Засгийн газраас энэ сарын 2-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр 500.0 сая ам.долларын 5.95 хувийн хүүтэй зургаан жилийн хугацаатай “Сенчири-5” бондыг амжилттай арилжаалсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрээр "Олон улсын зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондуудын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. Мөн энэ удаагийн бондын эрсдлийн түвшин нь 2.2 буюу хамгийн бага эрсдлийн түвшинтэй тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, төсөв санхүү, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж байгаагийн илрэл юм. Бондыг амжилттай арилжаалснаар эдийн засагт дараах дөрвөн эерэг үр дүн гарна.Нэгдүгээрт: Жил бүр олон улсын хөрөнгө оруулагчдад зориулж, бондын шижиг үзүүлэлтийг тогтоодог. Гадаад нөхцөл байдал дайн тулаантай байгаа энэ үед Засгийн газар түүхэндээ хамгийн бага түвшинг тогтоож чадсан нь цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг өргөжүүлсэн үйл явдал. Үүнээс гадна дотоодын аж ахуй нэгжүүдийн олон улсын зах зээлд гарсан корпорейт бондуудын хүүгийн суурь хэмжээг багасгаж чадлаа.