Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ц.Батбаатар: Энэ жил ч бас ЭМДС-гийн орлого бүрдүүлэлтэд эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй

Ц.Батбаатар: Энэ жил ч бас ЭМДС-гийн орлого бүрдүүлэлтэд эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 12
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ЭМДС-д өнгөрсөн онд хуримтлагдсан эрүүл мэндийн байгууллагуудын өрийг энэ оны зургаан сард багтаан үе шаттайгаар барагдуулна гэж мэдээлсэн. ЭМДС-д үүссэн өр болон хэрхэн барагдуулж буй талаар ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатараас тодрууллаа.
ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар: 2025 онд ЭМДС-гаас гаргаж байгаа тусламж үйлчилгээ худалдан авахдаа тодорхой хязгаарлалтын бодлого хэрэгжүүлсэн. Үүнийг хэрэгжүүлээгүй бол жилийн эцсийн байдлаар даатгалын сан 520 орчим тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарахаар байсан. 2025 оны жилийн эцэст ЭМДС нийт 220.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй гарсан. Үүний 113.6 тэрбум нь лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, 32.6 тэрбум нь анхан шатных, 26.3 тэрбум нь эмийн сангуудад үүссэн өр. Өр үүссэн шалтгаан нь эмнэлгүүдээс ирж буй нэхэмжлэлийн гүйцэтгэл бидний баталж өгсөн төсвөөс давсантай холбоотой. Нэг ёсондоо эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээ давуулж ирүүлсэн гэсэн үг. Бид үүнийг 2026 оны эхний зургаан сард үе шаттайгаар барагдуулах төлөвлөгөө гаргаад явж байна. Ингэхдээ нийт өрийн 60 хувийг эхний хоёр сард барагдуулсан. Нөгөөтээгүүр төлбөр үүсэж байгаа шалтгаан дээр ойлгох хэрэгтэй нэг зүйл бий. Эрүүл мэндийн байгууллагууд дээр 2022 оноос эхлээд хуримтлагдсан өр төлбөр үүсчихсэн явж байна. Одоо лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгуллагуудад 143.6 тэрбум төгрөгийн өр төлбөр байхад эм ханган нийлүүлж буй компаниуддаа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд нь 300 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөртэй. Үүнээс үүдээд оны эцэст эм тасалдах эрсдэлүүд үүсээд байна.
Эрүүл мэндийн даатгалын сан бол бүх өвчний эмчилгээ, эмийн бүх зардлыг даадаг сан биш. Эрүүл  мэндийн даатгалын төсөв өөрөө хязгаартай. Батлагдсан төсвийн хүрээндээ зарцуулагддаг. Өнгөрсөн жилд эрүүл мэндийн байгууллагууд дээр сангийн тэнцэл алдагдах орлогын тэнцэл алдагдахтай холбоотойгоор санхүүжилтийн эрсдэлүүд үүссэн. 2025 оны аравдугаар сараас хойш гүйцэтгэлийн санхүүжилтийг тогтмол хугацаанд нь олгоод явж байгаа.  Мөн нэгддүгээр сарын гүйцэтгэлийн санхүүжилтийг ч гэсэн урьдчилгаа хэлбэрээр хугацаанд нь олгож байгаа.
Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого дөрвөн эх үүсвэрээс бүрдэж байгаа. Үүний нэг нь ажилтан, ажил олгогчоор нийгмийн даатгалын шимтгэл төлөж байгаа төлбөрөөс нийт 4 хувийг олгодог. Өнгөрсөн жилийн 15 хувийн орлогын тасалдлын нөлөөлөл нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого дутуу төвлөрсөнтэй холбоотой гарсан. Өнгөрсөн жил 2.4 их наяд төгрөгийн орлогоор баталсан бол энэ онд 2.7 их наядаар батлагдсан. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор орлогын бүрдүүлэлтэд эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Зарцуулалтыг зөв төлөвлөх нь маш чухал.
 
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн