Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын COP17 хурлыг зохион байгуулах эрхийг авсан билээ. COP17 хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Эл хурлаар НҮБ-ын гишүүн 197 орны төлөөлөгч, эрдэмтэн судлаачид дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа цөлжилт, бэлчээр газрын доройтол уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудлыг хэлэлцэн, гол шийдвэрүүд гаргана.
COP17 хурлыг зохион байгуулж байгаа орны хувьд Монгол Улсын Засгийн газраас уг хурлыг ирэх хоёр жил удирдах ерөнхийлөгчийг томилох боломж бүрдэж байгаа юм байна.
Монголын Засгийн газраас 2025 оны долдугаар сард COP17 хурлын ерөнхийлөгчөөр Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг томилсон. Гэхдээ Н.Учрал нь УИХ-ын даргаар сонгогдсон учраас COP17-ын ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй болсон тул Засгийн газраас COP17 хурлын дараагийн ерөнхийлөгчийг томилох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх аж.
Өмнөх 16 удаагийн COP-ийн хурлыг харахад, энэхүү хурлын ерөнхийлөгчид 14 удаа Байгаль орчны сайд, хоёр удаа Гадаад харилцааны сайд томилон ажиллуулж байжээ. Харин Монгол Улсын хувьд COP17 хурлын ерөнхийлөгчөөр ямар түвшний хүн томилохоо шийдээгүй байгаа бололтой.
Саяхан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад ажиллаж, COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцаад буцсан. Тэрээр цөлжилттэй тэмцэх асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзсан бөгөөд энэ үеэр "танайх Ерөнхийлөгчөө урдаа гаргаж, энэ хуралд манлайлуулж оролцуулах" тухай саналыг илэрхийлсэн байна.
Өмнөх COP-уудын жишиг болон үндсэн чиг үүргийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаа урдаа гаргаж, COP17 хурлын ерөнхийлөгчөөр сонгох боломжтой ч Засгийн газраас одоогийн сайд Б.Батбаатарыг томилохгүй гэж үзэж байгаа юм байна. Товчхондоо, МАН өөрийн хүнээ COP17 хурлын ерөнхийлөгчөөр томилно гэдгээ ил, далдаар Б.Батбаатар сайдад илэрхийлсэн байна.
Тэгэхээр үлдсэн сонголт нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг байх магадлалтай. Мөн албан тушаалын эрэмбээр одоогийн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, эсвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг томилох магадлалтай юм.
Хамгийн гол нь COP17 хурлын ерөнхийлөгч нь ирэх хоёр жил дэлхийн дахины цөлжилт, газрын доройтол зэрэг асуудлаар олон улсад ажиллах учраас тогтвор, суурьшилтай, харилцаа хандлагын хувьд олон улсын түвшинд яриа хэлэлцээ хийх чадвартай, өндөр боловсролтой байх зэрэг шаардлагатай нүүр тулна. Ганцхан Монгол Улсад ажиллаж амьдрахгүй, дэлхийн дахинд болж буй цөлжилт, уур амьсгалын хурал зөвлөгөөнд оролцож, өндөр хэмжээний яриа хэлэлцээр хийх эрхтэй хариуцлагатай ажил. Тиймээс COP17 хурлын ерөнхийлөгчид улс төрийн карьераа хойш тавьж, олон улсад үнэлэгдэж ажиллах хүнийг томилох үүрэг Монголын Засгийн газарт ногдож байна гэсэн үг.
COP-ийн ерөнхийлөгчийн томилгоо, бүрэн эрх, үүрэг
COP-ийн ерөнхийлөгчийг тухайн хурлын нээлтийн нэгдсэн хуралдаанаар Талууд албан ёсоор сонгож баталгаажуулдаг. COP нь хоёр жил тутам хуралддаг тул сонгогдсон Ерөнхийлөгч тухайн COP-оос дараагийн COP хүртэл буюу ойролцоогоор хоёр жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн манлайлал нь зөвхөн чуулганы үеэр бус, COP хоорондын хугацааг бүхэлд нь хамардаг.
Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг, хариуцлага
Нэгдүгээрт, чуулганыг даргалж, хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулж, журам мөрдөгдөж байгаа эсэхийг хангана. Тэрээр талуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх чухал үүрэгтэй бөгөөд албан ёсны хуралдааныг нээж, хаана мөн COP-ийг төлөөлөн мэдэгдэл хийдэг.
Хоёрдугаарт, COP хоорондын хугацаанд шийдвэрүүдийн хэрэгжилтийг урагшлуулахад манлайлал үзүүлнэ. Үүнд Талууд, оролцогч талууд, UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллах, дараагийн COP-ийн бэлтгэлийг хангах, конвенцын зорилтыг олон улсын түвшинд сурталчлах зэрэг багтана.
Гуравдугаарт, ерөнхийлөгч нь олон улсын тавцанд COP-ийг төлөөлж, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, гангийн эрсдэлийг даван туулах чиглэлээр улс төрийн дэмжлэг, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оролцдог.