НИТХ-ын ээлжит бус X хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд уг асуудалтай холбоотойгоор эдийн засаг, хот байгуулалт, өмчийн удирдлагын чиглэлээр нийт 10 асуудлыг багцлан авч үзсэн юм. Хэлэлцэж буй асуудлуудын хүрээнд төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, төсвийн тодотголын үр нөлөө, хэрэгжилтийн талаар асуулт асууж, хариулт авлаа.
Нийслэлийн Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт: Хотын 2026 оны төсвийг ердөө хоёр сарын өмнө хоёр удаагийн хэлэлцүүлэг хийж баталсан. Төсвийн тухай хуульд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ тогтвортой байдлыг хангах мөн хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж тодорхой заасан байдаг. Түүнчлэн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалж орлого буурах, эсвэл зарлага нэмэгдэж алдагдал өсөхөөр бол зардлаа танах, эсвэл орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх замаар тодотгол хийж тэнцвэржүүлэх ёстой гэж хуульчилсан.
Энэ удаагийн төсвийн тодотголын хувьд нэмэгдэж буй зардлыг нийслэлийн бүтээн байгуулалтын ажлаас төвлөрсөн орлогоор санхүүжүүлэхээр тусгасан нь татвар төлөгчдөд шууд дарамт учруулахгүй шийдэл болсон гэж харж байна. Энэ бол сайшаалтай зүйл.
Гэхдээ нөгөө талдаа хотын гүйцэтгэх засаглал, ялангуяа төсвийн тооцоолол хийж, төсөл боловсруулсан албан тушаалтнуудын хариуцлага сул байна. Хоёрхон сарын дараа дахин тодотгол хийх нөхцөл үүссэн нь анхны тооцоо, төлөвлөлт хангалттай нягт байгаагүйг илтгэж байна. Цаашид орлого, зарлагаа бүрэн тооцоолоогүй, дутуу судалсан төсвийн төсөл өргөн баригдаж, ийм нөхцөл байдал дахин давтагдах ёсгүй гэдгийг хатуу анхааруулж байна.
Дүүргүүдийн нийслэлд төвлөрүүлэх татварын татаас нэмэгдсээр байна
НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан: Өнгөрсөн онтой харьцуулахад дүүргүүдийн нийслэлд төвлөрүүлэх татварын татаас мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийнх 12.5 хувиар, Хан-Уул дүүргийнх 13.5 хувиар өссөн. Харин Баянзүрх дүүргийн хувьд 27.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өнгөрсөн жил төвлөрүүлж байсан хэмжээнээсээ 44 хувиар, бараг 50 хувьд хүрэхүйц өссөн байна. Ийм огцом нэмэгдүүлэлт хийж байгаа нь зөв шийдвэр гэж харагдахгүй байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 1.7 сая иргэний төсвийн асуудлыг шийдэж байгаа хоёр шатны хэлэлцүүлгийн явцад дорвитой санал шүүмжлэл, нээлттэй хэлэлцүүлэг бараг өрнөхгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, зөвхөн Баянзүрх дүүргийн хувьд 27.2 тэрбум төгрөгийг нэмэлтээр татварын татаас болгон төвлөрүүлэхээр оруулж ирж байна. Татаасыг нэмэгдүүлжээ. Гэхдээ тэр мөнгийг юунд зарцуулах гэж байгааг харвал илүү анхаарал татаж байна. Төсөвт Агросити хотын бүтээн байгуулалтад 2 тэрбум, Хан-Уул дүүргийн сургуулийн тоног төхөөрөмжид 1 тэрбум, нийслэлийн явган замд 8 тэрбум, адууны наадам зохион байгуулахад 4.5 тэрбум, ОСНАА-д 5 тэрбум, захирагчийн ажлын албанд 4 тэрбум, Агроситигийн хүлэмжид 2 тэрбум төгрөг тусгасан байна.
Баянзүрх дүүргийн иргэдийн төлсөн татвараар яагаад адууны наадам зохион байгуулах ёстой гэж. Үүний оронд дүүргийнхээ нэн шаардлагатай асуудалд зарцуулах ёстой биш үү. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт долоон хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нийслэлийн төсвөөр баригдаж байхад Баянзүрх дүүрэгт ийм төрлийн хөрөнгө оруулалт бараг байхгүй байна. Энэ бол иргэдийн эрх ашгийн асуудал юм.
Мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэлд нийслэлийн төрийн сангийн байгууллага хэт оролцож, 214 тэрбум төгрөгийг сар бүр хуваан төвлөрүүлэхийг шаардаж, биелүүлэхгүй бол дансыг хаах хүртэл арга хэмжээ авч байгаа нь зохистой хандлага биш.