Open iToim app
Ярилцлага | 10 мин уншина

Б.Санчир: Хүн өөрийгөө бусдын нүдээр хэмжиж эхлэх үед дотоод эрх чөлөөгөө алдаж эхэлдэг

Б.Санчир: Хүн өөрийгөө бусдын нүдээр хэмжиж эхлэх үед дотоод эрх чөлөөгөө алдаж эхэлдэг
Нийтэлсэн 2026 оны 3 сарын 3
Арван хоёр настайгаасаа философийн гүн утга агуулгыг сонирхон судалж эхэлсэн тэрээр энэхүү эрэл хайгуулаа сэтгэл судлалын ухаантай холбон хөгжүүлжээ. Хүний оюун ухаан, сэтгэлийн хамгийн гүн давхарга дахь нарийн ухагдахууныг философийн өнцгөөс шинжлэн судалсаар байгаа юм. “Есөн араншин”, “Чимээ үгүй” номын зохиолч, сэтгэл судлаач Б.Санчиртай ярилцлаа.
-Сэтгэл гутрал, түгшүүрийн талаар цахимаар мэдээлэл хайх нь зүгээр үү?
-Сэтгэл гутрал, түгшүүрийн талаар цахимаар мэдээлэл хайх нь буруу зүйл биш. Харин ч өөртөө юу тохиолдож байгааг ойлгохыг хичээж байгаа нэг алхам гэж хэлж болно. Хүн ямар нэг зүйл зовоож эхлэхээрээ “Яагаад ингэж байна?” гэж асуух нь хэвийн. Гэхдээ интернэт бол хэн ч юу ч бичиж болдог орон зай. Зарим мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлгүй, зарим нь хэтрүүлсэн, бүр айдас төрүүлэхээр бичигдсэн байдаг. Тиймээс эх сурвалжаа ялгаж сурах нь чухал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн сэтгэл зүйн байгууллагуудын вэбсайт, судалгаанд суурилсан нийтлэлүүд илүү найдвартай. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Хэрэв гуниг, хоосрол удаан үргэлжилж, түгшүүр өдөр тутмын амьдралд нөлөөлж, нойр хоол алдагдаж, ажил сургуульд саад болж эхэлбэл зөвхөн уншиж судлахаас илүү мэргэжлийн хүнтэй ярилцах хэрэгтэй болдог. Мэдээлэл бол чиглэл өгч чадна, харин оношилгоо, эмчилгээ нь мэргэжлийн оролцоо шаарддаг.
Өөрийгөө ойлгох зам мэдээллээс эхэлж болно. Харин ганцаараа туулах албагүй гэдгийг санах нь илүү чухал.
-Нийгмийн сүлжээ харьцуулалтын соёлыг бий болгож байна гэж ярьдаг. Энэ нь сэтгэл гутралд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Нийгмийн сүлжээ яагаад сэтгэл гутралд нөлөөлдөг вэ гэж асуувал хариулт нь их энгийн. Бид тэнд хүмүүсийн амьдралын бүтэн дүр зургийг биш, зөвхөн “хамгийн гоё хэсгийг” нь л хардаг. Амжилт, аялал, баярт мөчүүд. Харин эргэлзээ, айдас, бүтэлгүйтэл ихэнхдээ дэлгэцний, хананы цаана үлддэг. Гэтэл бид тэр шүүлтүүрлэгдсэн дүр зургийг өөрсдийн бодит, заримдаа замбараагүй амьдралтайгаа харьцуулж эхэлдэг. Ингэхийг сэтгэл зүйд “дээшээ чиглэсэн нийгмийн харьцуулалт” (upward social comparison) гэж нэрлэдэг. Өөрөөсөө илүү мэт харагдах хүмүүстэй өөрийгөө жиших үед “би дутуу байна”, “би хоцорч байна” гэсэн бодол аажмаар сууж эхэлдэг.
Францын философич Жан Пол Сартр “Там бол бусад хүмүүс” гэж хэлсэн байдаг. Энэ нь бусдын оршихуй өөрөө там гэсэн үг биш, харин бид өөрсдийгөө байнга бусдын нүдээр хэмжиж эхлэх үед дотоод эрх чөлөөгөө алдаж болдог гэдгийг хэлсэн санаа. Нийгмийн сүлжээнд энэ мэдрэмж илүү амархан үүсдэг. Лайк, сэтгэгдэл, дагагчийн тоо гээд хэмжигдэхүүнүүд байнга нүдэнд харагдаж байдаг шүү дээ. Хамгийн гол нь нийгмийн сүлжээн дээрх амьдрал бол бодит амьдралын редакцлагдсан хувилбар гэдгийг санах. Бусдын хамгийн гоё мөчийг өөрийнхөө хамгийн хэцүү үе шаттай харьцуулах нь шударга тоглоом биш.
-Амьдралын утга учир алдагдах мэдрэмж сэтгэл гутралтай хэрхэн холбогддог вэ?
-Амьдралын утга учир алдагдсан мэт санагдах мэдрэмж бол зүгээр нэг гуниг биш. Энэ нь “би яагаад амьдарч байна вэ?”, “энэ бүхний утга нь юу вэ?” гэсэн асуултууд чимээгүйхэн дотроос ургаж эхлэх үе. Ийм мэдрэмж удаан үргэлжилбэл дотоод хоосон байдал гүнзгийрч, сэтгэл гутралтай огтлолцох магадлалтай. Австрийн сэтгэл засалч Визтор Франкл хүнийг “утга учир эрэлхийлдэг амьтан” гэж тодорхойлсон байдаг. Түүний хэлснээр, амьдрал утгагүй болсон мэт санагдах үед “экзистенциал хоосон байдал” үүсдэг. Энэ нь зүгээр гуниглах биш, харин өглөө босох шалтгаан бүдгэрэх, ирээдүй манантах, өдөр хоног зүгээр л өнгөрч байгаа мэт санагдах байдал юм. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Утга учир гэдэг бэлэн олддог, хэн нэгэн бидэнд өгдөг зүйл биш. Ихэнхдээ бид өөрсдөө бүтээдэг. Зарим хүн утга учраа ажлаасаа олдог. Зарим нь хайртай хүмүүсээсээ. Зарим нь хүнд хэцүү үеийг даван туулсныхаа дараа амьдралыг өөрөөр харах чадвараас олдог.
Франклын логотерапийн үзлээр хүн ямар ч нөхцөлд утга учир олох боломжтой. Бүтээлч үйлдлээр (жишээ нь, ямар нэг зүйл хийх, бүтээх). Хайр, харилцаагаар (хэн нэгэнд хэрэгтэй байх мэдрэмжээр). Эсвэл зовлонг өөрийн өсөлтийн хэсэг болгон хүлээн авах хандлагаар. Амьдралын утга учир алдагдах мэдрэмж аймшигтай мэт санагдаж болно. Гэхдээ заримдаа энэ нь амьдралын шинэ ойлголтын эхлэл болдог.
Хуучин хариултууд утгагүй болсон үед шинэ асуулт гарч ирдэг. Тэр асуулт бол төгсгөл биш магадгүй эргэлтийн цэг байж болно.
-Ажлын байрны дарамт, амжилтын хэт өндөр хүлээлт хүний сэтгэлзүйд ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Ажлын дарамт, амжилтын хэт өндөр хүлээлт яагаад ийм их ядаргаатай байдаг вэ гэвэл, хүн өөрийгөө хэзээ ч “хангалттай” гэж мэдэрч амждаггүйтэй холбоотой. Нэг зорилгод хүрэхэд дараагийнх нь гарч ирнэ. Амжилт түр зуурын баярыг өгөөд л дараагийн шалгуур эхэлчихдэг. Ингэж удаан явбал зүгээр нэг ядрах биш, дотоодоосоо шавхагдсан мэт болдог. Үүнийг шатах хам шинж буюу burnout гэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүнийг ажлын байрны архаг стрессийн үр дагавар гэж тодорхойлсон. Өглөө босоход хэцүү болох, ажилдаа утга мэдрэхээ болих, өөрийгөө үр бүтээлгүй мэт санах энэ бүхэн зүгээр “залхуурал” биш. Амжилтын хэт өндөр хүлээлт өөр нэг зүйл үүсгэдэг ба төгс байх ёстой гэсэн дотоод дарамт. Алдаа гаргах эрхгүй мэт, бусдаас хоцрох ёсгүй мэт. Ингэх тусам шийдвэр гаргахдаа эргэлзэнэ, өөрийгөө илүү их шүүнэ, нойр муудна, түгшүүр нэмэгдэнэ.
Эцэст нь ажиллахын тулд биш, алдаа гаргахгүйн тулд амьдраад байгаа мэт болчихдог. Францын зохиолч, философич Алберт Камус Сизифийн тухай бичихдээ “Хүн утгагүй мэт санагдах давтагдмал хөдөлмөрийн дунд ч утга олж чадна” гэж хэлсэн. Чулууг өнхрүүлэхээс зугтах биш, харин яаж өнхрүүлэх вэ? гэдэгт утга бий гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, бид ажлаа бүрмөсөн орхихгүй байж болно, гэхдээ ажлынхаа өмнө өөрийгөө алдах албагүй. Тиймээс хил хязгаар гэдэг маш чухал. Ажлын цаг дууссаны дараа амрах эрхтэй байх. Амралтын өдрийг үнэхээр амралт болгох. “Үгүй” гэж хэлэхийг сурах. Амжилт хүний үнэ цэнийг бүрэн тодорхойлох ёсгүй гэдгийг санах. Амжилтад тэмүүлэх буруу биш. Харин өөрийгөө шатаахгүйгээр, урт хугацаанд амьдрах байдлаар тэмүүлэх нь илүү ухаалаг зам юм.
-Сэтгэл гутрал болон түр зуурын гуниг хоёрыг хэрхэн ялгаж ойлгох вэ?
-Гуниглах бол хэвийн зүйл. Ажил бүтэлгүйтэх, хайртай хүнтэйгээ муудалцах, алдагдал хүлээх үед гуниг төрөх нь хүний байгалийн хариу үйлдэл. Гунигтай үед хэцүү санагдана, уйлж ч магадгүй. Гэхдээ дотор нэг хэсэгтээ “цаг хугацаа өнгөрөхөөр арай дээр болно” гэсэн мэдрэмж байдаг. Аажмаар хөнгөрч эхэлдэг. Харин сэтгэл гутрал бол арай өөр. Зүгээр нэг гуниглаад байгаа биш, бүх зүйл утгагүй мэт санагдаж эхэлнэ. Урьд нь дуртай байсан зүйл сонирхол татахаа болино. Өглөө босох хэцүү болно. Нойр хямарна эсвэл огт унтаж чадахгүй, эсвэл хэт их унтана. Бие ядарч сульдана. Хамгийн гол нь бодлууд өөрчлөгдөнө. Би хэрэггүй хүн, юу ч дээрдэхгүй байна гэх мэтээр ийм бодлууд түр зуур биш, байнга давтагдаж эхэлдэг. Философич Сёрен Кьеркегор гунигийг хүний дотоод ертөнцөө ойлгох боломж гэж харж байсан. Үнэхээр зарим гуниг бидэнд юм ойлгуулдаг. Харин сэтгэл гутрал бол эсрэгээрээ бодол, мэдрэмжийг бүрхээд, хөдөлж чадахгүй мэт болгодог. Хэрэв ийм байдал хоёр долоо хоногоос дээш үргэлжилж, ажил, сургууль, харилцаанд нөлөөлж эхэлбэл мэргэжлийн хүнтэй ярилцах нь зүйтэй.
Гуниг бол амьдралын нэг хэсэг. Харин сэтгэл гутрал бол ганцаараа дотроо тэвчих зүйл биш.
-Хэзээ мэргэжлийн тусламж авах шаардлагатай гэж үзэх бол?
-Хэрэв сэтгэл гутралын шинжүүд хоёр долоо хоногоос илүү хугацаанд арилахгүй үргэлжилж байвал, ажилдаа явах, хичээлдээ суух, хүмүүстэй хэвийн харилцахад хэцүү болоод эхэлбэл, нойр чинь алдагдаж, хоолны дуршил өөрчлөгдөж, эрч хүчгүй болчихвол, хүмүүсээс зай баримаар санагдаад, ганцаараа байх хүсэл ихсээд байвал, эсвэл өөртөө хор хүргэх тухай бодол төрж эхэлбэл, энэ үед заавал мэргэжлийн хүнтэй уулзах хэрэгтэй. Тусламж гуйна гэдэг сул дорой гэсэн үг биш. Харин ч “би өөртөө анхаарч байна” гэсэн хамгийн зоригтой алхам. Аристотель “Өөрийгөө мэдэх нь бүх мэргэн ухааны эхлэл” гэж хэлсэн байдаг. Заримдаа өөрийгөө илүү ойлгохын тулд мэргэжлийн хүний дэмжлэг хэрэг болдог. Тэр алхмыг хийх нь ичгүүртэй зүйл биш, харин өөрийгөө хамгаалж, хайрлаж байгаа хэрэг юм.
-Монголчууд сэтгэлзүйн тусламж авах соёлд хэр бэлэн болсон гэж та дүгнэх вэ?
-Монголчууд сэтгэлзүйн тусламж авах тал дээр аажмаар өөрчлөгдөж байна гэж хэлж болно. Ялангуяа залуучууд интернэт, сошиал сүлжээгээр сэтгэлзүйн талаар илүү их мэдээлэл авч, “сэтгэлзүйчид очих нь ичгүүртэй” гэх ойлголтоос бага багаар салж байна. Энэ бол үнэхээр сайн өөрчлөлт. Гэхдээ нөгөө талаас “эр хүн тэвчих ёстой”, “сэтгэлзүйн асуудал бол сул дорой хүнийх” гэх хуучин бодол одоо ч байсаар. Зарим айлд энэ ойлголт үеэс үед дамжиж ирсэн хэвээр. Мөн сэтгэлзүйч, сэтгэцийн эмч нар хангалттай биш, ялангуяа хөдөө орон нутагт үйлчилгээ авахад хэцүү байдаг. Тиймээс энэ нь ганц хүний зориг, шийдвэрийн асуудал биш. Нийгмээрээ ойлголтоо өөрчилж, илүү нээлттэй болох шаардлагатай системийн асуудал юм. Конфуци “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэж хэлсэн байдаг. Бид тэр эхний алхмуудаа хийж эхэлсэн. Гэхдээ цааш явах зам урт хэвээр байна.
-Сэтгэл гутрал нь заримдаа хүний амьдралын утга учрыг дахин эрэлхийлэх боломж болж чаддаг уу?
-Сэтгэлзүйд “хүнд үеийг давсны дараах өсөлт” гэж ойлголт байдаг. Хүн маш хэцүү үе туулсны дараа амьдралыг илүү гүн ойлгож, юуг үнэхээр чухал гэж үздэгээ шинээр олж хардаг, харилцаагаа илүү үнэлдэг, дотроо илүү тэсвэртэй болдог тохиолдол бий. Фридрих Ницше “Намайг устгаж чадаагүй зүйл намайг хүчирхэг болгодог” гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ нь өөрөө аяндаа болчихдог зүйл биш. Хэцүү үе болгоноос хүн “автоматаар” хүчтэй болчихдоггүй. Сэтгэл гутрал хүнийг албаар зогсоож байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэр үед “Би яг зөв замаар явж байна уу?”, “Миний амьдралд юу чухал вэ?” гэж өөрөөсөө асууж эхэлдэг. Хэрэв тэр зогсолтыг ухамсартай ашиглаж чадвал, амьдралынхаа чиглэл, зорилго, харилцааг дахин харах боломж болдог. Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй, сэтгэл гутралыг “сайн зүйл” гэж гоёчилж болохгүй. Энэ бол бодит, хүнд, заримдаа аюултай байж болох байдал юм.
-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй дадлууд юу вэ?
-Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэхэд хэт их ачаалал хэрэггүй. Харин өдөр тутам хийж болох энгийн дадлууд хамгийн их нөлөөтэй байдаг. Нэгдүгээрт, хөдөлгөөн. Долоо хоногт хэдхэн удаа 30–40 минут алхах, гүйх, дасгал хийхэд л бие доторх “сайхан мэдрэмжийн” дааврууд нэмэгдэж, сэтгэл тогтвортой болдог. Хоёрдугаарт, нойр. Өдөр бүр ойролцоогоор 7–9 цаг тогтмол унтах нь тархи, сэтгэл хоёрт маш чухал. Орой оройтож суух, шөнө сэрэх нь сэтгэлзүйд шууд нөлөөлдөг. Гуравдугаарт, хүмүүстэй холбоотой байх. Итгэлтэй хүнтэйгээ ярилцах, гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзах, ганцаараа бүхнийг дотроо хадгалахгүй байх. Дөрөвдүгээрт, хэсэг хугацаанд зогсож, өөрийгөө анзаарах. Өдөрт 10–15 минут утсаа хойш тавиад, зүгээр л амьсгалаа ажиглаж, бодлоо тайван харах нь түгшүүрийг багасгадаг. Тавдугаарт, талархах. Өдөр бүр “Өнөөдөр би юунд талархаж байна вэ?” гэж өөрөөсөө асуугаад гурван зүйлийг бодох, эсвэл бичихэд л сэтгэл аяндаа эерэг тал руугаа шилждэг. Эпиктет “Биднийг зовоодог зүйл нь үйл явдал биш, харин түүний тухай бидний бодол” гэж хэлсэн байдаг.
Бид бүхнийг хянаж чадахгүй ч, түүнийг яаж харж, яаж хүлээж авах вэ гэдгээ бага багаар суралцаж чадна. Тэр л хамгийн энгийн атлаа хамгийн хүчтэй урьдчилан сэргийлэлт юм.
-Нийгмийн сүлжээний хэрэглээг хэрхэн эрүүл түвшинд барих вэ?
-Нийгмийн сүлжээг бүр орхих албагүй. Харин яаж, хэдий хэмжээгээр ашиглах вэ гэдэг л чухал. Нэгдүгээрт, өөртөө цагийн хязгаар тавих. Өдөрт 30–60 минутаас илүүгүй байхаар шийдэх, ялангуяа унтахаас өмнөх нэг цагт утас оролдохгүй байх нь их нөлөөтэй. Оройны дэлгэц нойрыг эвддэг. Хоёрдугаарт, зүгээр л утгагүй скролл хийхийн оронд илүү утгатай ашиглах. Хэн нэгэнтэй жинхэнэ яриа өрнүүлэх, хэрэгтэй зүйл сурах, мэдлэгтэй контент үзэх гэх мэт. Зүгээр л харж, харьцуулж, атаархаж суух нь сэтгэлд муу нөлөөтэй. Гуравдугаарт, мэдэгдлүүдээ цөөлөх. Дуугарч, анивчих бүрт анхаарал сарниад, дотроо тайван байж чаддаггүй. Үнэхээр хэрэгтэй аппликэйшнийг л мэдэгдэлтэй үлдээхэд хангалттай. Дөрөвдүгээрт, хааяа “дижитал амралт” авах. Долоо хоногт нэг өдөр сошиалгүй өнгөрөөж үзэхэд л тархи амарч, цаг их гарч ирнэ дээ. Мөн нэг энгийн асуулт өөрөөсөө асууж сур: “Энэ пост надад яг ямар мэдрэмж төрүүлж байна вэ?” Хэрэв ихэнх нь уур, атаархал, түгшүүр төрүүлж байвал хэрэглээгээ дахин бодох хэрэгтэй. Марк Аврелий “Чи бодлоо хянах хүчтэй, гадаад үйл явдлыг биш” гэж бичсэн байдаг. Нийгмийн сүлжээ өөрөө сайн ч биш, муу ч биш. Түүнийг яаж ашиглах вэ гэдэг л бидний гарт байна.
-Танд төгсгөлд нь нэмж хэлэх зүйл байгаа юу?
-Төгсгөлд нь нэг л зүйлийг хэлмээр байна. Үүнийг уншиж байгаа таны мэдрэмж үнэ цэнтэй. Таны зовлон бодит. “Би зүгээр л хэт мэдрэмтгий байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Тусламж хүсэх нь сул дорой байдал биш. Харин ч “би өөрийгөө хамгаална” гэсэн шийдвэр. Сэтгэл гутрал бол таны алдаа биш, бас таны хувь тавилан ч биш. Энэ бол эмчлэгддэг, даван туулж болдог байдал. Виктор Франкл хамгийн хүнд нөхцөлд байсан ч “Хүн ямар ч нөхцөлд өөрийн хандлагаа сонгох эрх чөлөөгөө алддаггүй” гэж бичсэн байдаг. Бүх зүйлийг бид хянаж чадахгүй ч, дараагийн алхмаа хийх эсэхээ бол сонгож чадна. Та ганцаараа биш. Хэрэв хэрэгтэй бол мэргэжлийн хүнээс тусламж аваарай. Энэ бол ичгүүртэй зүйл биш, зоригтой алхам. Амьдралд “хэтэрхий оройтсон” гэж байдаггүй. Өнөөдрөөс эхэлж болно.
-Ярилцсанд баярлалаа.
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн