Даалин урлал нь Монгол Улсын нүүдэлчин ахуйтай салшгүй холбоотой. Энэхүү урлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа даалин урлаач Л.Бүжинтэй ярилцлаа.
-Хэзээнээс даалин урлаж эхэлсэн бэ. Энэ түүхээ бидэнтэй хуваалцаач?
-Хүүхэд байхдаа гарын дүйтэй, дэрний уут, орны даавуу зэргээр хатгамал хийдэг байсан. 17 настай, ахлах ангийн сурагч байхад маань технологийн багш ангийн бүх охинд зүү ороох оёдол зааж өгч байсан. Дараа нь өөр хүнээр заалгаж байгаагүй. Тэрнээс хойш дүүтэйгээ хамт оёдлоо түлхүү сурж, загвар гаргаж үзэж байсан. Өөрөө хүсээд хийхэд өнгөний зохицол болон хийц гаргах нь их сониорхол татаж байсан. Оёдлуудаа хичээнгүйлэн сураад, анхны оёсон даалингаа өвөөдөө өгж байсан. Одоо бол бага байнга захиалга авч, тасралтгүй 22 жил даалин урлаж байна. Би эмч мэргэжилтэй бөгөөд ажлынхаа хажуугаар тасралтгүй даалингаа урладаг.
-Бүтээсэн даалингаа зах зээлд гаргаж байгаа юу. Ер нь ямар оёдол шингэсэн даалинг сайн, уран болсон гэж үздэг вэ?
-Хийц сайтай даалинд 10 гаруй төрлийн оёдол ордог. Их нарийн оёдол шаардлагатай учраас оёдлын машинаар оёдоггүй. Нэг даалинг угалз, захиалгаас нь хамаарч хоёр сараас хоёр жилийн хооронд урлаж дуусдаг. Одоогийн байдлаар миний захиалга хоёр жилийн хүлээлттэй байгаа. Үндсэн ажлаа хийхийн хажуугаар дүүтэйгээ хамтран уралдагч амждаггүй. Хүний хэрэглээ, сонирхол, хийцээс нь хамаарч даалингаа илүү боловсронгуй болгодог.
-Өвөөдөө өгч байсан анхны даалингаа ямар материалаар хэрхэн урлаж байсан бэ?
-Анхны даалингаа минчүү болон хоргой торго хослуулан оёж байсан. Тэр үедээ багшийн зааснаар эмжээрийн адилхан өнгөөр уусгаад бүтээсэн байдаг. Одоогийх шиг зоосон сүлжмэл, загасан нуруу ороогүй. Энгийн зүү ороох оёдлоор хээнүүдээ оёоод, битүүлж хийсэн.
-Хамгийн хэцүү оёдолтой даалинг хэр хугацаа шаардаж урлаж байсан бэ?
-Даалин урлал ур чадвар, нарийн нямбай ажиллагаа шаардсан бүтээлч хөдөлмөр. Даалин хийхдээ эхлээд загвар эсгэж, дараа нь материалаа бэлтгэн, хээгээ зураад хатгамал оёдлоор чимэглэнэ. Ингэхдээ өнгөний зохицол, хээний тэнцвэр, хийцийн бат бөх байдлыг чухалчилдаг. Өнгө загвараа гаргаад булан, эмжээр, их биеийн хэсгийг залгаж хийдэг. Ихэвчлэн зүү ороох хээгээр оёдог. Залгаасны хэсгээ хийхдээ давхар зүү ороох оёдлыг ашигладаг. Зарим тохиолдолд зоосон сүлжмэлээр дарж, оёж болдог. Зөвхөн энийг хийхэд цагаа зарцуулбал сар гаран болно. Даалин урлаач хүн тэвчээр, уран сэтгэмж, уламжлалт мэдлэгийг хослуулсан байх шаардлагатай.
Даалин урлал нь Монголын уламжлалт гар урлалын нэгэн чухал төрөл бөгөөд ахуй хэрэглээ, гоо зүй, бэлгэдэл утгыг хослуулсан өв соёлын илэрхийлэл. Энэ нь зөвхөн эд зүйл төдийгүй тухайн хүний нас, хүйс, нийгмийн байр суурь, нутаг усны онцлогийг илтгэн харуулдаг. Сүүлийн үед хүмүүс даалин урлах нь элбэг болсон. Үндэсний баяр наадмаар хөөргөөр тамхилах ёстой уялдуулан хүйс хамаарахгүй хэрэглэдэг болсон нь сайшаалтай.
-Өөрсдөө шинэ даалингий загвар гаргахад хэр уддаг вэ?
-Шинэ даалингий загварыг дүүтэйгээ хамт гаргадаг. Хамтдаа шинэ санаа гаргахдаа нэлээд удна. Байдаг хээнүүдийг хооронд нь нийлүүлэн хурдан загвар гаргах тохиолдол бий. Заримдаа захиалагчийн хэрэглээнд нийцүүлэн шинээр загвар зурах тохиолдол байдаг.
-Та ихэвчлэн ямар материал, хээ угалз ашиглан даалингаа урладаг вэ?
-Би өмнө нь хүр хорхойн торго ашигладаг байсан. Одоо ихэнхдээ япон торго ашиглаж байгаа. Гадна талыг нь уран хатгамал, зээгт наамал, өлзий хээ, түмэн наст хээ, үүлэн хээ зэрэг уламжлалт хээ угалзаар урладаг. Эдгээр хээ угалз бүр нь тодорхой утга бэлгэдэлтэй. Тухайлбал, өлзий хээ нь бат бөх, эв нэгдлийг, түмэн наст хээ нь урт нас, мөнх оршихуйг, үүлэн хээ нь аз хийморь, дээдийн ивээлийг илэрхийлдэг.
-Даалин шинээр урлаж, сурж байгаа хүмүүст өгөх зөвлөмж байгаа юу?
-Монгол хүмүүс гараар юм оёх өгөгдөл өвөг дээдсээсээ байдаг гэж би боддог. “Би хөх зүү хөндлөн барьж үзээгүй” гэсэн мөртлөө оёж үзэхээрээ илүү дурлаад, сайхан болгох гэж хичээдэг. Сүүлийн үед эрэгтэй хүмүүс ч даалин урлах нь элбэг болсон. Хүмүүс даалин урлахыг шинээр сурахдаа өөрийгөө болохгүй байна гэж бодоод байдаг. Яг үнэндээ гартаа зүгшрүүлэхэд л дадал болоод үлдэнэ.
Монгол Улсын бүх аймаг, ястан бүр даалин урлалын хийц, өнгө, хээ угалзын хувьд өөр өөр онцлогтой. Баруун бүсэд өнгөний хурц, тод зохицол давамгай байдаг бол Төв халхын хийц илүү даруу, тэгш хэмтэй байдаг. Өмнө зүгийн нутгаар савхи, арьсан материал түлхүү ашигладаг уламжлалтай. Энэ нь тухайн бүс нутгийн байгаль, ахуй амьдрал, зан заншилтай холбоотой.
Даалин урлахад зээгт наамал, товойлгон оёх, хатгамал оёдол гэсэн аргуудыг хэрэглэдэг. Үнэхээр сурах эрмэлзэлтэй бол сураарай л гэж зөвлөмөөр байна.