"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Нүүрсний үнэ зургаан жил дэх хамгийн доод түвшинд хүрэв
Монгол Улсын стратегийн томоохон ордын нэг болох Тавантолгойн бүлэг ордыг ашиглагч “Эрдэнэс Тавантолгой" ХК нь нийт экспортын орлогын томоохон хэсгийг бүрдүүлдэг. Уг компани өнгөрсөн онд 30.3 тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулж, 28.8 сая тонныг экспортолж, 1.7 их наяд төгрөгийн орлого олжээ. Энэ нь 2024 оныхтой харьцуулбал олборлолт, борлуулалтын хэмжээ 0.2-2 хүртэлх хувиар, орлогын хэмжээ 50 гаруй хувиар агшжээ. Гол шалтгаан нь БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний үнэ огцом буюу өмнөх оныхоос хоёр дахин унасан явдал. Тухайлбал, БНХАУ-ын Ганцмод боомт дээр гэхэд нэг тонн хатуу коксжих нүүрсний үнэ 700 юань буюу 100 орчим доллар болтлоо буурчээ. Үүний нөлөөгөөр манай улсад оны эхний хагас тэр дундаа тав болон зургадугаар сард үнэ сүүлийн зургаан жилийн хугацаан дах хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр долоодугаар сараас хойш борлуулалт, олборлолт тодорхой хэмжээнд өссөн. Хамгийн уналттай сар болох зургадугаар сард нийт 0.9 сая тонн буюу 858 мянган тонн нүүрс борлуулж байсан бол 12 дугаар сард хамгийн өндөр буюу нийт 3.9 тонн нүүрс худалдаалжээ.

10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг олгожээ