Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр гуравдугаар сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, жавартай хүйтэн байхыг анхаарууллаа.
Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуурга ширүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд Алтайн өвөр говь болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, гуравдугаар сарын 1-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Харин 2-нд баруун аймгуудын зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд зүүн хагаст, 4-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 5-нд Халх голын хөндийгөөр, 6-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 7-нд зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхины тухайд хоёрдугаар сарын 28-нд нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 1-нд Алтайн уулархаг нутгаар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, тал, хээрийн бүсээр секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бөгөөд нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна. Агаарын температурын хувьд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүсийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар сарын 6-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч аажмаар суларна.