"PassionUA" багийн бүрэлдэхүүнд нэгдсэн Senzu "ESL Pro League Season 23" тэмцээний онлайн шатанд эхний тоглолтоо Liquid багийн эсрэг хийж, ялалт байгууллаа. "PassionUA" баг өрсөлдөгчөө 2:0 харьцаатайгаар буулган авсан ба Senzu хамгийн олон буюу 48 kill хийж бүх тоглогчийг тэргүүллээ.
"Passion UA" баг хоёрдугаар тойрогт өнөө оройн 23:30 цагаас Туркийн "FUT Esports" багийн эсрэг тоглох хуваарь гарчээ. Хэрэв уг тоглолтод хожвол хоёрдугаар шатанд шалгарахад нэг хожил дутуу үлдэнэ.
CS2 цахим спортын 2025 оны шилдэг 20 тамирчны тоонд багтсан анхны монгол тамирчин Senzu /М.Азбаяр/ “The Mongolz” багийн бүрэлдэхүүнээс гарч Украины “Passion UA” багт нэгдээд байгаа. Өнгөрөгч оны сүүлийн Major тэмцээний өмнөхөн “The Mongolz” багийн зүгээс тоглогч Senzu-г сэлгээнд шилжүүлж, тэр цагаас хойш түүнийг өөр багт тоглох яриа гарч эхэлсэн. Уг мэдээллийн араас Senzu 2025 оны шилдэг 20 тоглогчийн 13 дугаар байрт жагссан. Senzu-г багтаа нэгтгэх шуугианд хэд хэдэн баг яригдаж байсан ч PASSION UA түүнийг багтаа авч чадсан билээ.
Энэ удаагийн 23-р улирлын онцлог нь гурван шатны эхний 2 шат нь онлайнаар болно. Харин The MongolZ багийн хувьд тэмцээний II шатнаас буюу гуравдугаар сарын 6-аас тоглолтоо эхлүүлэх юм.