Монгол Улсаас ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэлтэй, баримтат 11 өв бий. Үүний нэг нь Бурхан багшийн зарлиг сургаалуудыг эмхэтгэн төвд хэлнээ орчуулсан Ганжуур зарлигийн хураангуй хэмээх хөлгөн судар юм. Энэхүү судрын иж бүрнээр нь болгомол хар цаасан дээр алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, тана зэрэг есөн эрдэнээр бичсэнээрээ онцлог. Есөн эрдэнийн Ганжуур судар нь 1800-аад оны үед бүтээгдсэн хэмээн үздэг бөгөөд Их хүрээний Дашчоймпэл дацанд залж байсныг 1938 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд шилжүүлжээ. Энэ нь тухайн үеийн олон арван алдартай бичгийн мэргэд, урчууд өөрсдийн гараар бурхан шүтээн, тахилын уран тансаг хээ угалз сэлтийг нь бүтээсэн цорын ганц хосгүй бүтээл гэж тооцогддог. Дэлхийд есөн эрдэнээр бичигдсэн ном, судар байдаг ч бүх ботийг нь иж бүрнээр буюу хуудас бүрийг нь есөн эрдэнээр урласан өв ховор байдаг аж. Иймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад, 2013 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн Дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад тус тус бүртгэгджээ.Одоогоор Монгол Улсын Үндэсний номын санд тус судрын 110 боть хадгалагдаж байна. Тэгвэл энэхүү судрын онцлог хийгээд эрт үеийн мэргэдүүд хэрхэн есөн эрдэнээр хэрхэн ном судар бичдэг байсныг Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгч Б.Отгонтуяагаар тодрууллаа.