Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан автомашин мөсний “хар хил”-д орсны улмаас хоёр иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ө.Б-ийн эзэмшлийн УАЗ “Пургон” загварын автомашин нуурын мөсөн дээгүүр явах үедээ мөсний хар хил рүү орж, улмаар живсэн байна. Ослын үед тээврийн хэрэгсэлд нийт долоон хүн зорчиж явснаас нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж, таван иргэн эсэн мэнд гарчээ.
Дуудлагыг 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 20:16 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай очиж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Мэргэжлийн байгууллагын зүгээс мөсний “хар хил” нь урсгал, усны хөдөлгөөн, температурын хэлбэлзлээс шалтгаалан мөсний зузаан жигд бус, даац сул хэсэг үүсдэг аюултай бүс болохыг анхаарууллаа. Иймд иргэдийг мөсний зузаан, даацад хэт итгэхгүй байх, баталгаагүй болон зөвшөөрөгдөөгүй мөсөн дээгүүр автомашинаар зорчихгүй байх, анхааруулга, хориглолтын тэмдэг, зааврыг чанд мөрдөхийг зөвлөж байна. Ялангуяа оройн цагаар болон цаг агаарын огцом дулааралтын үед мөсний даац буурч, ослын эрсдэл нэмэгддэг тул аль болох баталгаатай зам, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа нэн тэргүүнд хангахыг Онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ.