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран буурдаггүй тул орон сууцны эрэлт аль ч цаг үед тогтмол өндөр хэвээр байдаг. Улаанбаатар хотод дэд бүтцийн хязгаарлагдмал байдлаас болж жил ирэх тусам шинэ орон сууцны нийлүүлэлт багасаж байна. Жишээ нь, нийслэлд өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар нийт 35 мянган айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд энэ нь нийт эрэлтийн ердөө тал хувийг нь хангаж чаджээ. Нөгөөтэйгүүр барилгын материалын өртөг нь орон сууцны үнийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Цемент, төмөр, блок, цахилгаан, сантехникийн хэрэгсэл зэрэг материалын үнэ нэмэгдэхэд өртөг өсч, шинэ орон сууцны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан тооцоогоор 2025 онд барилгын өртөг өмнөх оны мөн үеийнхээс 7.8 хувиар өссөн, тэр дундаа барилгын материалын зардал нь 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Ипотикийн зээл хумигдаж эрэлт багассан нь
Байрны үнэ жил ирэх тутам өсөж байгаа энэ үед нэг дор бүх мөнгөө төлж байр авахад хүндрэлтэй. Ийм нөхцөлд орон сууцтай болох боломжийг олгож буй гол санхүүгийн шийдэл нь ипотекийн зээл. Энэ нь иргэдийг байртай болгохоос гадна, орон сууцны зах зээлийн эрэлтэд шууд нөлөөлж, үнийн хөдөлгөөнийг тодорхой хэмжээгээр хянах боломжийг олгодог. Тухайлбал, зээл олголт нэмэгдсэн үед орон сууцны эрэлт өсч, үнэ өсөж, буурсан үед эрэлт саарснаар үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлах боломжтой. Монгол Улсад 2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотикийн зээлийн хөтөлбөрийн үр дүнд одоогоор 130 мянга гаруй өрх орон сууцтай болоод байна. Өнгөрсөн оны хувьд зээлийн санхүүжилт болон зээл авсан өрхийн тоо бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, 2024 онд 12 мянга орчим өрхөд 1.3 их наяд төгрөгийн зээл олгосон бол өнгөрсөн онд 1.2 их наяд төгрөгийн зээлийг 10 мянган орчим өрхөд олгожээ.
Өнгөрсөн оны үзүүлэлтээс харахад орон сууцны үнэ тогтвортой өсөлттэй байлаа. Харин орон сууцны эрэлт өндөр ч нийлүүлэлт хязгаарлагдмал, барилгын өртөг нэмэгдэх гэхчлэн хүчин зүйлс үргэлжилж, ипотикийн зээлийг их хэмжээгээр олгох нь үнийг хөөрөгдүүлэх эрсдэлтэй. Иймээс үнийг аль болох тогтвортой барих тал дээр анхаарах шаардлагатай байна.