Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

9 хүний аминд хүрсэн сургуулийн халдлагын сэжигтэн 18 настай эмэгтэй байжээ

9 хүний аминд хүрсэн сургуулийн халдлагын сэжигтэн 18 настай эмэгтэй байжээ
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 12
Канадын баруун хэсэгт орших Британийн Колумби мужид болсон сургуулийн зэвсэгт халдлагын улмаас есөн хүн амиа алдаж, 27 хүн шархадсан талаар цагдаа нар мэдээллээ.
Уг халдлагыг үйлдсэн этгээд нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай 18 настай Жесси Ван Рүүтселаар гэх эмэгтэй байсан бөгөөд тэрээр сургууль руугаа халдахаас өмнө ээж болон хойд дүүгээ гэртээ хөнөөсөн байна. Хэргийн шалтгааны талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Халдлага мягмар гарагт 2400 орчим хүн амтай алслагдсан Тамблер Риж сууринд болсон юм. Сэжигтэн халдлагын дараа өөрийн амийг егүүтгэсэн бөгөөд нас барсан хүний тоог анх мэдээлснээс нэгээр бууруулж, нийт ес болгосон байна. Британийн Колумби дахь Канадын Хатан хааны морьт цагдаагийн газрын орлогч комиссар Дуэйн МакДоналдын хэлснээр, сэжигтэн өмнө нь Мужийн Сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн дагуу хэд хэдэн удаа үнэлгээнд хамрагдаж байсан аж. Тэрээр уг сургуульд өмнө нь суралцаж байсан ч дөрвөн жилийн өмнө сургуулиа орхисон байна.
Канадад сургуулийн буут халдлага маш ховор тохиолддог. Ерөнхий сайд Марк Карни нулимс дуслуулан “Бид энэ бүхнийг даван туулна. Энэ явдлаас сургамж авна” хэмээн мэдэгдэж, Европ руу хийх айлчлалаа хойшлуулж, төрийн бүх байгууллагын тугийг долоо хоногийн турш хагас буулгах шийдвэр гаргажээ. Тэрээр Тамблер Рижийг “уурхайчид, багш нар, барилгын ажилчид амьдардаг, бие биедээ үргэлж тусалдаг Канадын хамгийн сайн сайхныг илэрхийлсэн хот” хэмээн тодорхойлсон байна.
Жижиг сууринд болсон энэхүү хэрэг оршин суугчдыг гүн цочроожээ. “Энд бүгд бие биенээ мэддэг. Хүмүүс гэр, машинаа түгждэггүй. Хөршийндөө шууд орж болдог газар” гэж оршин суугч Жордон Косик ярьсан байна. Цагдаа нар хоёр жилийн өмнө тухайн гэрээс галт зэвсгүүдийг хураан авсан ч эзэмшигчийн давж заалдах гомдлын дагуу буцаан олгосон байна. Сэжигтний галт зэвсгийн лиценз 2024 онд дууссан байжээ. Канадад галт зэвсгийн хууль АНУ-аас хатуу боловч зөвшөөрөлтэй иргэд зэвсэг эзэмших боломжтой. 12–17 насныхан аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, шалгалт өгснөөр насанд хүрээгүй хүний лиценз авах боломжтой байдаг.
Энэхүү халдлага нь Канадын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн хэргүүдийн нэгт тооцогдож байна. 2020 онд Нова Скошиа мужид нэг этгээд цагдаагийн дүрд хувирч 22 хүнийг хөнөөсөн бол 1989 онд Монреал хотод нэгэн этгээд 14 эмэгтэй оюутны аминд хүрч байсан юм.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн