Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугаас 1072 хувьцааны ногдол ашиг болон нээлттэй компани болохын ач холбогдлын талаар тодрууллаа.
-Ер нь нээлттэй компани болохын ач холбогдол нь юу вэ?
-Ерөнхийдөө нээлттэй хувьцаат компани болно гэдэг нь хувьцааг хоёр дагч зах зээлд нээх тухай асуудал шүү дээ. Их хурал руу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас дотоод хяналт оруулаад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн. Хаврын чуулганаар энэ тогтоол цаашаа үргэлжлээд их хурал дээр хэлэлцэгдээд явах байх. Бид нээлттэй компани болохын тулд олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлж байна. Засгийн газраас 2025 онд үүрэг чиглэл өгсний дагуу энэхүү ажлыг нэг сард эхлүүлж, одоо 20 гаруй хувьтай, ирэх зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна. Үндсэндээ манай компанийн бүхий л үйл ажиллагааны үе шатуудаар хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргана гэсэн үг. Энэ дүгнэлттэй зэрэгцүүлээд “Тавантолгой”-н ордын нэгдсэн ТЭЗҮ-г шинэчлэн батлуулах ажлыг өнгөрсөн жил хэлэлцүүлсэн. Тайлан дүгнэлтээ бэлэн болгосон бөгөөд одоо “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр батлуулах гээд ажиллаж байна. Бид өнгөрсөн онд ордын нөөцийг 8.1 тэрбум болгож шинэчлэн батлуулсан. Энэ хүрээндээ тус компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээг хийхэд үнэлгээ маань энэ чигээрээ өснө гэсэн үг.
Сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлтийг аваад үзэл манай бизнесийн үнэлгээ жилд дунджаар нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна. Энэ нь нэгж хувьцааны хөрөнгийн болон бизнесийн үнэлгээгээр гарч ирэхэд гол чухал үзүүлэлт болдог. Эдгээрийг хийж хэрэгжүүлснээр иргэдийн хувьцааны үнэ цэн өснө. Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрт нэг сая төгрөгийн үнэлгээтэй хөрөнгө буюу 1072 ширхэг хувьцаа өгсөн. Энэхүү тогтоолоор тус хөрөнгийг захиран зарцуулах эрхийг төр хязгаарласан. Тэгэхээр 933 төгрөг гэдэг маань 10 гаруй жилийн өмнөх үнэлгээ байна шүү дээ. Яг одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн балансын үнэлгээгээр аваад үзвэл 933 төгрөг гэдэг нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талаас эрсдэлүүд байгаа. Иргэдийн санхүүгийн боловсрол мэдлэг ямар байгаа вэ, 1072 хувьцаа гэдэг зүйл гарч ирснээс хойш ямар ч байсан нэрийн дансаа нээлгэх ажиллагаа бусад улсуудтай харьцуулахад маш өндөр түвшинд хүрсэн.