Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, хуралдаанаар хэлэлцэн зарим асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд, Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, хууль зүйд дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх” шийдвэр гаргажээ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 15 ба түүнээс дээш насны 2.4 сая иргэн байгаагийн 1.4 сая нь ажиллах хүч 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх иргэн байна. Хөдөлмөр эрхлэх боломжтой 115 мянган иргэн байна. Өнгөрсөн хугацаанд манай яам Азийн хөгжлийн банктай хамтраад бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт 1259 өрхийг хамруулж байсан. Тиймээс 2026 онд 5000 өрхийг хөдөлмөрт зуучилж, орлоготой болгох зорилт тавиад ажиллаж байна.
Ерөнхий сайд энэ ажилд Засаг дарга нар, ИТХ-ыг татан оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Аймаг бүрийг улирлаар дүгнэнэ. Үр дүнгүй ажилласан аймаг, сумын удирдлагатай хариуцлага тооцно. Энэ ажлыг хэрэгжүүлж чадвал 20-30 мянган иргэнийг орлоготой болгож чадна гэж тооцож байна.