Open iToim app
Улс төр | 5 мин уншина

Г.Занданшатар: Сэтгүүл зүйд ч цэгцрэх хөдөлгөөн хэрэгтэй болсон

Г.Занданшатар: Сэтгүүл зүйд ч цэгцрэх хөдөлгөөн хэрэгтэй болсон
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 6
Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төвөөс өчигдөр "Media Mongolia 2026" чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Тус чуулганд сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд оролцож, сэтгүүл зүй байх шаардлагатай юу үгүй юу, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах, сэтгүүл зүйн салбарын хууль эрх зүйн талаар ярилцсан юм. Мөн Олон улсын Хэвлэлийн хүрээлэнгийн (IPI) Инновац, медиа бизнес хариуцсан захирал Райн Пауэл "Media Mongolia 2026" чуулганд оролцож, олон улсын туршлагаас хуваалцаж, CUNY-ийн Сэтгүүл зүйн магситрын Ньюмарк сургуулийн сургалт, заах арга зүй хариуцсан захирал Жереми Каплан оролцож, сэтгүүл зүйн салбарт хиймэл оюуныг хэрхэн үр дүнтэй ашиглах тухай олон улсын туршлагаас хуваалцав. Түүнчлэн чуулганы нээлттэй ярилцлагын хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоотой "Сэтгүүл зүй бидэнд хэрэгтэй юу" буюу өнөөгийн нийгэмд мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааны эзэлж буй байр суурь, итгэлцэл, дэмжлэгийн асуудлуудын талаар ярилцлаа.
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүссэний 113 жилийн ойн энэ өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын сэтгүүл зүйн талаар ярилцсан ярилцлагын хэсгээс хүргэе.
-Сэтгүүл зүй хэрэгтэй юү?
-Шулуухан үнэнийг хэлээрэй гэсэн болохоор шулуухан хэлэхэд бараг хэрэггүй юм байна гэсэн ойлголт нийгэмд төрчихсөн байна. Гэхдээ мэргэжил бүхэн өөрийн онцлог, давуу талтай учраас амьд организм байгаад өөрөө өөрийгөө цэвэрлэж, цэвэршүүлээд, хөгжөөд явахад нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй салбар бол сэтгүүл зүйн салбар, сэтгүүлч мэргэжил. Энэ зөвхөн мэдээлэл өгөх, хүргэх тухай асуудал биш. Өнөөдөр сошиал медиа интернэтээс мэдээлэл авч болно. Гэтэл мэдээллийн урсгалын үнэн зөв бодит байдал, үйл явдалд дүн шинжилгээ хийж, тэнцвэртэй мэдээлэл хүргэж, уншигч үзэж, сонсоод өөрийнхөөрөө дүгнэх ёстой. Дүгнэлтийг шахдаг биш.
Орчин үеийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хиймэл оюун ухаан сошиал медиа хамгийн том эрсдэл болсон гэж Давосын эдийн засгийн чуулган дүгнэсэн. Тэр дундаа хиймэл оюун ухаанаар удирдагдсан сошиал медиа бол дайнаас ч илүү аюултай гэж үнэлэгдсэн. Энэ бол нийгмийг ч, төр засгийг ч, улс үндэстнийг ч устгаж чадах зөөлөн хүч болсон гэж дүгнэж байгаа. Дэлхийн хамгийн том эрсдэл гэж үзэж байгаа. Сэтггүүл зүй хоёр үзүүртэй хутга учраас муу хүнд очвол буруугаар ашиглагдана.
-Таныхаар сэтгүүл зүй ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм бэ?
-Сэтгүүл зүйн салбарт цэгцрэх хөдөлгөөн хэрэгтэй болсон гэж ойлгож байна. Надаас асуултгүй энэ салбарт юу болоод байгааг та бүхэн мэдэж байгаа. Хэвлэл мэдээлэл, цахим орчин буруу ашиглагдвал хоёр үзүүртэй илд болсон. Дөрөвдүгээр үеийн дайны хэрэгсэл гэж нэрлэгддэг болсон. Зэвсэг болчихсон учраас муу хүний гарт орвол хүн ална. Тиймээс энэ салбарт ч цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, цэвэрлэж явах нь та бүхний ажил.
undefined
-Сэтгүүл зүйн салбарыг төр засаг хэрхэн дэмжих ёстой вэ. Ер нь хоёр том хөршийн дунд, мөн олон улсад дайн мөргөлдөөнтэй үед сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбар хэрхэн ажиллах ёстой вэ?
-Дэлхийн дэг журам тогттол, хэн нь илүү хүчтэй болохоо шийдтэл дайн үргэлжилнэ. Энэ өрсөлдөөн нэг, хоёр жилийн дотор болох өрсөлдөөн биш. Энэ дотор хамгийн анхаарах зүйлийг сэтгүүлчдэдээ хэлэхэд дэлхийн дайн олон төрөлтэй болчихсон. Өмнө нь хатуу хүчний тэмцэл байсан бол дөрөвдүгээр үеийн дайны хэрэгсэл өөр болсон. Гудамжны жагсаал цуглаанаас эхлээд иргэний нийгмийн зөрчилтэй олон хэлбэртэй болгож байна. Мөн хиймэл оюун ухаан, сошиал медиатай мэдээллийн дайн болсон байна. Тиймээс сэтгүүлчдийн ажлын талбар шинэ дайны талбар болсон. Тэнд өгч байгаа мэдээлэл, эх сурвалжууд зорилготой, маш сайн боловсруулсан байж болно. Мэдээллийн дайны дараагийн шат бол тархи сэтгэхүйд нөлөөлөх хэмжээнд очсон. Хиймэл оюун ухаан хүнийг өөрийг нь судлаад Б.Дуламхорлоогийн сонирхож байгаа зүйлүүдийг судлаад чамд ийм мэдээлэл хүргээд байхад чиний тархийг ухааж өөрчилж болно.
Энэ нь Монголын 3.5 сая хүнд хэрхэн нөлөөлж байна. Биш юмаа гэхэд 2 сая хүнд хэрхэн нөлөөлж байна. 300 мянган малчдыг нэг бүлэг болгож авч үзээд хэрхэн нөлөөлөх вэ. Ингээд сонирхлоор нь удирддаг мэдээллийн урсгалын дайны хэлбэр байгаа юм. Тархи сэтгэхүйн дайны хэмжээнд хүрчихсэн. Үүнийг төр засгийнх нь эсрэг ашиглана, үндэстэн хоорондын хагарал зөрчил болгож байна. Цаашдаа хэрхэн өргөжихийг таашгүй. Дэлхийн геополитик хүндэрч байгаа үед бид гадна хүйтэн байсан ч дотроо дулаан байх ёстой. Жижиг улс орнууд тэгж байж тэсэж үлдэнэ. Үүний үр нөлөө шатахууны үнэ өсөхөөс эхлээд худалдааны дайн, тарифын дайн үүснэ. Энэ бүхэн стратегийн нөөцүүдийн төлөө дайн болно. Дарамт шахалтууд үзүүлж эхэлнэ. Алтны үнэ 5300 ам.доллар болтлоо өсөж байгаа. Энэ бүхэн бүгд хоорондоо уялдаа холбоотой.
Ялангуяа цөөхөн хүн амтай манайх шиг улсад их гүрнүүдийн сонирхол орж ирж байгаа. Мэдээллийн урсгалуудаас харагдаж байгаа. Тиймээс үндэстний сөрөн тэсвэрлэх чадварыг манах ёстой. Үүнийг төр засаг дэмжих ёстой.
-Та ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээллээ авдаг вэ?
-Энэ богинохон боловч маш хэцүү асуулт байна. Би ажлын шаардлагаар өглөө бүхэн гадаадын хэвлэлээс тойм үздэг. Дотоодын хэвлэлээр гарч байгаа анализуудыг хардаг. Яг тэр энэ хэвлэл гэж хэлэх дэмий байх.
-Та бид нарт хандаж юу хэлмээр байна вэ?
-Эрүүл хандлага, шинээр босгоё гэсэн хүсэл эрмэлзэл манай сэтгүүл зүйд үнэртэж байна. Өөрчлөлтийн төлөө байгаа нь асуултуудаас харагдаж байна. Та бүхэн цэгцэрвэл Монгол Улс цэгцэрнэ. Та бүхэн бол үнэн зөв мэдээллийн төлөөх тэмцэгчид. Энэ чиг шугамаа бариад явбал улс оронд маань мөн ч их хэрэгтэй байна. Ард түмнээ зөв тийш нь соён гэгээрүүлж, дагуулах хүмүүс нь та нар. Бид бүгд нэг монголчууд, нэг эх оронтой, нэг хэлтэй, нэг түүх уламжлал, нэг соёлтой. Бүгдээрээ л энэ улс орны сайн сайхны төлөө, улс орон маань сайн сайхан байгаасай гэдэг чин сэтгэлээр жигүүрлэдэг гэдэгт би итгэдэг.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн