Монгол Улс 500 сая ам.долларын 5.95 хувийн хүүтэй “Сенчири-5” бондыг зургаан жилийн хугацаатайгаар олон улсын зах зээлд гаргаж, амжилттай арилжааллаа. Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал үүсэж олон улсын санхүүгийн зах зээл савлаж буй энэ үед бонд гаргах нь тийм ч таатай биш. Хөгжингүй болон хөгжиж буй орнууд, корпорацууд дээрх нөхцөл байдлаас шалтгаалан бонд гаргах саналаа цуцалж буй. Харин манай улсын хувьд нөхцөл байдал даамжирвал эрсдэл илүү нэмэгдэх магадлалтай гэж үзээд мөс зүсэх стратегийг сонголоо. Зах зээлд анхдагчаар гарж чадвал хөрөнгө оруулагчдын эрэлтийг төвлөрүүлэх боломжтой байдаг. Энэ жишгээр хөрөнгө оруулагчид “Сенчири-5” бондын арилжаанд төвлөрч захиалга нь зарласан хэмжээнээс 3.2 дахин давж, 1.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэсэн нь
Бонд босгоно гэдэг нь өр үүсэж байгаа хэлбэр учраас хугацаа нь дуусахад төлөх л ёстой санхүүгийн хэрэгсэл.
Монгол Улс хувьд 2026 оноос “Номад” болон “Сенчири-1, 2, 3, 4” бондуудын өрийг төлөх хуваарьтай. “Сенчири-5” бол эдгээр бондын үлдэгдлийг дахин санхүүжүүлж өрийн зохицуулалт хийх зорилгоор гаргасан шийдэл. Энэ утгаараа 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авна. Үүнийг энгийнээр тайлбарлавал ойрын хоёр жилд төлөгдөх байсан өндөр хүүтэй бондыг бага хүүтэй шинэ бондоор сольж байна гэсэн үг. Жишээлбэл, “Сенчири-2” бондын хүү 8.65 хувиар төлөгдөх байсныг 5.95 хувийн хүүтэй болгосноор хоёр жилд төлөх хүүгийн зардлаас 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа аж. Үүнийг эерэг талаас нь харвал зээлийн хүүгийн зардлыг бууруулж, валютын нөөцөд шууд дарамт үүсгэхгүй, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаар болсон гэхчлэн ач холбогдолтой байна.