Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Меланиа Трамп НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргална

Меланиа Трамп НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргална
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 27
АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг ээлжит журмаар нэг сарын хугацаанд даргалах болсонтой холбоотойгоор тэргүүн хатагтай Меланиа Трамп даваа гарагт тус зөвлөлийн хуралдааныг даргална гэж Цагаан ордон мэдэгдлээ.
“Зөрчилдөөн дундах хүүхдүүд, технологи ба боловсрол” сэдэвт уг хуралдаанаар боловсролыг тэвчээр, ойлголцлыг бэхжүүлэх, дэлхийн энх тайвныг дэмжих хэрэгсэл болгон онцлон хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Нью-Йорк хотод төвтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 15 гишүүнтэй бөгөөд энэхүү хуралдаан нь АНУ-ын одоогийн тэргүүн хатагтай анх удаа зөвлөлийг даргалж буй тохиолдол болж байгаа юм.
Гуравдугаар сарын 2-нд болох уулзалтад АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Волц, Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид болон олон улсын бусад оролцогчид оролцоно. Волц олон нийтийн сүлжээнд “АНУ-ын даргаллын хугацааг тэргүүн хатагтай нээх гэж буйд бид баяртай байна” хэмээн бичжээ.
Меланиа Трамп сүүлийн жилүүдэд Орос–Украины дайны үеэр Орост руу хүчээр авч явсан гэж үздэг Украины хүүхдүүдийг эх оронд нь буцаах асуудалд анхаарч ирсэн. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард зарим хүүхэд гэр бүлтэйгээ эргэн уулзсан талаар мэдэгдэж байв.
Ерөнхийдөө Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг тухайн улсын НҮБ-д суугаа Элчин сайд эсвэл Засгийн газрын өндөр албан тушаалтан даргалдаг уламжлалтай. Өмнө нь АНУ-ын тэргүүн хатагтай Элеанор Рузвельт НҮБ-д чухал үүрэг гүйцэтгэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг боловсруулахад оролцож байсан ч албан тушаалдаа байхдаа Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаагүй.
Энэ үйл явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын НҮБ-д хандах шүүмжлэлтэй байр суурийн дунд болж байна. Тэрбээр НҮБ-ыг “үр ашиггүй” хэмээн шүүмжилж, АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц зэрэг зарим байгууллага, гэрээнээс гаргах шийдвэрүүдийг гаргаж байсан. Мөн Палестины дүрвэгсэдтэй ажилладаг НҮБ-ын байгууллагуудын санхүүжилтийг танасан юм.
Түүнчлэн, Трамп өнгөрсөн долоо хоногт “Энхийн зөвлөл” хэмээх шинэ санаачилгынхаа анхны уулзалтыг зохион байгуулсан нь НҮБ-д өөр хувилбар бий болгох оролдлого гэж олон улсын хүрээнд тайлбарлаж байна. Энэ нь зарим улсын удирдагчийн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн